С.Нарангэрэл: Одоогийн Эрүүгийн хууль Монголын нийгмийг шоронжуулсан

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

С.Нарангэрэл: Одоогийн Эрүүгийн хууль Монголын нийгмийг шоронжуулсан

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, академич С.Нарангэрэлтэй ярилцлаа.

-Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Ерөнхийлөгчөөс УИХ-д өргөн мэдүүлэх гэж байгаа. Энэ талаар танд ямар нэгэн мэдээлэл байна уу?

-Ерөнхийлөгчийн санаачлагаар албан  тушаалын  гэмт хэрэгт нэмэлт өөрчлөлт оруулах  тухай төсөл бэлтгэгдэж байгаа юм билээ. Үндсэн агуулга нь албан тушаалын гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг чангатгахад чиглэгдэх юм шиг байна.

-Ерөнхийлөгчийн санаачилсан Өршөөлийн хуулиар албан тушаалын хэрэгт холбогдсон бүх хүмүүст өршөөл үзүүлсэн. Түүнийгээ засч залруулах гэж байгаа юм болов уу?

-Ер нь санаа нь тийм болов уу. Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх энэ төслийн талаар саналаа ирүүлэхийг надаас хүссэн.  2002 оны Эрүүгийн хуулиар гэмт хэргийн ангиллыг шинжлэх ухааны үндэслэлгүй хийснээс болж албан тушаалын ноцтой гэмт хэргүүд хөнгөн, хүндэвтэр хэрэг болж хувирсан. Энэ алдааг засч залруулахын тулд Эрүүгийн хуулийг бүхэлд нь шинэчлэх зүй ёсны шаардлага үүссэн. Ингэхгүйгээр албан тушаалын гэмт хэргийг шууд хүнд буюу онц хүнд гэмт хэрэг болгох өөрчлөлтийг оруулж болохгүй. Түүнээс гадна  энэхүү төслийн сөрөг талд би нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаагаа Ерөнхийлөгчийн зөвлөхөд бичгээр илэрхийлсэн. Монгол Улсын одоогийн Эрүүгийн хуулийн ялыг гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялыг ялгамжтай болгох бүр тодруулж хэлбэл, ноцтой хор уршиг учруулсан хэрэгт хүнд ял, харин эсрэгээр хөнгөн, хүндэвтэр гэмт хэргийг анх удаа, тохиолдлын чанартай үйлдсэн этгээдэд хорихоос өөр төрлийн ял  шийтгэдэг болгохын тулд Эрүүгийн хуулийг бүхэлд нь шинэчлэх шаардлагатай байгаа учир  энэ хүрээнд албан тушаалын гэмт хэрэгт оруулах нэмэлт өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэх ёстой гэсэн саналыг хэлсэн.
-Та Ш.Сайхансамбуу зэрэг гишүүдийн УИХ-д өргөн барьсан Эрүүгийн хуулийн төслийг хэлээд байна уу. Энэ төсөл дээр таныг ажилласан гэж дуулсан. Өмнөхөөсөө зарчмын хувьд юугаараа ялгарах ёстой вэ. Та өмнө нь одоогийн Эрүүгийн хуулийг Ц.Нямдоржийн шоронжсон хууль гэж хэлж байсан удаатай?
-Тийм ээ. Одоогийн Эрүүгийн хууль Монголын нийгмийг шоронжуулсан. Энэ үйл явц цаашид хэвээр үргэлжилбэл асар их сөрөг үр дагаврыг буй болгоно. Ер нь 2002 оны Эрүүгийн хууль хэлмэгдлийн үеийнхээс бүр ч их  хатуу  болсон шүү дээ. Энэ хууль бас хууль сахиулах байгууллагад авлигыг цэцэглүүлэн хөгжүүлсэн.  Бидний нүдэн дээр ил байгаа хуульч биш хүн ч  мөрдөн шалгаад тогтоож чадах авлигын ноцтой гэмт хэрэг үйлдсэн дээд албан тушаалтнуудыг энэ хуулиар ивээн тэтгэж байгаа гэдгийг хэлэхгүй өнгөрч болмооргүй байна. 

-Мэдээж энэ Эрүүгийн хуулийг Ерөнхийлөгч өргөн барьж байгаа учраас цаазаар авах ялыг хассан зүйл заалт орох байх. Энэ талаар таны байр суурь?

-Ерөнхийлөгчийн  өргөн барих гэж байгаа Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл нь  зөвхөн албан тушаалын гэмт хэргийг хөндсөн гэдгийг би өмнө нь хэлсэн. Ерөнхийлөгч цаазаар авах ялыг цуцлах талаар УИХ дээр үг хэлж санаачлага гаргасан. Энэ тухай асууж байгаа бол миний үзэл бодол, итгэл үнэмшил Ерөнхийлөгчийн байр суурьтай нийцдэггүй.  Аливаа ял түүний дотор цаазаар авах ял нь хүний амины харгис хэрцгий эрүүл хүний ухаан санаанд багтамгүй аймшигт гэмт хэрэг үйлдэх санаархал өвөрлөсөн хүний энэ санаа бодлыг хязгаарлан тогтоон барих, ийм гэмт явдлаас урьдчилан сэргийлэхэд чухал нөлөө үзүүлсээр ирсэн. Ер нь цаазаар авах ялыг хүн амын ухамсар соёл нь нэлээд өндөр түвшинд хүрсэн, ёс суртахуунтай улс оронд гол төлөв цуцалсан байдаг.  Үүнийг бид заавал бодолцох ёстой.

-Үндсэн хуульд цаазаар авах ялын талаар ямар нэгэн зүйл заалт бий юу?

-Байгаа. Онц хүнд гэмт хэрэг үйдсэн этгээдэд шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолоор энэ ялыг хэрэглэж болох заалт бий.

-Ерөнхийлөгчийн зүгээс Улсын ерөнхий прокурор, Дээд шүүхийн дарга, Авлигатай тэмцэх газрын  дарга гэх мэт  хуулийн байгууллагын дээд удирдлага УИХ-аас томилогдоод, тэднийг өөрчилж болохооргүй заавал  бүрэн эрхийнхээ хугацааг дуусгадаг байдлыг хуульч хүнийхээ хувьд юу гэж үзэж байна?

-Хуульд эдгээр албан тушаалтны бүрэн эрхийн хугацааг үнэхээр заасан байдаг. Гэтэл хариуцсан байгууллага нь Монголын төр, нийгмийн өмнө хүлээсэн чиг үүргээ  хангалттай биелүүлж чадахгүй,өөрсдөө хууль ёсыг ноцтой зөрчих юм уу эсвэл ийм байдлын өмөг түшиг болж, зөнд нь орхих явдал цөөнгүй гарч байна. Улс орон иргэдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг уландаа гишгэж байна. Ийм нөхцөлд энэ байдлыг нь хангалттай нотлон тогтоогоод албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг тавихад хуульд харшлах шалтгаан байхгүй.

-Та нэг хэсэг  МАХН-ын удирдлагуудтай их сөргөлдөж байсан. Таныг МАХН-ын Бага хурлын гишүүн болсноосоо хойш энэ байдал намжсан гэж хүмүүс ярих юм. Үнэн үү?

-УИХ-аас 1999 онд гэв гэнэтхэн хуйвалдааны журмаар Үндсэн хуульд  түүнийг доройтуулсан нэмэлт өөрчлөлт оруулсныг иргэний хувьд би  Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж, хүчингүй болгуулсан. Үүнээс болж манай намын зарим удирдлага надад “Улс төрийн шалгуур даадаггүй этгээд” гэсэн сэтэр зүүлгэж намайг болон миний ойр дотны хүмүүсийг хэлмэгдүүлэх  зам руу орцгоосон. Ганцхан жишээ хэлэхэд, намайг Улсын Дээд шүүхэд болон  Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди хоёр удаа нэр дэвшүүлсэн боловч хоёуланд нь унагасан. “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэсэн монгол ардын маань  зүйр үг шиг цаг хугацаа яахын аргагүй миний зөв болохыг нотлон харуулсан. Ийм учраас МАХН-ын Бага хурлын гишүүд одоогоос хоёр жил гаруйн өмнө нууц санал хураалтаар намайг Бага хурлын гишүүнээр сонгосон.  Би намын Бага хурлын гишүүн гэдгээс хамаарч амаа хамхиулах хүн биш ээ.

-Та  УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Ц.Нямдоржтой хонь, чоно шиг л байсан. Ганцхан жишээ хэлэхэд бакалваргүй  Ц.Нямдоржтой олон юм  яримааргүй байна гэж  хэвлэлээр бухимдлаа илэрхийлсэн. Энэ асуудал ер нь юу болж байгаа бол?

 -Ер нь Ц.Нямдорж гэдэг хүн ямар жудаггүй  болохыг  цаг хугацааны шалгарлаар монголчууд сайтар ойлгож байх шиг байна. Миний эсрэг Н.Энхбаярыг “нэгдүгээр хүн” байхад нь турхиран түүнээр олон удаа могой бариулсан. Хахаж үхтэл нь албан тушаал, эрх мэдэл Ц.Нямдоржид эдлүүлж  байсан Н.Энхбаярыгаа хүний мөсгүйгээр яаж  гутаан доромжиж, түүнд сэтгэл санааны  зовиур бий болгож байгааг надаар хэлүүлэлтгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр монголчууд мэдэж авсан шүү дээ. 2000 оны эхээр  Ц.Нямдоржийг ид мандаж “бурхангүй газрын бумба галзуурна” гэдэг шиг сагсалзаж байхад нь миний дээр хэлсэн үг хичнээн үнэн болохыг  та бүхэн  ойлгож байгаа биз ээ.

-МУИС-ийн захирлын  суудлын төлөө таныг өрсөлдөх сонирхолтой  байгаа гэж хүмүүс таамаглаж байна. Ер нь танд ийм бодол бий юу?

-Үүнээс өмнө МУИС-ийн захирлын сонгон шалгаруулалт хоёр ч удаа болсон.  Энэ үеэр  700 гаруй багштай  манай их сургуулийн багш нарын нэлээд нь “ Та нэрээ дэвшүүлээч” гэж  хэлж байсан. Би энэ хүсэлтийг одоо хүртэл дотроо бодсоор байгаа.

-Тантай нэг зүйлээр санал солилцох гэсэн юм. Өнөөдөр Төрөх эмнэлгүүдийн байдал үнэхээр хүнд байхад төрийн цээрлэл хүлээсэн ялтны эрхийг хамгаалах талаар их ярьж, байр сууцыг нь хүртэл сайжруулах гэж хөрөнгө мөнгө их хэмжээгээр гаргаж байгааг юу гэж ойлгох вэ?

-Хүн амины  аймшигтай  үзэшгүй муухай  гэмт хэрэг үйлдсэн этгээдийн амийг уучилж, хуруу дарам цөөн эдгээр хүмүүсийн эрхийг хамгаална гээд байдаг. Гэтэл энэ хорвоод удахгүй мэндлэх гэж байгаа Монгол Улсын ирээдүйн иргэн, түүний эхийн хууль ёсны эрх ингэж хөсөр хаягдана гэсэн чинь юу гэсэн үг вэ. Миний үзэж байгаагаар бүр энэ чиглэлээр монгол хүний эрхийг төр засаг тууштай хамгаалж эх, нярайн эндэгдлийг бууруулж, ирээдүйн хойч үеийнхний эрхийг хамгаалах талаар хөрөнгө хаяж,олон талт арга хэмжээ яахын аргагүй авахгүй бол үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал болж хувирчихаад байна шүү дээ.

-Та удам дамжсан Монголын нэртэй хуульч эрдэмтэн. Сүүлийн үеийн таны туурвиж байгаа бүтээлийг сонирхохгүй байж болмооргүй байна?

-Монголчууд өнөөдөр оюун санааны  гүн гүнзгий хямрал дор орчихсон байна. Дээд өндөрлөгөөсөө дороо хүртэл шударга бус явдал газар авчихсан. Дээдэс нь ханаж цадахааргүй шунахай сувдаг болсон.  Доодчуул нь бие биенээ сөхөрч унатал хулхиддаг. Ийм улс орон хөгжлийн гарц ирээдүйдээ итгэх найдвар алга болчихсон. Сүүлийн гурван жилд миний бие өвсөн дотроос зүү ирж байгаа юм шиг монголчуудын уламжлалт зан суртахуун тэр тусмаа Чингис хаантай холбоотой түүхэн эх сурвалжуудын дундаас тэр үеийн монголчуудын ёс суртахууны эрхэм чанаруудыг судалсны үндсэн дээр “Монголчуудын зан суртахууны гарваль” гэсэн номыг  цагаан сарын өмнө нийтийн хүртээл болголоо. Энэ номын санаа, агуулга нь Чингис хааны гал голомтыг манаж ирсэн 2,7 сая монголчуудыг оюуны хоосролоос гаргаж хөгжил дэвшлийн найдвартай замд оруулах нэг ёсны шаштир бүтээхэд чиглэгдсэн юм.

-Оюутолгойн гэрээ багагүй хэл ам дагуулж батлагдсан. Магадгүй Тавантолгой ч ийм асуудал үүсгэхийг үгүйсгэхгүй. Үүнд эрдэмтэн хүний хувьд таны бодлыг сонсмоор байна?

-Дэлхийд гайхагдсан ашигт малтмалын ийм том ордууд Чингис хааны үеэс бидэнд өвлөгдөн ирсэн хосгүй үнэ цэнэтэй баялаг юм. Энэ баялгийн жинхэнэ эзэд нь  бид юм. Тийм учраас үнэхээр ашиглах гарцаагүй  тэр тусмаа ирээдүй үедээ хувь хүртээхгүйгээр  хэрэглэх  зайлшгүй бодит шаардлага үүдсэн юм бол Оюутолгойн гэрээний асуудлыг дэлхий нийтийн жишигт нийцүүлэн шийдвэрлэх ёстой байсан. Өөрөөр хэлбэл, концессийн гэрээгээр  ашиглуулах байсан. Энэ гэрээг  нэг талд төр ба нөгөө талд гадаад дотоодын аж ахуйн нэгж байгаа нөхцөлд хувийн эрхзүйн гэрээний хэлбэрээр байгуулах ёстой байв. Монголын төр ордынхоо нөөцийн хэмжээ үнэлгээг гаргуулж нөгөө талаас  түүнийхээ  үнийг авах буюу эсвэл жил бүр төлбөр авч  улсын сан хөмрөгтөө оруулах байсан. Хэрэв гэрээний  нөхцлийг аж ахуйн нэгж зөрчвөл төр нэг талын санаачлагаар шууд гэрээг цуцална. Ийм гэрээг байгуулахад төрийг УИХ, Засгийн газар шууд төлөөлөхгүй. Харин Эрдэс баялгийн яам буюу түүний холбогдох агентлагийн удирдлага нөгөө талтайгаа гэрээг үзэглэнэ. Ийм нөхцөлд  Монгод Улс , Монголын ард түмний эрх ашигт нийцэх байсан. Хэрэв одоогийн Оюутолгойн гэрээний талаар ямар нэгэн маргаан гарвал хариуцагчаар УИХ татагдах болчихсон шүү дээ.

Б.Анхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж