”МАН-ынхан шийдвэрээ эргэж харах байлгүй дээ”

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

”МАН-ынхан шийдвэрээ эргэж харах байлгүй дээ”

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг томилолттой эзгүй байгаа тул тус бүлгийн завсарлага авсан тухай албан ёсны байр суурь ямар байгааг бүлгийн дэд дарга Л.Гантөмөрөөс тодрууллаа

-Завсарлага авсан гол шалтгаан юунд байна?

-Уг нь АН-аас зургаан сайдыг эсэргүүцсэн санал гаргаад, зав­сарлага авахгүйгээр УИХ-ын байн­­гын хорооны хуралдаануудад орол­цоод явж байсан юм. Гэтэл МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин өчигдөр уржигдар хэвлэлийн хурал хийхдээ Ерөн­хийлөгч УИХ-тай харилцах харил­цаагаа ил тод байл­галаа гэдэг асуу­дал тавьсан нь шийдвэрээ өөрчилж, завсарлага авах шалтгаан болсон.

-Сайд нарыг гаднаас томи­лох тухай  ярьж байна. Гэтэл өмнө нь АН-аас  Засгийн газарт ажиллаж бай­сан  хү­мүүс бүгд УИХ-ын гишүүн бай­­­сан шүү дээ?

-Гурван жил хагасын өмнө байгуулагдсан Засгийн газар гэд­гийг ойлгох хэрэгтэй. Тэр үед  3/1 нь дотроосоо  3/2 нь УИХ-ын гишүүн биш байна гэсэн шийдэлд хүрээгүй  байсан. Гэтэл өнөөдрийн бий болсон шинэ нөхцөл байдалд ойлголцчихсон байгаа төвшиндөө ажиллаач гэдэг саналыг Ерөнхий сайдад хүргүүлье гэж бодож байна. Гурван жилийн өмнөх  шийдвэртэй өнөөдрийнхийг хольж хутгалгүйгээр бид маргааш яаж шийдэх вэ. 2012 онд сонгуульд ялсан нам засаг байгуулахдаа өнөөдрийн зарчмыг барих юм уу. Хэрэв ингэж явбал Монголд шинэчлэл гарахгүй. Тэгэ­хээр энэ шинэчлэл рүү нэг алхая

-Яагаад хамтарсан Зас­гийн га­зар байгуулах боло­хоороо Ша­дар сайдын албыг бий болго­сон юм?

-Мэдээж ийм шүүмжлэл явж байгаа. Анх Засгийн газрыг бай­гуу­лахад Ерөнхий сайд нь Ардын намаас, хамтарч байгаа намын дарга нь Тэргүүн шадар сайд байгаад хоорондоо зөвшилцөж ярьдаг байя. Тэргүүн шадар сайд, Ерөнхий сайд нар асуудлаа яриад УИХ-д оруулдаг байя. Харилцан хамтарч ярилцахын тулд л энэ албан тушаалыг  бий болгосон. Одоо бол Монгол Улсын Ерөнхий сайд Ерөнхий нарийн бичгийн даргатайгаа  зөвшилцөх гээд байгаа юм уу. Энэ албан тушаал хэрэггүй болсон гэж үзэж байна.

-Цаашид сайд нарын асуудлыг яаж шийдэх юм?

-Монгол Улсын Ерөн­хийлөгч­тэй  зөвшилцөөд оруулаад ир­вэл бид дэмжинэ.  Түүнчлэн Н.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар нарыг дэмжих арга алга. Өнөөдөр  ажиллаж бай­­­гаа Төрийн нарийн бичгийн дарга нар бүгд тийшээ гүйж очно. Гүйж очихоор юу болж хувирах вэ. Монгол Улсын Засгийн газар намын аппарат  болж хувирна. Уг нь Төрийн албаны хуулиараа Төрийн нарийн бичгийн дарга гэдэг нь тухайн яамныхаа төрийн ажлыг хийдэг захиргааны ажилтан. Тухайн яамандаа Тендерийн хорооны дарга нар байдаг. Тэр утгаараа бүх мөнгийг  захиран зарцуулдаг. Сайд нарт мөнгө зарцуулах эрх байдаггүй юм шүү дээ. Тиймээс тэдгээр хүмүүсийг аль нэг намд бүү үйлчлээрэй гэж Төрийн нарийн бичгийн дарга болгосон. Гэтэл МАН “та нар өнөөдөр бидэнд үйлчилнэ” шүү гэсэн зарлал хадчихлаа. Бид үүнийг эсэргүүцэж байна. Эдгээр үндэслэлүүдээ чуул­га­ны хуралдаанд  хэлнэ. МАН-ын­хан ч гэсэн  үүнийгээ эргэж харах байлгүй дээ.

Б.МАНДАХ

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж