-Манай улс нефтийн бүтээгдэхүүнээ гаднаас хангадаг. Сүүлийн үед импортын түлшний үнэ огцом нэмэгдсэнтэй уялдан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний үнэ хөлс өслөө. Ер нь манай улс хэзээ энэ хараат байдлаас салах вэ?
-Түлшний хараат байдлаас салж, бүхий л боломж бололцоогоо ашиглан нефтийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх нь нэн шаардлагатай шийдвэрлэх асуудал болоод байгааг хүн бүхэн мэдэж байгаа. Иймээс Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос нийгэм эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэлд нефть боловсруулах үйлдвэрийг оруулж тодорхой шийдлийг Засгийн газар, УИХ-аар батлуулсан.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг хоёр чиглэлээр хувааж авч үзэж болно. Нэгдүгээрт, дотоодын болон импортын нефть боловсруулах төслүүд, хоёрдугаарт, нүүрс боловсруулж химийн аргаар түлш үйлдвэрлэх төслүүд. Манай хорооноос боловсруулж 2009 онд Засгийн газраас батлуулсан нэн тэргүүнд хэрэгжүүлэх 26 томоохон хөрөнгө оруулалтын төслүүдийн жагсаалтад энэ хоёр чиглэлийн төслүүд хоёулаа орсон байгаа. Үйлдвэрүүдийн ТЭЗҮ хийх, санхүүжилтийг олох, бизнесийн загварт манай үндэсний компаниуд, гадаадын хөрөнгө оруулагч нар хамтран ажиллаж, импортын болон дотоодын нефть боловсруулах чиглэлээр одоо гурван төсөл бэлтгэгдсэн бөгөөд хамгийн том нь Дарханы, Японы санхүүжилтээр босох нефть боловсруулах үйлдвэр байгаа. Үүний хүчин чадал нь нэг сая гаруй тоннын хүчин чадалтай. Дотоодын газрын тосны үйлдвэрүүдийн төслүүд Зүүнбаян, Дорнодын чиглэлд боловсруулагдсан. Гэхдээ манай өөрийн газрын тосны эх үүсвэрийн хэмжээ бага тул, дотоодын нөөц бололцоонд тулгуурлан шатахуун үйлдвэрлэх тохиолдолд манайд элбэг байгаа нүүрсийг хийжүүлэх, шингэрүүлэх боломжийг ашиглаж өсөн нэмэгдэж байгаа дотоодын хэрэгцээг нүүрс боловсруулах замаар шатахуун үйлдвэрлэж хараат байдлаас бүрэн ангижирч болно. Ийм бүрэн боломжтой. Нүүрс шингэрүүлэх үйлдвэрийн төсөл манай улсын хувьд стратегийн ач холбогдолтой гэдгийг бодлогын хувьд баталсан бөгөөд нүүрсийг хийжүүлж нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслүүд хэрэгжих шатандаа ойртож байна.
Хэрэгцээний хувьд гэвэл одоо нэг сая орчим тонн шатахуун импортоор авч байгаа боловч сүүлийн жилүүдэд манай улсад уул уурхай, барилгын салбар түлхүү, хурдацтай хөгжиж улмаар зонхилох салбаруудын нэг болсон. Энэ салбар маань нефтийн бүтээгдэхүүнийг ялангуяа дизель түлшийг ихээхэн хэмжээгээр хэрэглэдэг. Эдгээр салбарын их бүтээн байгуулалтыг дагаад нефтийн бүтээгдэхүүний хэрэглээ улам л нэмэгдэх тул ийм төрлийн үйлдвэрүүдийг барьж ашиглалтад оруулах нь нэн чухал зорилт юм.
-Та сая хэллээ, үндсэн чиглэл нь нефть боловсруулах болон нүүрсийг хийжүүлж бүтээгдэхүүн гаргах гэж. Энэ талаар тодруулахгүй юу?
-Өнөөгийн байдлаар манай улсад хэд хэдэн гадаадын болон дотоодын компаниуд Тамсагын сав газарт нефтийн хайгуул болон олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа. Олборлож байгаа хэмжээ нь харьцангуй бага байгаа тул дангаараа манай улсын нефтийн бүтээгдэхүүний хэрэглээг хангана гэж хэлэхэд хэцүү. Тус салбарын мэргэжилтнүүдийн гаргасан таамгаар 2020 он гэхэд манай улсын нефтийн бүтээгдэхүүний хэрэглээ 3-5 сая орчим тонн,үүний гуравны хоёр нь дизелийн түлш, гуравны нэг нь бензин байх нь. Харин тухайн үед манай улс 800.000 тонн орчим нефть олборлоно. Энэ нь 560 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн гэсэн үг бөгөөд бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу манай талд ногдох хэмжээ дээрх хэмжээний тал орчим нь байх болно. Иймд манай улсын ирээдүйн хэрэглээг өөрийн нефтээр дангаараа хангах ямар ч боломжгүй юм.
Иймээс дотоодын хэрэглээгээ бид өөрсдөө бүрэн хангахын тулд бүхий л боломж, бололцоогоо ашиглах хэрэгтэй. Нефть боловсруулах чиглэлээс гадна бидний анхаарлыг онцгой татаж байгаа нь нүүрсийг хийжүүлж улмаар нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал. Манай улс нүүрсний арвин нөөцтэй, нийтдээ 150 тэрбум тонн нөөц тогтоогдоод байгаа. Үүнээс 130 тэрбум тонн нь хүрэн нүүрс юм. Хүрэн нүүрс нь коксжих чанарын нүүрсийг бодвол чанар муу, үнэ хямд, тээвэрлэлтийн зардлаасаа болоод гадагш нь экспортлох боломжгүй гэж үздэг. Харин хүрэн нүүрсний нөөц дээр тулгуурлан дотооддоо нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь хамгийн сайн хувилбар юм.
-Нүүрс хийжүүлэх төсөл олон хүний сонирхлыг татаж хүлээлт үүсгэж байгаа л даа. Энэ төслийг хэрэгжүүлэхэд зардал мөнгөний хувьд хэр их байх вэ?
-Одоогийн яригдаж байгаагаар нүүрсийг боловсруулан 400 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийн өртөг хоёр тэрбум орчим ам. доллар гэсэн тооцоо байдаг. Технологийн хувьд бүрэн шийдэгдсэн. Нэг баррель нефтийн үнэ 70-80 ам.доллар байхад нүүрсийг хийжүүлж нефтийн бүтээгдэхүүн гаргах нь эдийн засгийн хувьд ашигтай гэж мэргэжилтнүүд үздэг. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр түүхий нефтийн үнэ 100 ам.доллар байна, үнэ үүнээс буурах төлөв харагдахгүй байгаа. Тэгэхээр ийм үйлдвэр барих нь ашигтай болж таарч байгаа юм.
Нүүрсийг хийжүүлэн дизелийн түлш болон бензин үйлдвэрлэх үйлдвэрлэлийн технологи нь ялгаатай байдаг учраас манай улсын ирээдүйн нефтийн бүтээгдэхүүний хэрэглээний өсөлттэй уялдуулан дээрх хэмжээний нүүрс хийжүүлэх үйлдвэрийг дизель болон бензин үйлдвэрлэх чиглэл тус бүрд хэд хэдэн үйлдвэр барих шаардлагатай нь харагдаж байгаа юм.
-Нүүрсийг хийжүүлснээр түлш гаргаж авахаас гадна Улаанбаатарын утааг бууруулж болно гэж мэргэжилтнүүд ярих юм. Тийм боломж үнэхээр бий юү?
-Монголчууд бид нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэх нь маш чухал юм. Нефтийн бүтээгдэхүүний хувьд нефть боловсруулах үйлдвэр, ялангуяа нүүрс хийжүүлж нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдийг барьж ашиглалтад хурдан оруулах хэрэгтэй байна. Иймэрхүү хэмжээний том төслийг хэрэгжүүлж чадах үндэсний компаниуд нь мэдээж чадварлаг боловсон хүчний нөөцтэй, санхүүгийн чадвартай, хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээсэн компани байх нь ойлгомжтой юм. Мэдээж төр засгийн оролцоо, дэмжлэг ч хэрэгтэйг ойлгож байгаа.Бид хоёр өнөөдрийн чухал асуудал болоод байгаа нефтийн бүтээгдэхүүний талаар л голчлон ярилаа.Нүүрс хийжүүлж бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрээс өөр бусад үнэ цэнэтэй бүтээгдэхүүн гаргаж болно. Жишээ нь, хийн түлш болон химийн үйлдвэрийн түүхий эд болох төрөл бүрийн бодисууд гэх мэт. Хийн түлшээ ашиглаад бүхний толгойн өвчин болоод байгаа Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж болно, химийн бодисуудыг ашиглан нэмүү өртөг шингэсэн төрөл бүрийн бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэж болно. Төрөл бүрийн хуванцарууд, бордоо, эмийн бүтээгдэхүүн байж болно. Иймээс энэ салбарыг дэмжихийн тулд хөрөнгө оруулагч нартай хамтран ажиллах, татварын таатай орчныг тогтворжуулах, их хэмжээний тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд гаалийн татварын хөнгөлөлт үзүүлэх шаардлага гарна.