Венесуэл улсын ерөнхийлөгч Уго Чавес

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Венесуэл улсын ерөнхийлөгч Уго Чавес

Венесуэлийн ерөнхийлөгч Уго Рафаель Чавес Фриас 1954 оны 7 дугаар сарын 28-нд Сабанета де Баринас хэмээх Венесуэлийн нэгэн жижиг тосгонд мэргэжлийн багш нарын гэр бүлийн долоон  хүүхдийн 3 дахь хүү болон  мэндэлжээ. Чавес  бага, дунд сургуулийг эмээгийнхээ хараа хяналт,  дэмжлэг туслалцааны дор суралцаж төгсчээ. Багаасаа бейсбол тоглох дуртай байсан бөгөөд сүмийн найрал дуучдын хамтлагт орж, мөргөл залбирлын  дуу дуулдаг байж. Тэр санваартан болохыг мөрөөддөг байв. Шинжлэх ухааны салбараар мэргэжил эзэмшсэн боловч удалгүй улс төр, цэргийн амьдрал руу хэлбийж эхэлжээ.

Армид алба хашиж байх үедээ “Симон Боливарийн хөдөлгөөн 200” нэртэй  нам  санаачлан байгуулсан ба энэ нам боливарчуудын үзэл санаанд тулгуурласан, армийн дунд албан тушаалын офицеруудаас бүрдэж байв. Венесуэлийн цэргийн Академид орж суралцах үедээ Шинжлэх ухаан, цэргийн урлагийн магистр зэрэг, бага дэслэгч цолыг удалгүй авч, төгсөх үедээ дэд хурандаа цолоор шагнуулан, тус академийн 75 сонсогчоос наймдугаар байранд шалгарсан тэргүүний сонсогчийн нэгэн  байжээ.

Ерөнхийлөгч Карлос Андрес Пересийн засгийн газрын эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг удирдаж, улс орны хэвлэл мэдээллээр бүх хариуцлагыг өөртөө хүлээсэн мэдэгдэл хийж байв. Бослого гарах болсон шалтгааныг ерөнхийлөгч Пересийн  авч явуулж буй эдийн засгийн арга хэмжээнд ард түмэн дургүйцэж байгааг дурдаж, өөрийн үйл ажиллагааг  зөвтгөсөн байна.Төрийн эргэлт хийх оролдлогыг  Маракай, Маракаиво, Валенсиа болон Каракас хотуудад зэрэг эхлүүлжээ. Чавес нийслэл Каракас хотод засгийн газрын Мирафлорес ордны ойролцоо орших Цэргийн түүхийн музейд бослогыг удирдах төвөө байрлуулсан байв.

Төрийн эргэлт бүтэлгүйтэж, хоёр жил шоронд хоригдож байх хугацаанд “Мухардлаас хэрхэн гарах вэ?” номоо бичжээ. Венесуэлийн ерөнхийлөгч асан Калдера  тухайн үед Андрес Пересийн засгийн газрыг түлхэн унагах оролдлого хийж байв. Калдера бүх нийтийн сонгуулийн үр дүнд зорьсондоо хүрч, 1994-1998 онд венесуэлийн ерөнхийлөгчийн албыг хаших болсон юм. Ерөнхийлөгчөөр сонгогдосны дараа хоригдлуудад өршөөл үзүүлэх тухай хууль гаргаж, Чавесыг шоронгоос суллан гаргажээ.

Уламжлалт намуудын нэр хүнд унаж, ард түмний дургүйцлийн хөдөлгөөн өсөн нэмэгдэж эхэлсэн нь Чавес өөрийн хөдөлгөөний үйл ажиллагааг эхлүүлэх, Симон Боливарын хөдөлгөөн 200 намын суурин дээр Венесуэлийн хувьсгалт хөдөлгөөний намыг байгуулж, хуулийн хүрээнд  албан ёсны бүртгэлтэй болгож, хүлээн зөвшөөрүүлэх боломжийг бий болгожээ. Намаа шинэчлэн байгуулахад улс төрийн бусад нам, хөдөлгөөний дэмжлэгийг авчээ. Түүнийг “Эх орон бүх ард түмэнд”, венесуэлийн коммунист нам буюу “Социализмын төлөө нам” зэрэг хөдөлгөөн, намууд дэмжсэн байна.

Уго Чавес хүчин төгөлдөр байгаа Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах сонгуулийн амлалт дэвшүүлж, 1998 оны сонгуульд ялалт байгуулсан тэр мөчөөс эхлэн түүний улс төрийн нам болох Венесуэлийн хувьсгалт хөдөлгөөн олон түмний талархал, дэмжлэгийг хүлээж, улс, үндэснийхээ хэмжээнд байр сууриа бэхжүүлж эхэлжээ. Венесуэл улсын ерөнхийлөгчийн албан тушаалд орсон тэр өдөртөө Парламентад хандан улс орны санхүүг эрүүлжүүлэхэд чиглэсэн эдийн засгийн арга хэмжээ авч явуулах онцгой эрх олгохыг хүсчээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах болон шинэ тогтолцоо бий болгох зорилтоо ийнхүү хэрэгжүүлсэн нь Чавесийн хувьд хамгийн чухал том амжилт болсон юм.

2000 онд ерөнхийлөгчийн суудлаа баталгаажуулж, түүний нам парламентын сонгуульд тасархай олонхийн санал авснаар хууль гарган засаглах эрхийг түүнд бий болгож, нөгөө талаар  АНУ-ын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан юм. 

Хоёр жилийн дараа газрын тосны  Petroleos de Venezuela улсын компанийн удирдлагыг өөрчлөн өөрийн талын хүмүүсийг томилон ажиллуулснаас үүдэн түүний засгийн газрыг түр хугацаанд түлхэн унагасан юм. Энэхүү бослогыг засгийн газар болон түүнийг дэмжигчэд бүтэлгүйдсэн төрийн эргэлт хийх гэсэн оролдлого гэж үзсэн бөгөөд  “чавизм”-ын удирдагчид энэ өдөр гарсан аллагыг үймээн дэгдээгчдийг дэмжсэн мэргэн буудагчид болон нийслэл хотын цагдаагийнхан  үйлдсэн гэж мэдэгджээ.

Сөрөг хүчнийхэнтэй хийсэн сөргөлдөөн улам даамжран хурцадсаар 2004 оны наймдугаар сард бүх нийтийн санал асуулга явуулахад хүрсэн бөгөөд Чавес санал  асуулгаар 59 хувийн саналыг авснаар байр суурь нь улам бэхжжээ. Хоёр сарын дараа Чавес муж, орон нутгийн сонгуульд олонхийн санал, дэмжлэгийг авч чадсан байна.

Эдүгээ Чавес Боливийн ерөнхийлөгч Эво Моралесийн чухал холбоотон бөгөөд тэд Каракас-Гавана-ла Пас гэсэн тэнхлэг бий болгох төлөвлөгөөгөө хэрэгжүүлж байгаа юм.  Эквадорын газрын тосны олборлолт, үйлдвэрлэлийг улсын мэдэлд авах гэсэн   Эво Моралесын шийдвэрийг Чавес идэвхтэй дэмжиж байдаг.

Чавес байнга маргаан, шүүмжлэлийн талбар  бий болгож байдаг улс төрч бөгөөд тэр болгон  улс төрчид байдаггүй сэтгэлийн хөдөлгөөн, үзэн ядалтаа олны өмнө ил тодоор дэлбэ тавин гаргадаг онцлог зан араншинтай  хүн юм. Дэлхийд цөөхөн засгийн газар түүний засгийн газар шиг илтээр түлхэн унагах кампанит ажлын бай болж байдаг байх. Түүний дайснууд төрийн эргэлт хийх, газрын тосныхныг ажил хаялтад өдөөн турхирах, хөрөнгө баялгийг гадаадад зувчуулах, амь насанд нь халдах гээд ер нь юу ч хийхээс буцахгүй байгаа юм.

Гэвч тэр бас хийж бүтээсэн зүйлтэй ажээ. Түүний удирдлагын дор тариачдад 3 сая га газар хуваарилан олгож, сая сая хүнийг бичиг үсэгт сургаж, хот суурин газрын ядуучуудын амьдардаг дүүргүүдэд олон тооны эмнэлэг барьж байгуулжээ. Хүнсний бүтээгдэхүүний үнийг мэдэгдэхүйц бууруулахын хамт иргэдийн сарын цалингийн доод хэмжээг   204 евро хүртэл нэмэгдүүлсэн нь Латин Америкийн хэмжээнд Коста Рика улсын дараа орох хоёр дахь хамгийн өндөр үзүүлэлт юм.

(Венесуэл улс 30 гаруй сая хүн амтай, 513 тэрбум барриль /1 барриль 159 л/ газрын тосны нөөцтэй болохыг судлан тогтоосон нь Саудын Арабынхаас 2 дахин их нөөц юм) 

Эх сурвалж: EUROPA PRESS
Бэлтгэсэн Д.Пунцаг   
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж