Хэдхэн хоногийн дараа буюу ирэх сарын эхээр Улаанбаатар хотноо дэлхийн уул уурхай, эрчим хүчний салбарынхан Монголд цугларах гэж байна. Тэсгим хүйтэн өвлөөр, тэд дэлхийн хамгийн хүйтэн хотод ийнхүү цугларах болсон шалтгаан нь нөгөө л нүүрс. Харин гадаад, дотоодынхны анхаарлыг татаад байгаа нүүрсээ хэрхэн ашиглах талаарх төлөвлөгөөг Монголын төр хэдийнэ гаргачихаад байгаа юм.
Нүүрсний салбарт баримталж байгаа Монгол Улсын эхний бодлого нь олборлолт, экспортыг нэмэгдүүлэх. “Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Т.Наран нүүрсний олборлолт, экспортын хэмжээ өнгөрсөн онд нэлээд нэмэгдсэн талаар ярьсан юм. 2010 онд манай улс 25 сая тонн нүүрс олборлосны 17 сая тонныг нь Хятад руу экспортолжээ. Тэгвэл өнгөрсөн 2011 онд 33 сая тонн коксжих нүүрс олборлож, 23 сая тонныг нь бас л урд хөрш рүү гаргасан бөгөөд хоёр тэрбум ам.долларын ашиг олжээ. Монголын нүүрсний экспортын том зах зээл бол Хятад, тийм ч учраас Монголоос гарч байгаа бүх нүүрс тус улсад нийлүүлэгддэг. Харин цаашдаа Хятадын Тяньжинаар дамжуулж нүүрсээ олон улсын ханшаар Япон, Солонгост зарах, дэлхийн зах зээлд гаргахаар төлөвлөж байгаа юм. Ерөнхий төлөвлөгөөгөөр 2017 онд 100 сая тонн нүүрсийг олборлохоор тооцжээ.
Хоёр дахь төлөвлөгөө нь нүүрсийг угааж баяжуулах. Дэд бүтцийнхээ асуудлыг сайжруулах. Монгол Улсын экспортоос олсон орлогын дийлэнхийг нүүрс бүрдүүлж байгаа ч харамсалтай нь монголчууд дэлхийн зах зээлээс хэтэрхий бага үнээр хятад ченжүүдэд нүүрсээ зардаг. Өөрөөр хэлбэл, дэлхийн эрчим хүчний шуналыг хөдөлгөөд байгаа Монголын коксжих чанарын нүүрсийг хятадууд 30-116 ам.доллараар худалдан авч байна. Монголчууд нүүрсээ хямдхан борлуулж байгаа шалтгааныг Ашигт малтмалын газрын Нүүрс судалгааны хэлтсийн дарга С.Алтанхуяг хэд хэдэн үндэслэлээр тайлбарласан. Нэгдүгээрт, Монгол Улс далайд гарцгүй, дэд бүтэцгүй. Хоёрдугаарт, нүүрсийг 100 хувь түүхийгээр нь экспортолж байна. Гуравдугаарт, тээвэрлэх хэмжээ, жингийн хувьд асар их байгаа гэнэ. Тиймээс энэ оноос анхан шатны боловсруулалт хийж, цаашдаа эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргахаар төлөвлөж байгаа гэнэ лээ.
Энэ чиглэлээр эхний ээлжинд “Энержи Ресурс” компанийн Ухаа худаг дахь уурхайд Монголын анхны гэх тодотголтой нүүрс угааж, баяжуулах үйлдвэр ашиглалтад орсон. Хоёр дахь нь тун удахгүй ашиглалтад орох бол гурав дахь баяжуулах үйлдвэрийг энэ ондоо багтаан барьж дуусгахаар төлөвлөж байна. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компани баруун Цанхийн ордод түшиглэн угааж баяжуулах үйлдвэр барих юм. Түүнчлэн Гашуун Сухайтын орд дээр мөн анхан шатны боловсруулалт хийх төсөл хийгдэж байгаа бол “Саусгоби сэндс” компани нүүрс угааж, баяжуулах үйлдвэр барихаар болжээ. Цаашилбал, нүүрсний борлуулалтад сөргөөр нөлөөлдөг нүүрс тээвэрлэлтийн асуудлыг шийдвэрлэхээр шинэ төмөр зам тавих ажлыг яаравчлахын тулд Хөгжлийн банкнаас эхний ээлжинд 20 сая ам.долларыг төмөр замын салбарт өгөөд байна.
Монгол Улсын гутгаар төлөвлөгөө нүүрснээс түлш гаргах явдал. Нүүрснээс маш олон төрлийн бүтээгдэхүүн гаргаж авдаг бөгөөд тухайн улс орны хэмжээнд нөөц нь их байх тусмаа улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь өндөр байдаг аж. Иймээс ч нүүрс нь стратегийн ач холбогдол бүхий түүхий эдэд тооцогддог. Нүүрснээс шингэрүүлсэн түлш гаргаж авах судалгааны ажил эхэлсэн талаар Ашигт малтмалын газрын Нүүрс судалгааны хэлтсийн дарга С.Алтанхуяг ярьж байна лээ. Тухайлбал, Монгол, Германы засгийн газрын хамтын ажиллагааны гэрээнд Монголд шингэн түлш гаргаж авах үйлдвэр байгуулах судалгааны ажил хийж байгаа гэсэн.
Харин дөрөв дэх ажил нь эрчим хүчний нүүрсийг зах зээлд гаргах. Эрчим хүчний нүүрсний чиглэл зах зээл рүүгээ 100 хувь шилжээгүй байгаа. Энэ нь тодорхой үе шаттай хийгдэх асуудал гэсэн. Дулааны цахилгаан станцуудад нүүрс нийлүүлэгч Багануур, Шивээ-Овоо, Адуунчулуун, Шарын гол зэрэг уурхай байнга алдагдалтай ажиллаж байгаа. Үүнд төрөөс тодорхой хэмжээгээр татаас өгдөг ч энэ хангалттай хөрөнгө оруулалт болж чаддаггүй аж. 2006-2008 онд эрчим хүчний нэг тонн нүүрсний үнийн цэвэр өсөлт нь дунджаар 1000 төгрөг байсан. Тэгвэл 2009-2011 он гэхэд эрчим хүчний нүүрсний нэг тонн цэвэр борлуулалтын үнийн өсөлт 5500 төгрөг болсон байна. Монгол Улсын эдийн засгийн тэлэлттэй уялдаж, тавдугаар цахилгаан станцыг барьж эхлээд байгаа юм. Түүнчлэн эрчим хүчний зургаа дахь шинэ эх үүсвэрийн тухай ч ярьж эхэлсэн. Дорнод аймагт гэхэд 100 мВт/цагийн дулааны цахилгаан станц барих, энэ цахилгаан станцыг Адуунчулууны нүүрсээр хангахаар төлөвлөсөн. Энэ мэтээр эрчим хүчний нүүрсний хэрэглээ ойрын жилүүдэд 15 сая тонн болж өсөх гэнэ. Өнөөдрийн байдлаар зургаан сая тонн эрчим хүчний нүүрсийг Монгол Улс хэрэглэдэг.