Энэ талаараа гишүүн С.Эрдэнэ “Тэтгэврийн зөрүүг арилгах хуулийн төслийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд анх санаачилж 2011 оны наймдугаар сард УИХ-д өргөн мэдүүлсэн боловч хуулийн төслийг хэлэлцэлгүй хойшлуулсаар өдийг хүрсэн. Гэтэл МАН-ын гишүүдээс оны өмнө бидний өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй яг адил төслийг өргөн барьсан. Яах вэ, бид ярилцаж байгаад хоёр хуулийн төсөл агуулгын хувьд ижил байгаа тул хамтад нь нэгтгээд хэлэлцээд явья гэсэн шийдэлд хүрсэн. Харин өмнөх Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн суурь тэтгэврийн тухай хуулийн төслийг эдгээр хуулийн төслүүдтэй хамтатган хэлэлцүүлэхээр оруулж ирсэн учраас бидний хувьд асуудал тавихаас аргагүйд хүрсэн.
Угтаа бол суурь тэтгэврийн тухай хуулийн төсөл 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудалтай огт хамаагүй. Харамсалтай нь МАН-ынхан Тэтгэврийн зөрүүг арилгах хуультай адилтган хутгаад улстөржүүлээд байна.
Суурь тэтгэврийн хууль гэдэг бол өнөөдрийн болоод ирээдүйд тэтгэвэр тогтоолгох хүмүүст үйлчлэх хууль. Харин тэтгэврийн зөрүүг арилгах тухай хуулийн төсөл 1995 оноос өмнө тэтгэвэрт гарагсдын тэтгэврийн зөрүүг 1995 оноос хойш тэтгэвэрт гарагсдын тэтгэвэртэй адил түвшинд хүргэх зарчмыг барьж байгаа. Иймд огт хоёр өөр хуулийн төслийг нэгтгээд явах боломжгүй юм. Гэхдээ суурь тэтгэврийн тухай хуулийн төслийг огт эсэргүүцээгүй. Ажлын хэсэг гаргаад хэлэлцээд явья гэсэн байр суурьтай байгаа” гэв.
"Ардын эрх" сонин