Таван машины хохирлыг барагдуулна гэв

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

Таван машины хохирлыг барагдуулна гэв

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, Сансарын тунелиэс доош  МУИС руу уруудах замд “Сансар-III, IV хороолол” чиглэлийн УНА 45-07 дугаартай нийтийн тээврийн том оврын автобус найман автомашин мөргөсөн осол өнгөрөгч мягмар гаригт гарсан билээ. Осол гаргасан автобус нь “Тэнүүн-Огоо” компанийн тээврийн хэрэгсэл байсан бөгөөд жолооч нь Д.Бэлгэдэмбэрэл гэгч 10 гаруй жил нийтийн тээврийн хэрэгсэл жолоодсон туршлагатай хүн байжээ. Тэрбээр ослын дараа өгсөн мэдүүлэгтээ “20-30 км/цагийн хурдтай явж байхад халтирсаар байгаад осол гаргасан. Гэнэтхэн тоормоз барихаа больчихсон” хэмээн мэдүүлээд байгаа. Уг хэргийг Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Албаны эх сурвалжийн мэдээллээр осолд өртсөн машинуудад үнэлгээ хийж, эхний ээлжинд таван автомашины нөхөн төлбөрийг төлөх шаардлагыг “Тэнүүн-Огоо” компанийн удирдлагад хүргүүлжээ. Улмаар компанийн зүгээс дээрх таван машины нөхөн төлбөр болох 10 сая төгрөгийг төлнө гэдгээ хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлсэн билээ. Харин осолд өртсөн бусад гурван машины хохирлыг жолооч өөрөө төлөхөөр болсон тухай эх сурвалж мэдээлсэн юм. Тэдгээр нь хамгийн их хохирол амссан “Hyundai Starex” болон “Hyundai Accent” зэрэг гурван автомашин аж. Одоогоор дээрх гурван машинд үнэлгээ хийлгэж амжаагүй байгаа бөгөөд “Starex” маркийн автомашин засвар авах бараг боломжгүй болсон гэнэ.

Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж