Төсөв батлуулахын тулд аюулын тухай онолддоггүй

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

Төсөв батлуулахын тулд аюулын тухай онолддоггүй

“Өнөөдөр” сонины мягмар гаригийн №019 (4483)-т УИХ-ын гишүүн Л.Болдын “Аюулгүй байдлын орчны өөрчлөлт, улс орныг батлан хамгаалах стратеги” сэдэвт лекцийн тухай “Батлан хамгаалахын “хуучин” сайдын “шинэ” илтгэл” гарчигтай өгүүлэл нийтлэгджээ. Уг өгүүлэл аюулгүй байдал, батлан хамгаалах асуудал, цэрэг стратегийн талаар өдөр тутмын сонины хуудаснаа тэр бүр өрнөөд байдаггүй онолын мэтгэлцээнийг өрнүүлж, салбарын мэргэжилтнүүдийг уриалан дуудаж байгаагаараа ач холбогдолтой болох нь маргаангүй. Ер нь сүүлийн жилүүдэд нийгмийн олон салбарт, тэр дотроо төрийн үйл ажиллагаанд онолын мэдлэгийг үгүйсгэх, практикт хэт дулдуйдах үзэгдэл газар авч, түүнийгээ “прагматик” байх хэмээн цайруулах болсон нь үнэн. Ч.Сосорбарамын эл шүүмжид дурдсантай адил, төстэй онолын мэтгэлцээн цаашид ч үргэлжлэн өрнөх нь манай улсад харьцангуй шинэ тутам аюулгүй байдал судлалыг хөгжүүлэхэд дөхөм болох биз ээ.

Харамсалтай нь, уг өгүүлэл энэ салбарын өргөн мэдлэгтэй зохиогчийнх нь оюуны царааг бүрэн харуулж чадсангүй, өөр зорилго агуулсан мэт сэтгэгдэл төрөхөөр болжээ. Аливаа бүтээлийн шүүмжийг бичихэд эн тэргүүнд баримтлах дүрэм бол бүхэллэг хандах явдал билээ. Үүнийг “контекстээр нь харах” ч гэж томъёолох нь бий. Аль нэг өгүүлбэрийг контекстээс гадуур эшлэн түүгээр нийт бүтээлийн гол санааг нь тодорхойлох үзэгдэл бол танин мэдэхүйн хамгийн том алдаа, логикоос гадуурх аргачлал. Л.Болдын уг лекцийг хэсэгчлэлгүй, бүхэлд нь уншсан хүн “Монгол Улсад гаднын аюул, заналхийлэл алга” гэсэн үг, өгүүлбэрийг төдийгүй тийм тойруу санааг ч олж харахгүй.

Харин хоёр хөрш орон хүчтэй засаглалтай, тогтвортой байгаа нөхцөлд манай улсын тусгаар тогтнолд шууд заналхийлэх магадлалыг үгүйсгэж болох талаар, мөн ийм нөхцөлд гуравдагч орны зүгээс тэдний нутаг дэвсгэрээр дамжин ирэх уламжлалт аюул заналыг мөн ойрын болон дунд хугацаанд үгүйсгэж болохыг л дурджээ. Үүнд эргэлзээд байх зүйлгүй болов уу.

Дотроо хэд хэд хуваагдаж, иргэний дайнд нэрвэгдсэн Орос, Хятадын зүгээс л Монголд аюул нүүрлэж байсныг түүхийн ухааны доктор Ч.Сосорбарам мэдэхийн цаагуур мэдэж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Мөн тийм үед л гуравдагч орны зүгээс тэдний нутаг дэвсгэрээр дамжин заналхийлж байсны жишээ болгож Халх голын байлдааныг дурдахад л хангалттай. ОХУ, БНХАУ-ын хувьд ойрын ирээдүйд ингэтлээ доройтно гэсэн прогнозыг одоогоор өөрсдийнх нь ч, өрөөлийн ч судлаачид гаргаагүй байна. Харин хөрш орнуудад маань улс төр, нийгэм, эдийн засгийн асуудлууд хуримтлагдсаар уламжлалт бус аюул эрсдэлийн хэлбэрийг нэгэнт олоод байгаа, тэр чинээгээр манай улсын аюулгүй байдлын гадаад орчин илүү эмзэг болж байгаа талаар илтгэлд тодорхой өгүүлсэн байх юм.

“Урьд байгаагүй эдийн засаг, ашигт малтмалын ашиг сонирхол Монголд хоёр хөршөөс бий болж, тэр утгаараа аюул заналхийллийн магадлал нэмэгдэж байгаа шүү дээ” гэсэнтэй маргах аргагүй. Гэвч уг санаа Л.Болдын сайхь лекцэд тэр чигээрээ байж байх юм. Тухайлбал, “Монгол Улсын хувьд ч эдийн засгийн өсөлтийн өндөр үзүүлэлтийг харуулахын хэрээр дэлхий нийтийн, ялангуяа их гүрнүүд, тэдгээрийн аж ахуйн нэгжүүдийн анхаарлыг татах болов. Хөрш орнуудын анхааралд хэт их өртөөгүй, олон улсын тавцанд маневрлах бололцоо харьцангуй илүү, тэр чинээгээрээ харьцангуй таатай цаг үе аажмаар улиран одож байгааг бид бүгд анхааралдаа авах нь зүйтэй” гэж хэлсэн нь шүүмжлэгчийн санаанаас зөрж байгаа зүйл үнэндээ алга.   

Шүүмжийг бичигч мөн “уг нь цэргийн аюул нь хөрш орнуудад цэрэг арми нь байсаар байгаа бол байж байдаг зүйл” гэж онцлон тэмдэглээд “аюул”, “заналхийлэл” хоёрын ялгаа заагийг ихэд чухалчилжээ. Ингэж тодруулах нь зүйтэй боловч аюулгүй байдал судлалд эдгээрээс гадна “эмзэг байдал”, “сорилт”, “эрсдэл” зэрэг шинэ шинэ ухагдахуунууд бий болж, тус бүртээ зааг ялгаатай, дотроо уламжлалт ба уламжлалт бус гэх задаргаатай болсныг мөн л дурдах учиртай юм. Зөвхөн уламжлалт хоёр ойлголтыг шүүрэн авснаар гарсан алдаагаа залруулахын тулд “тойруу замаар заналхийлэх” гэх цоо шинэ ойлголтыг шүүмжлэгч маань өөрөө зохиогоод түүнийгээ “сэдэлт” хэмээх утга бүхий англи үгээр орчуулан тайлбарлахыг оролджээ.

ОХУ, БНХАУ хоёул амин чухал орон зайгаа томъёолж түүнийгээ хамгаалах, мөн иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах зорилгоор цэргийн хүч хэрэглэхийг ямар нэг хэмжээгээр зөвтгөх бодлого барьж байгаа нь үнэн. Илтгэлд үүнийг тодорхой жишээгээр дурдсныг шүүмжлэгч маань олж хараа­гүй бололтой. Гагцхүү манай улсад чиглэж болох мөнөөх “тойруу заналхийлэл” гээд байгаа зүйлийг бид өөрөөсөө холдуулах ёстой болохоос биш “заналхийлэл” гэсний хэрээр цэрэгжсэн, зэвсэгжсэн дэглэмтэй улс болох учиргүйсэн. Үүнийг л “аюулгүй байдлаа улс төр-дипломатын аргаар хангах” гээд байгаа юм. Энэ бол Үндсэн хуулинд үзэл санаагаараа, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд үг үсгээрээ тусгагдан хуульчлагдсан зүйл. Энэ юу гэсэн үг вэ гэвэл товчхондоо ОХУ-ын хувьд Гүрж шиг, БНХАУ-ын хувьд Тайвань шиг болж болохгүй л гэсэн үг. Бүр тодруулбал, Оросын эсрэг, Хятадын эсрэг илт өдөөн хатгасан бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлж болохгүй, тэгж ойлгогдохоор алхам хийж болохгүй гэсэн үг. Тийм ойлголт төрө­хөөр зүйл байвал залруулж, цэгц­лэх ёс­той гэсэн үг. (Л.Болд уг илтгэлдээ НАТО-той харилцаж байгаа байдлыг энэ талаас нь тайлбарласан байна билээ).

ОХУ, БНХАУ дэлхийн улс төрийн тавцан дахь байр сууриа чангатгахын хэрээр цэргийн хүчин чадлаа зузаатгаж, төсөв зардлаа нэмж байгаа нь үнэн бөгөөд харин үүнд уулга алдан халаглах, сандарч байгаа мэт мэгдэх шаардлага монголчууд бидэнд байх учиргүй юм. Хүчтэй Орос, хүчтэй Хятадаас манайд улс төр, эдийн засгийн дарамт шахалт ирэх бол сул дорой Орос, сул дорой Хятадаас цэргийн аюул нь ч, заналхийлэл нь ч шууд ирнэ. Хамгийн гол нь бид өдөр тутмын хэвлэлийн хуудсаар монголчууд Орос, Хятадыг “аюул”, “заналхийлэл” гэж харж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж болохгүй юм. Хэдийгээр энд дурдагдаж байгаа илтгэл Л.Болд гэдэг хувь хүний үзэл бодлын тусгал боловч хашиж байгаа албан тушаалынх нь илэрхийлэл, тэр утгаараа Монгол Улсын байр суурь гэж ойлгогдох магадлалтай. Тийм учраас энэ лекцийг үг, өгүүлбэрээр хөөцөлдөх бус, үгэнд “боосон” санааг нь мөр хоорондоос олж унших учиртай гэж бодож байна.

Шүүмжлэгч мөн “зөөлөн хүч” гэх ойлголтыг 2000 оны дунд үеэс БНХАУ-д анх яригдаж эхэлсэн гэж дурдсан нь мэдээлэл дутсаных уу, эс бөгөөс үүнийг ерөөс Хятадаас гаралтай санаа гэж уншигчдад ойлгуулах гэж зориуд оролдсоных уу? “Soft power” гэдэг бол угтаа өрнөдийнхний, тэр дотроо америкчуудын гаргасан ойлголт. Товчхондоо улс орны хүчин чадлыг улс төрийн нөлөө, байр суурь, цэрэг, зэвсгийн хүчээр хэмжихээс гадна эдийн засаг, шинжлэх ухаан, соёл, ялангуяа “масс культур” гэгдэх үзэгдэл, спорт, шоу цэнгээний хүчээр бусдыг татах, бусдад нөлөөлөх чадамжийг оруулан тооцохыг хэлж байгаа хэрэг. Жозэф Найгаас бүр өмнө Збигнев Бжезиньски ч энэ талаар бичиж л байсан. Америкийн Холливуд, Солонгосын дэлгэцийн урлаг, Францын хоолны соёл, Бразилийн хөлбөмбөг, Хятадын оюуны соёл гэх брэндүүд тухайн улсынхаа hard power-аас дутахгүй нөлөөтэй гэдгийг дэлхий нийт зөвшөөрөх болсон. Харин Чингис хаанаасаа өөр брэндийг бодож олохоос хойргошоодог болсон монголчуудын хувьд нэгэнт олон улсад зохих хүндлэлийг олсон энхийг сахиулагчдаа ийм soft power гэж хүндэтгэе, дэмжье л гэсэн санаа гэж ойлгож байна. Үүнийг заавал Хятадын Күнзийн институттай холбон тайлбарлахын хэрэг юун. Мэдээж Монголын soft power энхийг сахиулагчдаар хязгаарлагдахгүй, харин салбар бүр бахархлаа ингэж тодорхойлоосой билээ.

Батлан хамгаалахын сайд асан Монгол Улсад Зэвсэгт хүчин яагаад хэрэ­гтэй болохыг мөнөөх soft power гэсэн санаандаа дулдуйдан тайлбарласнаас гадна Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдал, цаашилбал бүрэн эрхт байдал хэсэгчлэн алдагдахуйц нөхцөл үүсвэл Зэвсэгт хүчин, хүчний байгууллагууд бэлэн байх ёстойг мөн тэмдэглэсэн байна. (Дашрамд дурдахад, “тусгаар тогтнол” гэдэг бол цэвэр олон улсын эрх зүйн асуудал бөгөөд дээрх гурваас тэс ондоо, ер нь энэ дөрөв тус тусдаа ялгаатай ойлголт юм. Тиймээс “тусгаар тогтнолд заналхийлнэ”, “тусгаар тогтнол алдагдана” гэж ярих нь онолын хувьд угаасаа буруу). Энэ бол хөрш орны зүгээс (албан ёсны төр, засгийнх нь зүгээс) цэргээр заналхийлэх гэдэг утгаараа хэлэгдэж байгаа хэрэг  бус. Энгийнээр тайлбарлавал, 1948 оны баруун хилийн тулгаралтархуу юм тохиолдвол яах вэ л гэсэн үг. (Дахин хэлэхэд, хүчтэй Орос, хүчтэй Хятад оршин тогтносоор байвал ийм зүйл болохгүй). Мөн террорист халдлага гарвал яах вэ гэсэн үг. Ийм дайсантай цэргийн хүчээр л тулна, гэхдээ тэр цагт манай энхийг сахиулагчдын дэлхийн халуун цэгт үүрэг гүйцэтгэж олж авч байгаа ажиллагааны бэлтгэл л аминд орно. Үүнийг Энэтхэг зэрэг орнууд “босогчидтой босогчдынх нь аргаар тулалдах бэлтгэл” гэж томъёолдог юм билээ. Иймэрхүү санааг Л.Болд лекцээрээ дамжуулан хэлж, энхийг сахиулах ажиллагаа гэдэг бол хаа нэгтээгээс санхүү мөнгөний тусламж авах гэсэн арга ядсан ажил биш ээ хэмээн ойлгуулах гэсэн биз.

Түүнчлэн энхийг сахиулах ажил­ла­­гааны бэлтгэлийг зөвхөн Зэвсэгт хүч­нээр хязгаарлах биш, хүчний бүх байгууллагыг олон улсын сургалт, дад­лагад татан оролцуулахыг тэрээр санал болго­сон байна. Харин энэ талаар шүүмж­лэгч маань огт дурдсангүйг бодоход зөвшөөрч байгаа бололтой. Үнэн­дээ манай улсад хүчний байгуул­лагууд хоорондоо тийм ч сайн харилцан ажилладаггүйн нэг жишээ нь 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг явдлаар тод харагдсан. Адаглаад л цагдаагийн албан хаагчид “Хааны эрэлд” мэтийн сургуульд оролцдог байсан бол энхийг сахиулах ажиллагааны нэг чухал арга “үймээн хянах” (riot control) сургалтад хамрагдчих байсан шүү дээ. Энэ мэт сургалт, стандартаа нэгтгэж хамтран зүтгэе гэж уриалахдаа өөрийнх нь удирдаж буй салбарын зарим нэгнийх нь зүгээс цухалзаад байдаг хүчний бай­гуул­лагуудыг механикаар нэгтгэж авах гэсэн амбицийг ч дарах шиг болсон.

Зэвсэгт хүчний бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадвартай холбоотой асуудал ч юм уу, олон улсын ажиллагаанд оролцох оролцоогоо нэмэгдүүлэх бод­логын талаар мэтгэлцэх, шүүмжлэх зүйл байгаа юу гэвэл байгаа. Энхийг сахиу­лах ажиллагааны ач холбогдол хэдий хэмжиж баршгүй ч хаана, ямар улсад, ямар хэмжээгээр оролцох талаар ул суурьтай шийдвэр гаргаж байх учиртай болов уу. Цэргийн албан хаагчдын нийт тоо, энхийг сахиулах ажиллагаанд оролцогсодын тоон зохист харьцаа гэж байдаг уу, тийм бол тэр харьцааг манайх барьж чадаж байгаа юу гээд онолдвол ч онолдохоор асуудлууд бий. Хатуухан хэлэхэд “урьсан болгонд нь гүйж очоод байх” нь зөв эсэхэд эргэлздэг хүмүүс ч цэргийнхэн дунд байдаг юм билээ. Энэ мэт асуудлаар шүүмж өрнүүлэх нь үг, өгүүлбэрээр хөөцөлдөхөөс илүү үр өгөөжтэй байсан болов уу.       

Уг шүүмжээс санаа авах, анхаарах ёстой зүйл байгааг дурдах ёстой юм. Тухайлбал, “илтгэлд мэдээллийн дайны ач холбогдлыг ч нэлээд өргөснөөр аюулгүй байдлын орчны төсөөлөл илүү харагдах ёстой байсан болов уу” гэсэнтэй маргах аргагүй. Ер нь энэ шүүмж ажил хэрэгч чанартай, оюуны бүтээлийн хэмжээнд гарч болох боломж байсныг зиндаа доошлуулж, ач хол­богд­лыг нь бууруулж буй хоёр зүйл илт ажиглагдаж байна. Нэг нь дээр тодор­хой жишээгээр харуул­сан бүхэллэг бус, түүвэрлэсэн шинжил­гээ­ний аргачлал юм. Харин нөгөө нь улс төржсөн хандлага буюу дэвшүүлсэн асуудалд бус, Л.Болд гэдэг улс төрчид хаягласан гэмээр үгс болжээ. Улс төрчийн хувьд таагүй ханддаг байж болно. Сайдын хувьд үйл ажиллагааг нь харлуулах сонирхол ч байж болно. Гагцхүү хамтарсан Засгийн газарт ажиллаж байсан зургаан сайдыг УИХ үүрэгт ажлаас нь чөлөөлсний дараа ийм нийтлэл бичиж, түүндээ ЗХЖШ-ын дарга, төрийн нарийн бичгийн дарга зэрэг удирдах албан тушаалтныг ч “хавчуулахаа” мартаагүй нь эрхэм шүүмжлэгч улс төрийн гэмээр өөр зорилго агуулсан юм биш биз гэсэн сэтгэгдэл төрж байна.     

Онолоор мэтгэлцэх нь сайн хэрэг. Гагцхүү энэ өгүүллийн эцэст бичсэн шиг “цэргийн аюул байгааг ойлгуулж байж төсвөө батлуулдаг зүй тогтолтой” биш байх аа. Төсөв батлуулахын тулд аюулын тухай онолддоггүй юмсан.

Д.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж