Нийслэлийн замуудыг хааж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Нийслэлийн замуудыг хааж эхэллээ

Нийслэлийн замын урсгал засварын болон өргөтгөл шинэчлэлтийн ажил эхэлж байгаатай холбогдуулан доорхи замуудыг тодорхой хугацаагаар хаалаа. Зам засварын ажлын үеэр нийслэлийн ихэнх замуудад ачаалал нэмэгдсэнээр иргэд бухимддаг. Иймд Замын цагдаагийн газраас иргэдэд ачаалал үүсгэхгүй байх үүднээс мэдээлэл өглөө.
Гурвалжингийн гүүрийн засварыг энэ сарын 1-нээс наймдугаар сарын 25-ны өдрийг дуустал хийнэ. Энэ хугацаанд уг гүүрээр ямар ч машин явуулахгүй бөгөөд ачааны автомашинууд өөр замаар явна. Өөрөөр хэлбэл, Үйлдвэрчний эвлэлийн гудамж буюу Геологийн төв лабораторийн зүүн талын замаар Баянхошуу урдуур, хойгуур Хувьсгалчдын гудамж, Их тойруу гэсэн чиглэлээр явж болно. Мөн Сонсголонгийн зам, ТЭЦ IV-ийн урдуур, Хан-Уул дүүргийн замаар явж болно.
Мөн уг гүүрийн хойно байрлах Гурвалжингийн аюулгүйн тойргийн засварын ажлыг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 21-нээс эхэлж, энэ сарын 15-ныг дуустал хийнэ. Энэхүү ажлыг хийхдээ хоёр ээлжээр хөдөлгөөнийг хааж  зохицуулалт хийжээ. Эхний ээлжинд энэ сарын 14-18-ны өдөр уг тойргийн урд хэсгийн замыг буюу баруунаас зүүн чиглэлийн хөдөлгөөнийг хаана. Харин хоёрдугаар ээлжинд энэ сарын 18-22-ны өдрийг дуустал уг тойргийн хойд хэсгийн замыг буюу зүүнээс баруун чиглэлийн хөдөлгөөнийг хаах гэнэ.
Энхтайваны өргөн чөлөө  буюу аравдугаар хорооллын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх 1,6 км замын ажил өнгөрөгч дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхэлсэн. Энэ  ажлыг наймдугаар сарын 25-ны өдрийг дуустал хийх ба уг замын ажлыг  хийхдээ дөрөв хуваан хөдөлгөөнийг хааж, замын хөдөлгөөнийг зохицуулахаар болжээ.
Эхний ээлж.  Энэ сарын 1-21-ний өдрүүдэд 25 дугаар эмийн сангийн уулзвараас Төмөр замын соёлын ордны уулзварыг хаана.
Хоёрдугаар ээлж. Энэ сарын 24-нөөс эхэлж ирэх сарын 5-ны  өдрийн  хооронд аравдугаар хорооллын уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хаана.
Гуравдугаар ээлж. Ирэх сарын 10-ны өдрөөс долдугаар сарын 1-ний  өдөр хүртэл Төмөр замын соёлын ордны уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх замыг хаана.
Дөрөвдүгээр ээлж. Долдугаар сарын 15- 30-ны  өдөр Амарсанаагийн гудамжны уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх замыг тус тус хаана.
Харин их тойруугийн зам буюу 100 айлын уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх замын ажил энэ сарын 1-нээс ирэх сарын 15-ныг дуустал үргэлжилнэ.Энэ үеэр Баянбүрдийн тойргоос “Хүрд” ХК-ний уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг хоёр удаа хаах юм байна. Ингэхдээ эхний ээлжинд энэ сарын 14-17-ны өдөр хүртэл хаах бол  дараагийн удаа
21-24-нд хаах юм байна.
Мөн 100 айлын уулзвараас “Өлзий” төвийн уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг  хоёр удаа хаана.Эхний ээлжинд ирэх сарын 4-7-ны өдрүүдэд хаах бол хоёрдугаар ээлжинд зургаадугаар сарын 11-14-нд хаана.
Түүнчлэн Эрхүүгийн гудамж буюу Хөгжим бүжгийн зүүн талын уулзвараас хойш хойд их тойруу хүртэлх замын ажлыг өнгөрсөн сарын 21-ний өдрөөс эхлүүлсэн бөгөөд энэ  ажил энэ сарын 29-ний өдрийг дуустал үргэлжилнэ. Уг ажлын  үед замын хөдөлгөөнийг хоёр удаа хаах юм. Энэ сарын 7-10-нд эхний удаа хаах бол дараагийн удаа  энэ сарын  14- 17-нд хааж ажлаа хийх юм байна.
Баруун Сэлбийн гудамж буюу Энхтайвны өргөн чөлөөнөөс Улсын их дэлгүүрийн зүүн талаар хойш Хувьсгалчдын өргөн чөлөө /Самбуугийн гудамж/ хүртэлх замын ажлыг уржигдраас эхлүүлсэн бөгөөд  ирэх сарын 15-ны өдрийг дуустал замын хөдөлгөөнийг хаах юм байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж