Бэхээр амилсан уран татлага

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

Бэхээр амилсан уран татлага

…Арван түмэн адуун
сүрэг нь
Арынхаа ууланд нь алагласхийгээд байх юм аа
Амраг Гоолингоогийн алтан хүрээ нь хө

Арынхаа ууланд нь цайрсхийгээд байх юм аа…

Магсар хурцын Дугаржавын өөрийн хайрт хүн Ардын жүжигчин  Ичинхорлоод зориулсан энэхүү дуу уран бичлэгт амилсан нь энэ. Алтан шар өнгийн бэхээр “Гоолингоо” хэмээн угалзруулан таталгасан нь арын торгон дэвсгэртэй төгс хосолжээ. Дэргэд нь хар бэхээр энэхүү дууны үгийг таталгасан нь эгээ л энэ дууны хөг аялгуу мэт харагдана.

“Гоолингоо”-гийн өмнө хэсэг хугацааг өнгөрөөжээ. Чухам хэдий хэр удсаныг хэлж мэдэхгүй. Харин нэгэн бүтээл олны анхаарлыг ихэд татна. Энэ бол “Туурайн төвөргөөн”. Таван алд хэрийн том муутуун дээр нарны тэг дугуй мэт татлагаж, туурайн хэлбэрийг гаргажээ. Өнгөрсөн зун болсон “Туурай төвөргөөн” олон улсын наадмын бэлэг тэмдгээр энэхүү уран бичлэг тодорч байсан аж.

Бэх, бэхэндээ уусч, басхүү дараагийн бүтээл рүү өөрийн эрхгүй хараагаа сунгах энэхүү үзэсгэлэнгийн нэр нь “Шинэ цас”. Монголын орчин үеийн каллиграфчидын холбооноос зохион байгуулдаг энэхүү үзэсгэлэн зөвхөн энэ жил зургаа дахь удаагаа гарч байгаа нь энэ. Үзэсгэлэнгийн босгыг дөнгөж алхмагц чухам юуг ингэж зурсаныг нь мэдэхгүй ч олон янзын зураас, үсгүүд анхаарлыг эрхгүй татна. Чухам юуны тухай ингэж уран бичсэнийг ойртон очиж байж л мэдэх билээ.  Хэдийгээр орчин үеийн урлагийн тоглолтууд шиг хүнээр дүүрэн байгаагүй ч сонирхогчид нь үзэсгэлэнгийн танхимаар  хөлхөх. Ойртож нэг, холдож нэг үзнэ. Зарим нь ойр байгаа нэгнээсээ энэ чухам юу гэж бичив гэдгийг лавлана. Бүр зарим нь зурагт гараараа хүрч үзэж үзэсгэлэн зохиогчийн уурыг хүргэх аж.

Ийнхүү үзэгчдийг ажиглаж зогстол нэгэн бүтээл сонирхлыг минь татав. Хэдийгээр холоос тэр бүр харагдаад байхгүй ч голд байх “Алтай” хэмээх үгийг их урнаар таталгажээ. Ойроос харвал Р.Чойномын “Алтайд” найраглалын бадаг бүрийг “Алтай” хэмээх үгийг тойруулан таталгасан байх аж. Энэ бүтээл бусдаасаа их онцлогтой. Учир нь энэхүү бүтээлийг Мөнх хаан Ромын папад илгээсэн захидлыг бичсэн бичгийн хэвийг дуурайлган таталгажээ.

Уран татлагын гайхамшгийг зөвхөн бэхээр таталгасан бүтээлүүд мэдрүүлж байна уу гэвэл үгүй. Төрөл бүрийн материалаар уран таталгын гайхамшгийг мэдрүүлж байлаа. Эдгээрийн төлөөлөл болох нэгэн бүтээл нь “Мессеж”. Уг бүтээлийн оноосон нэр нь “мессеж” хэдий ч шороон дэвсгэр дээр ногт зангидан “Домог” хэмээх үгийг урлажээ. Домог хэмээх үгийн төгсгөлийг басхүү мөнгөн тоноглолтой хийсэн байв. Мессеж хэмээх бүтээл нэгэн утгыг илтгэнэ. Эртний нүүдэлчид буурин дээрээ ногт зангидан орхиж өмнө нь амьдарч байсан шүү гэдгээ таниулан орхидог байсан гэх уламжлалыг ч хойч үедээ шивнэж байх шиг санагдав. Уран бичлэгийн урлагийг зөвхөн бэх, бийр сэлтээр төсөөлж байсан сонирхогчдод шинэ сэдэл, сэрлийг мэдрүүлсэн нь дамжиггүй.

Үзэсгэлэнд тавьсан бүтээлүүдийг сонирхон зогсох зуур үзэгчдийн тоо ч нэлээд нэмэгдсэн бололтой байлаа. Үзэсгэлэнгийн танхимыг дүүргээгүй ч өмнөхөөсөө чамгүй их хүнтэй болжээ. Оюутан бололтой хэсэг залуус орж ирээд хэсэг гайхан зогсч байгаад “Ямар тэнэг юманд ороод ирчихэв ээ” гэж амандаа үглэлдэж байгаад гараад явах. Тэднийг гарч явсаны дараа үзэсгэлэнгийн танхимд залуучууд үлдсэнгүй. Харин дунд эргэм насны хэсэг хүмүүс, тэтгэврийн насны хэдэн хөгшчүүл л үлдсэн байв.

Үзэсгэлэнгийн танхимын голд байрлуулсан “Бух, бухнуудын хаан” бүтээл их л сүр бараатай харагдана. Энэ ч утгаараа сонирхож байгаа хүмүүс бүгд түүний өмнө цуглах. Бухийг хүрлээр цутгаж хийсэн байх бөгөөд суурь болгон хийсэн хадан дээр нь Монгол бухын тухай зураачийн шүлгийг гайхалтай нарийнаар таталгажээ. Энэ шүлгийн үг болгоныг хүрлээр таталгасан гэдгийг сануулах хэрэгтэй. “Би энэ бүтээлийг хүрлээр цутгасныхаа дараа суурь хэсэг нь арай бэхжиж амжаагүй байхад нь тусгай төмрөөр таталгасан” гэж бүтээлийг туурвигч зураач Б.Чадраабал хожим дурссан билээ.

“Шинэ цас” үзэсгэлэн орчин үеийн техникийг уран татлагатай хослуулсан нэлээд бүтээлийг тавьжээ. Үүний нэг нь “Хөх монгол” нэртэй бүтээл юм. Орчин үеийн гудамжны урлаг гэж нэрлэгддэг “Графити” гэх урлагийг монгол бичигтэй хослуулжээ. Олон янзын өнгө бүхий шүршигч будгаар хийсэн энэхүү бүтээлийг яг л графити шиг харагдахаар хийсэн байлаа. Хэдийгээр “Графити” уран таталгын урлагийн нэгээхэн хэсэг хэмээн тооцогддог ч манайх шиг уламжлалт бичигтэйгээ ингэж хослуулсан дорнын орнууд цөөхөн.

Ийнхүү МЭӨ 5000 жилийн тэртээ эртний дорно дахинд үүссэн энэхүү урлаг шинэ сэтгэлгээтэй хослон Монголын үзэгчдэд хүрч байна. Дээр дурьдсан бүтээлүүдээс илүү олон бүтээлийг энэхүү үзэсгэлэнгээр дэлгэн тавьжээ. 2012 оны “шинэхэн цас”-ан дээр мөр гараад тав хонож буй. Энэ сарыг дуустал таныг мөр гаргахыг чинь хүлээнэ. Хэрвээ та үүнийг үзэж сонирхвол таны сэтгэлд нэгэн өөр мэдрэмж үлдэх нь дамжиггүй.

Б.Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж