О.Уянга: Таргалах эрх байхгүй

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

О.Уянга: Таргалах эрх байхгүй

Монголын загварын ертөнцөд өөрийн байр сууриа эзэлсэн, 2009 оны топ модель О.Уянгатай ярилцлаа. Тэрбээр маргааш өмнөд хөрш рүү явах гэж байгаа гэсэн. Гэрээгээр загвар өмсөхийн зэрэгцээ, сурч байгаа аж. Топуудаас түүнийг боловсролтой, даруухан нь хэмээн үнэлдэг. Та ярилцлаганаас ямархан хүн болохыг нь сонирхоорой.

-БНХАУ-д ямар мэргэжлээр сурч байна вэ?

-2009 онд Хятадын Намнинг хотод болсон моделуудын тэмцээнд нэгдүгээр байр эзэлж, тус тэмцээний шүүгчдийн саналаар “Чаяна Битлинг” компанийн агентлагт гэрээгээр загвар өмсөгчөөр ажиллах болсон.

-Хэдэн жилийн гэрээтэй вэ?

-Гурван жилийн гэрээ үлдсэн. Гэрээгээр ажиллаж байгаа ч мэргэжил минь болохоор сайхан байдаг.

-Мөнгө авахаар бүр сайхан биз. Хэдэн төгрөгийн гэрээ байгуулсан бэ?

-Хүнд мөнгө чухал нь үнэн л дээ. Гэхдээ би тэр байгууллагад мөнгөний төлөө гэсэн сэтгэлтэй ажиллаж байгаа юм биш. Тиймээс хэлмээргүй байна.

-Энэ гэрээний шаардлагыг ямар шалгуураар хангасан бэ?

-Манай улсын загварын ертөнцийн чиг хандлага бусад оронд үл мэдэгдэхүйц байдаг. Гарын таван хуруунд багтахуйц улс л мэдэх байх. Тиймээс манай гоо бүсгүйчүүд бусад улсад гэрээгээр ажиллана гэдэг хэцүү. Иймд өөрийнхөө агентлагтай, тодорхой хэмжээний амжилт гаргасан байх шаардлагатай. Мөн энэ мэргэжлээрээ тууштай ажиллах чадах хүнийг авдаг юм билээ. Миний ажиллаж байгаа агентлаг ажилчдаа 180 см-ээс дээш өндөртэй, туранхай байхыг шаарддаг. Үүнд нь би нийцсэн байх. Бас үсээ тайруулж болохгүй. Тиймээс энэ үс минийх биш компанийх гэсэн үг шүү дээ (инээв).

-Урт үсийг арчлахад хэр хүндрэлтэй байдаг вэ?

-Би үсэндээ хэзээ ч хими хийлгэж үзээгүй. Индүүдэхээс ч зайлсхийдэг. Мөн олон шампуниар угаахгүй байхыг хичээдэг.

-Моделууд янз бүрийн өнгийн үстэй байдаг. Таных хар юм. Өнгийг нь компани заадаг уу?

-Үсний өнгө тэр бүр заадаггүй. Гэхдээ Азийн бүсгүйчүүдэд хар үс илүү зохидог. Цагаан, шар царайтай болохоор ялгарч харагддаг гэсэн үг л дээ.

-Гэрээгээ дуусгаад эх орондоо ирэх үү. Дээхнэ сэтгүүлч мэргэжлээрээ ажиллана гэж байсан…

-Юу ч гэсэн сургуулиа төгсч, гэрээнийхээ хугацааг өнгөрөөе. Дараа нь аль ч мэргэжлээрээ эх орондоо ажиллаж магадгүй.

-Чөлөөт цаг хэр гардаг вэ. Сая сурч байна гэж хэллээ. Ямар мэргэжил эзэмших гэж байна вэ?

-Гайгүй гарна аа. Залуу насныхаа сайхан мөчийг дэмий өнгөрөөхгүйн тулд Күнзийн их сургуульд олон улсын улстөрч мэргэжлээр магистрын зэрэг хамгаалах гэж байгаа. Хоёр хоногийн дараа (маргааш) буцна.

-Биеийн харьцаа хэд вэ?

-87:60:90. Жин 57 кг, өндөр 180 см. Ийм өндөр байж туранхай байгаад зарим хүн гайхдаг юм. Гэхдээ би өөрийгөө хамгийн эрүүл туранхай хүн гэж хэлдэг. Ингэж хэлж байгаагийн учир нь би 05:00 цагт босч бассейнд орж, 08:00 цагт хичээлдээ явдаг. Аль болох чөлөөт цаг гарвал гүйж, хөлсөө гаргадаг.

-Ийм эрт босох хэцүү биш үү?

-Хүүхэд байхаасаа л аавтайгаа эрт боссоор байгаад сурчихсан л даа. Нойр сэргэчихсэн юм чинь хэвтээд байлтай нь биш тэгээд л бассейнд орж, гүйж байтал хичээлийн цаг болчихдог юм.

-Та хүүхэд байхын өндөр, туранхай байсан уу?

-Өндөр байсан. Саяхан хүүхэд байх үеийнхээ зургийг харахад махлаг байсан юм билээ. Өвөө маань их өндөр. Тиймээс ген нь надад ууссан юм байлгүй дээ.

-Зарим хүн хэтэрхий туранхай байх нь муухай харагддаг гэдэг. Энэ үгийг та олон сонсч байсан байлгүй…

-Сонсолгүй яах вэ. Тайзан дээр бидний жин, өндөр болдог. Харин энгийн хүмүүсийн дунд орохоор хэтэрхий туранхайд ордог. Иймээс тэд ингэж хэлэхээс аргагүй л дээ. Бүгдээрээ мисс, тамирчин болж төрөхгүй юм чинь. Гэхдээ миний хувьд тэр том агентлагтай гэрээ байгуулчихаад заасан журмыг нь зөрчөөд таргалах эрх надад байхгүй. Мөн туранхай гэхээр манайхан гуалин мод шиг шувтан биетэй гэж ойлгодог. Энэ өрөөсгөл ойлголт. Эхлээд эмэгтэй хүний илтгэл болсон хөх, өгзөг том байх ёстой. Дараа нь бэлхүүс нарийн, гуя, гарны булчин чанга байх хэрэгтэй.

-Жин нэмэх гээд байх тал бий юү?

-Үргэлж бассейн, гүйлтээр хичээллэдэг болохоор тэр боломжийг нь би гаргадаггүй юм аа. Тэгээд ч амархан таргалдаггүй.

-Эх орондоо ирэлгүй хэр удсан бэ?

-Би чинь нүүдлийн шувуу шиг хүн шүү дээ. Жилд хоёр л удаа ирдэг. Хятад манай улстай ойр болохоор ирж, очиход амар байдаг. Даанч зав гардаггүй юм. Ирэх шаардлага гарвал загварын шоу, уулзалт энэ тэр гэж гүйсээр байгаад нэг мэдэхэд буцах цаг болчихдог.

-Загвар өмсөөд хэдэн жил болж байна вэ?

-Найман жил. Охид бүр загвар өмсөгч, онгоцны үйлчлэгч болохыг хүсдэг шүү дээ. Тэдний адил мөрөөдсөөр мөрөөдлөө биелүүлсэн.

-Та МИАТ компанид үйлчлэгч хийж байсан. Мэргэжлийн үнэмлэхээ хэзээ авсан бэ?

-Өнгөрсөн жил БНСУ-д сургалтад суу­гаад авсан.

-Онгоцны үйлч­лэгч байх нь танд илүү сайхан санагдсангүй юү?

-Миний амьдралын олон сайхан мөч тайзан дээр өнгөр­сөн болохоор тэр мэргэжлийг орхихоор шийдсэн. Топ модель хэмээх эрхэм цол хүртчихээд өөр мэр­гэжлээр ажиллавал муу­хай биз дээ.

-Хүмүүс дуу­чид, загвар өмсөгчдийг хоо­лой, биеэрээ л хоолоо олж иддэг. Түүнээс биш боловсрол муутай гэж ярьдаг. Үүнд ямар хариулт өгөх вэ?

-Цаашид хийх зүйлээрээ харуулахыг бодож байна. Дунд сургуулиа алтан медальтай, их сургуулиа улаан дипломтой төгссөн. Одоо сурч байгаа сургуулиа ч онц дүнтэй төгсөхөөр хичээж явна. Тиймээс ингэж ярьдаг хүмүүс намайг аль нэг газар ажиллах үед ямар боловсролтойг маань харна биз дээ.

-Анх загвар өмсөхөд хүндрэл гарч байв уу?

-Зургаа авхуулахдаа эгцэлж харж чаддаггүй бүрэг хүүхэд байлаа. Өөдөөс олон зурагчин зураг авахаас эхлээд олон бэрхшээлтэй зүйл тохиолдож байсан. Олон удаа тайзан дээр гарахаар нүүр хагарч, биеэ барихаа больж, больж, хувцас, биеэ үзэгчдэд зөв илтгэж чаддаг болсон.

-Ямар дизайнерийн хувцасыг өмсөх дуртай вэ?

-Манай улсын дизайнеруудын урласан хувцас жил ирэх тусам чанаржиж байгаа. Ялангуяа ноолуурын өнгө загварыг нь өөрчилж, ноолуур гэж харагдахааргүй хийж байна. Гоёлын хувцасыг ч сайхан хийдэг болж. Тиймээс аль ч дизайнерийг хувцасыг өмсөх дуртай. Тоочвол Биндэръя, А.Баянзул нарын хувцас таалагддаг.

-Ямар брэндийн хувцас өмсдөг вэ?

-Хүн гадаад дотоод үзэмжээ сайхан байлгах хэрэгтэй. Тэр тусмаа залуу хүн. Би үнэтэй хувцас гэхээс илүү өөрт тохирсоныг нь өмсөх дуртай.

-Чөлөөт цагаараа ямар хувцас сонгодог вэ?

-Хип хоп, рок. Хааяа шорт футболка өмсдөг. Дээл өмсөх ч сайхан.

-Танд ямар өнгө зохидог вэ?

-Цагаан. Саяхан хувцсаа угаагаад эвхсэн чинь 90 хувь нь цагаан өнгөтэй байсан. Энэ өнгө зөв энерги түгээж байдаг болохоор ийм өнгөтэй хувцас авсаар байгаад зонхилсон байх.

-Найз залуутай болж амжсан уу?

-Амжаагүй ээ. Би хичээл, ажил гэж гүйгээд тэднийг өөрөөсөө түлхчихдэг байх. Тэгээд ч миний амжилт ард түмэнд хамаатай болохоос хувийн амьдрал хамаагүй. Амжилт гаргасныхаа дараа гэр бүлтэй болно. Би зорилгынхоо өөд мацаж л явна.

-Загвар өмсөгчид аль нэг ком­панийн захиралтай нэр холбогдох нь элбэг. Та “Монгол газар” компаний захирал Ц.Мянганбаяртай нэр холбогдож явсан. Сүүлийн үед болзоонд урьсан захирал байна уу?

-Ажил хэргийн талаар хэн ч хэнтэй ч уулзаж болно. Тэднийг юуны тухай ярьж байгааг нь хүмүүс мэдээгүй хэрнээ заавал холбож ярьдаг. Энэ бараг гэм биш зан болсон юм шиг байна билээ. Хэрэв аль нэг захирал янаг амрагийн сэдэвтэй зүйл ярьж, түүнийхээ эзнээр тухайн загвар өмсөгчийг сонгох гэж байгаа бол тэр бүсгүйн хариулт мэднэ. Би энэ талаар уулзаж, хэн нэгнийг ярилцаж байсныг нь өөрийнхөө чихээр сонсоогүй болохоор мэдэхгүй юм. Намайг болзоонд урьсан захирал байхгүй.

-Цуглуулгатай юу?

-Өвөөгийнхөө зоосны цуглуулгыг өвөлж авсан. Бас үсний хавчаар бий.

-Таныг юу чимдэг вэ?

-Инээмсэглэл.

-Та “Шилмэл загвар” компанид багшилдаг. Шавь нар тань хэр ирээдүйтэй харагдаж байна вэ?

-Сайхан амжилт үзүүлж байгаа. Тэдний дунд ирээдүйн топ модель олон байгаа гэдэгт итгэлтэй байна.

У.Баярсайхан

“Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж