Нийслэлд 435 тэрбумын бүтээн байгуулалт өрнөнө

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

Нийслэлд 435 тэрбумын бүтээн байгуулалт өрнөнө

Нийслэлийн Засаг дарга нарын орлогч нар өчигдөр ирэх жил нийслэлд хийх зарим ажлыг танилцууллаа. Энэ жил нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийх ажлын төлөвлөгөө зарим салбарт эцэслэн гараагүй  байгаа юм байна. Дулааны улиралд иргэдийн хамгийн их бухимдуулдаг зам засварын ажил дөрөвдүгээр сард эхэлж,  нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж буй бүх ажлын тендерийг ирэх сарын 1 гэхэд зарлаж ажлын гүйцэтгэгчийг шалгаруулан дулаан орж эхлэхэд бэлтгэл ажлыг базаасан байхыг анхааруулаа.  

Нийгмийн салбарт 34 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ

Энэ жил нийслэлд 435 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил хийгдэхээр төлөвлөсөн. Нийслэлийн засаг даргын нийгмийн бодлого хариуцсан орлогч Ц.Цогзолмаа өөрийн салбарт хийх дүнг танилцуулсан юм. Энэ жил нийгмийн салбарт  34 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.  Нийслэлд одоо үйл ажиллагаа явуулж байгаа сурууль, цэцэрлэгийн байр насжилт өндөртэй, дээвэр, дулааны шугам сүлжээ гээд зайлшгүй засвар хийх шаардлагатай байгаа гэв. Ц.Цогзолмаа “Энэ жил бидний хийхээр төлөвлөсөн гол ажлуудын нэг нь анхан шатны үйлчилгээний цогцолборуудыг барих юм. 

Анхан шатны үйлчилгээ гэдэг нь хорооны цагдаагийн хэлтэс, өрхийн эмнэлэг гээд хорооны үйлчилгээ явуулах. Өнгөрсөн жил ёсдүгээр сарын 1 гэхэд сургууль, цэцэрлэгийн засвар дуусах ёстой байсан. Зарим нэг сургуулийн засвар хожуу дууссан тохиолдол байгаа. Тиймээс барилга, гүйцэтгэлийн ажил хийх тендерийг эрт эхлэхийн тулд хоёрдугаар сарын 1-ний дотор зарлаж шалгаруулаад дараа нь дулааны улирал эхлэнгүүт ажлуудыг эхлүүлэхээр болсон. Мөн өнгөрсөн онд хийсэн ажлуудын дүнг хэлэлцээд, ямар ажил нь үр дүнтэй байсан, аль нь үр дүн бага гарсан зэргээс шалтгаалан энэ жилийн гүйцэтгэлийн ажлыг хийх компаниудад өндөр шаардлага тавьж эхлэнэ. Өөрөөр хэлбэл ажлаа үр дүн багатай хийсэн компанийг энэ жилийн тендерт оролцуулахгүйгээр хэн нь юу хийснийг бид олон нийтэд ил тодоор мэдээллэх болно” гэлээ.

Зам засварын ажил дөрөвдүгээр сард эхэлнэ

Харин үүний дараа НЗД-ийн орлогч Б.Мөнхбааатар өнгөрсөн онд хийгдэж дуусаагүй 10 гаруй замын ажлыг танилцуулсан юм. Энэ жил зам засварын ажилд 70 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд зарим ажлын гүйцэтгэл, тендер шалгаруулалтаас шалтгаалан хөрөнгийн мөнгө өөрчлөгдөж болзошгүй гэлээ. Өнгөрсөн онд хийгдсэн Дарь эхийн замын ажил 97 хувийг гүцэтгэлтэй байгаа аж. Хэл ам, шуугиан тарьсан энэ замын гүйцэтгэл дуусааагүй шалтгаан нь иргэдийн бухимдал дагуулсан энэ зам гүйцэтгэх хугацаандаа дуусаагүй  бөгөөд ирэх сарын 5-нд гэрэлтүүлэг, нэг км явган хүний замын ажлыг хийж дуусгах үүрэг авсан юм.  Мөн энэ жил томоохон зам засварын ажил ажил хийхээр төлөвлөсөн байна. Биокомбинат, Яармагаас нисэх хүртлэх замын өргөтгөл болон Дэнжийн 1000-аас Зурагтын эцэс хүртэл.

Энэ жил зам засварын ажлыг дөрөвдүгээр сарын 15-аас эхлэн хийж гүйцэтгэх учраас тэрнээс өмнө ажлын  гүйцэтгэлийг хийх компаниудын тендерийг эрт зарлаж зам засварын ажил эхлүүлэх бэлтгэлийг эрт хийхийг үүрэг болголоо. Мөн зарим он дамжин хийгдсэн замын ажлуудыг ойрын хугацаанд дуусгаж, тендерүүдийг зарлаж, зам засварын ажил эхлэхэд ямар нэг шалтаг тоочихгүй байхыг нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар анхаарууллаа.

Нийтийн тээвэрт 45 тэрбумыг зарцуулжээ

Өнгөрсөн оны нэгдүгээр сард хотын дарга  хойд чиглэлийн хэд хэдэн автобусаар зорчин, нийтийн тээврийн үйлчилгээний байдалтай танилцаж, автобусны компаниудын удирдлагуудад тодорхой үүрэг чиглэл өгсөн. Энэхүү үүрэг даалгаварыг биелүүлж хийсэн ажил, гарсан үр дүн болон нийтийн тээвэрт цаашид анхаарах ямар асуудлууд байгаатай Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг өчигдөр явж танилцлаа. Нийслэлийн зүгээс нийтийн тээврийн үйлчилгээнд онцгой анхаарч тулгамдаж буй асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэж байгаа. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нийтийн тээвэрт 70 гаруй чиглэлд 1600 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилж байна. Өнгөрсөн онд нийтийн тээврийн салбарт нийтдээ 45,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний үр дүнд автобус компаниудын санхүү эдийн засгийн чадамж сайжирч, том оврын автобустай 24 компаний 18 нь буюу 75 хувь нь өөрийн гэсэн дулаан гражтай болжээ. Мөн хувийн хэвшлийн компаниуд өөрсдийн хөрөнгөөр 198 том оврын автобусаар парк шинэчлэл хийсэн байна.

Нийслэлийн Засаг дарга нийтийн  тээврийн компаниудын үйлчилгээний алдагдлыг бууруулах, чадамжийг сайжруулах үүднээс санхүүгийн дэмжлэг үзүүлэн 4,9 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвөөс шийдвэрлэж өгсөн. Мөн жолооч, кондукторуудын ажиллах нөхцлийг сайжруулах үүднээс 900 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, автобусны эцсийн дөрвөн буудлыг иж бүрэн тохижуулсан байна. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс нийтийн тээврээр үйлчлүүлж буй иргэдийн дунд хийсэн судалгаагаар санал асуулгад оролцсон хүмүүсийн 85 хувь нь нийтийн тээврийн ариун цэвэр, тохижилт дунд зэрэг, 62 хувь нь үйлчилгээний соёл, зан харилцаа муу, 98 хувь нь буудлын зарлалт дунд зэрэг гэсэн үнэлгээ өгчээ.

Ш.Оюун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж