
Английн хөлбөмбөгч Дэвид Бэкхэм жирийн нэг хөлбөмбөгчөөс “Бэкхэм” брэндийг бий болгосноос хойш багагүй хугацаа өнгөрчээ. Тэрбээр “Би нэр алдрын хойноос хэзээ ч хөөцөлдөж байгаагүй, зөвхөн хөлбөмбөг тоглохыг л хүссэн” гэж ярьдаг ч хөлбөмбөгөөс гадуурх ертөнцөөс, товчхондоо зар сурталчилгаанаас гэхэд л сая сая доллар олдог. Нэр алдарт дургүй гэж ярьдаг тэрбээр “Spice Girl” хамтлагийн дуучин Викториятай гэрлэснээр хүссэн, хүсээгүй ч Их Британийн хамгийн алдартай хүн болсон. Дөрвөн хүүхдийн аав тэрбээр MLS-ын “ЛА Галакси” багт үлдэхээр өнгөрсөн долоо хоногт гэрээгээ сунгасан билээ. Тэрбээр саяхан “Men"s Health” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Зодог тайлах яагаа ч үгүй, түүнээс өмнө хийж амжуулах зүйл олон байгаа” хэмээн ярьжээ. Тэрбээр мөн Лондонгийн олимпод Их Британийн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч болох найдвар тээж яваа гэнэ.
Н.Энх