Cass шар айрагны нэгж худалдан авалт тутам “Мөрөөдлийн ойд”

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Cass шар айрагны нэгж худалдан авалт тутам “Мөрөөдлийн ойд”

Ингэж хэлэх нигур байна. Энэхүү шар айрагны компани нь борлуулалт бүрийнхээ орлогоос мод тарьж байгаа юм. Өнгөрсөн амралтын өдрөөр Цонжин болдогийн баруунхантай, хөрсийг нь эргүүлээд хаячихсан элсний карьерийг тус компанийн нөхөдтэй явж моджуулах ажил  өрнүүлээд ирлээ. Энэхүү сайхан үйлсийг бичихгүй өнгөрөх арга алга. Ямар зугаалж яваад ирж байгаа биш.
        Бид хотын төвөөс гурван том автобустай 150-иад оюутан залуустай /ШУТИС, Шашны дээд сургуулийн оюунтнууд/ хамтран,  дээр нь мод тарих хүсэлтэй аж ахуй нэгж, төрийн байгууллагынхан, үгүй ер нь Налайхын цаадах тэрхүү элсэн цөлжилтийг мэдэх хүн бүр сэтгэлээр нэгдэн хөдөлсөн юм. Хотын төвөөс 50-иад км орчим явлаа. 200 гаруй хүн цуглажээ. Зохион байгуулагчид нь мэдээж “Саss”-ын залуучууд. Харин мэргэжлийн зүгээс суулгац тарилгад нь зөвлөгөө өгч хамтран ажиллаж байгаа байгууллага бол солонгосчуудын үүсгэл санаачилгатай “Ногоон Ази” төрийн бус байгууллага юм билээ. Мод тарьсан газраа дахиад сайн тодруулж хэлье. Дэлхийд гайхуулаад байгаа “Цонжин толгой” дахь Чингис хааны дэнхгэр хөшөөний яг баруун талд, ердөө арваад км-т, алдарт Зуун модны хөндий дэх элсэн хөндий шүү дээ. Зүүн чиглэлийн мянганы замын чанх хажууд. Энэ хөндийн элсэн нүүдэл жилээс жилд тэлээд цаашлах юм бол арваад жилийн дараа Чингисийн цагаан хөшөөн дээрээ хүрэх гэж Арабын цөлийг туулахтай адил болчихоод байгаа юм. Ирээдүйд ирж болох энэхүү эмгэнэлийг CASS-ын залуучууд маань олоод харчихаж. Тэгээд өнгөрсөн оны наймдугаар сард энэхүү газрыг сонгож Солонгосын “Ногоон Ази” ТББ-ынхан болон “Exefeel”  компанийнхантай хамтран “Мөрөөдлийн ой” нэртэй цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдэн талууд хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Ингээд Төв аймгийн Эрдэнэ сумынханд санал тавьсан байна. Элсэн цөл болох шахсан энэ газрыг ногоон ой болгоё, бид хөрөнгийг нь гаргана, жинхэнэ утгаар нь ногоон хүлэмж болгох үүргийг солонгос нөхөд хариуцна, харин танай сум орны зүгээс энэхүү нутаг усаа хайрлан хамгаалах талаар хүч гаргаж ажиллаж өг. Есөн жил болоход энэхүү элсэн цөл ногоон ой болсон байх ёстой.
Ингээд тус сумын нутагт нийт 116 га талбайг сонгожээ. Тарих мод нь 150 мянга шүү дээ. Тарих моднууд эхлээд улиас, хайлаас цаашлаад жимсний төрөл бүрийн моднууд байх аж. “Ногоон Ази” ТББ-ынхан эдгээр модыг ном горимынх нь дагуу тарина. Харин хайрлан хамгаалж, ашиг шимийг  нь үзэх нь Эрдэнэ сумын иргэд юм. Тус сумын 12 өрхийн нийт 40 иргэн ажлын байртай болж байгаа нь энэ. Тэдгээрийн цалин хөлс, ахуй хангамжийг “Саss таун” компани бүрэн хариуцна. Ирэх есөн жилдээ шүү. Одоогоор тус компанийнхан энэхүү газрыг ногоон төгөл болгохын тулд өнгөрсөн наймдугаар сараас хойш нийтдээ  100 сая орчим төгрөг зарцуулаад байна.
    

“Саss”-ын бүтээгдэхүүнийг монголчууд сүүлийн арван жил хэрэглэлээ. Хэрэглэгч хэрэглээ бүрээсээ 12 төгрөгийг сайхан Монгол орнынхоо цөлжилтийн эсрэг аянд зориулж байгаа нь энэ. Үйлс бүрээрээ нийгмийн өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлаж чадаж буй шинэ цагийн бизнесменүүдийн ухаан гэж бас хэлж болно. Ер нь бол 116 га гэдэг бол том талбай. Наад талаас нь сул элс шуураад л өчигдөр ямар онцгүй байв аа. Харин оюутан залуусаа дагуулж очсон “Саss таун”-ы залуус, тэдэнтэй сэтгэл зүрх нэгдсэн солонгос нөхөд, мөн тэднийг дэмжихээр ирсэн хэвлэл мэдээллийн салбарынхнаа хараад сэтгэл сэргэлээ. Бид бүгдээрээ хамтран хотоос ачиж очсон модны үндсүүдээ машинаас буулгаж, бэлдсэн газартаа гар нийлэлдэн суулгаад, түүндээ хөөрч догдлон нэгэн өдрийг Цонжин болдогийн баруун өвөрт хачин сайхан өнгөрөөлөө. Та харж л байгаарай, тун удахггүй та бүхэн хотоос зүүн тийших ногоон төгөл рүү, “Мөрөөдлийн ой” руу цувж, ядаргаагаа тайлцгаах болно. Хэдхэн жилийн өмнө энэ газарт элсний их нүүдэл ирж байсныг мартсан байх бий. Харин нэг зүйлийг бүү мартаарай, ийм сайхан орчныг, байгалийг нэгэн цагт Монголын бизнесийн ертөнцөд хүч түрэн орж ирсэн “Cass таун”  компанийн залуус бий болгож өгсөн юм шүү гэдгийг. “Саss”-ын залуусын сонгож авсан, хамтран ажиллаж буй Солонгосын “Ногоон Ази” ТББ нь энэ салбарт бүтэн арван жилийн туршлагатай байгууллага юм билээ. Тэдний хэрэгжүүлсэн төрслүүд, тарьсан ой модны 90 хувь нь амьдарч чаддаг байна. Ийм л чадвартай, туршлагатай, санхүүгийн чадвартай хамт олон байгаа юм. Хамгийн сайхан нь тэдэнд сэтгэл байна. Ийм байхад өөр юугаар дутах вэ. “Мөрөөдлийн ой” бий болгохын төлөө хаврын хавсарга, цас бороо, бүүдийсэн тэнгэр… бүгдийг нь умартан зүтгэж яваа нэр дурдагдсан аж ахуй нэгж, байгууллагын хамт олондоо  бүгдэд нь ажлын амжилт хүсье. Та бүхний сайхан сэтгэл, сайхан үйлс бүхэн бүтнэ ээ.
     Бямба гаригт бүтэн өдөржин мод суулгаж, хөлсөө арчин бөхөлзөн ажилласан залуучууд та бүхний мод тарих ажлыг сурвалжлахад ийм байна. Өглөөгүүр хуйсгануур салхитай байсан Зуу мод хэмээх тэр нутаг орны тэнгэр хангай нь хүртэл баярлаж байх шиг санагдсан. “Cass таун” компанийн залуучууд 116 га газрынхаа хажууд томоо гэгч нь гүний худаг, байгууламж хэдүйн байгуулчихсан байна лээ. Удахгүй суулгацуудаа услаад эхлэх юм. Эрдэнэ сумаас энэхүү ногоон төглийг арчилж тордох үүрэг хүлээж, сургалт дамжаанд нь сууж бэлтгэгдсэн 12 өрхийн иргэд ирчихсэн байна лээ. Ажил нь хэдүйн жигдэрчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж