
Монголд зэс хайлуулах үйлдвэр барихыг дэмжсэн шийдвэр гаргасан юм. Энэ
нь баялгийг түүхийгээр нь бус харин бүтээгдэхүүн болгож байна гэх
утгаараа сайн хэрэг. Ёстой л болдог бол өнөө маргаашгүй л барихсан гэж
бодогдмоор. Гэвч асуудлын нөгөө тал гэж бас байна. Хэрэв ийм үйлдвэр
байгуулаад яг одоо ашигладаг юм гэхэд бид эдийн засгийнхаа өөр нэг
“судсыг ханачихаж” байгаа хэрэг гэнэ. Ямар учиртай болоод ингэж яригдаж
байгаа талаар мэргэжлийн салбарт нь ажилласан хүний үгээр дамжуулан
ойлголт өгөх нь зөв гэж бодлоо. Ингээд УИХ-ын гишүүн Х.Наранхүүтэй
ярилцахаар зорьсон юм. Ажил хэрэгч хүнтэй хийсэн яриа маань элдэв
оршилгүй шууд л гол зүйлээсээ эхэллээ.
-Зэсийн үйлдвэр
байгуулах асуудал шийдэгдчихлээ гэж ойлгож байгаа ч дагалдаад бас
асуудал гарах юм шиг байна, тийм үү?
-Одоогийн гарч байгаа
шийдвэрийг яг шийдэж байна гэж хэлэхэд бас хэцүү. Яагаад гэвэл энэ чинь
их хэмжээний мөнгөний асуудал. Барагцаалбал 300-400 сая ам.долларын
асуудал. Тэгэхээр ийм мөнгө Монголын төрд ч байхгүй, Засгийн газарт нь ч
байхгүй. Үнэндээ бол Монгол улс чинь өнөө маргаашийнхаа жилийн төсвийг
тэнцүүлэхийн тулд гаднаас зээл авч байгаа шүү дээ. Тийм болохоор УИХ-аас
гарч байгаа шийдвэр бол дараахь байдлаар л ойлгогдоно.
Нэгдүгээрт
ийм үйлдвэр байгуулах асуудалд түлхэц өгье, хоёрдугаарт гадаадын болон
дотоодын энэ чиглэлээр хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүст ийм үйлдвэр
байгуулбал Монголын төр анхаарч дэмжих юм байна гэсэн “мессеж” өгье
гэсэн л зорилготой. Гадаадынхан энэ үйлдвэр ашигтай учраас хөрөнгө
оруулах сонирхолтой л доо, уг нь ч.
– Асуудал одоо л орж ирж
байгаа нь жаахан хожуу биш үү ?
-Тодорхой нөхцөл байдал
харсан тал бий байх л даа. Түүнээс гадна гадаадын ч бай дотоодын ч бай
зэс хайлуулах үйлдвэр байгуулахад төрөөс зохион байгуулах ёстой хэд
хэдэн ажил байдаг юм. Өмнө нь ч тэрнээс л болж шийдэгдэхгүй байсаар
ирсэн. Монголын төрөөс одоо ямар ажил хийж болох вэ гэхээр….ийм байна.
Нэгт, байгаль орчны талаар ямар нөхцөл тавих вэ гэдэг бодлогоо
тодорхой болгох ёстой. Учир нь үйлдвэрийг барих олон аргууд байна.
Байгальд багагүй бохирдол учруулдаг хуучин аргаар хийж болно. Ингэвэл
нэлээд хямд тусна. Бүр сүүлийн үеийн технологи гэвэл байгаль орчиндоо
ээлтэй. Гэхдээ чамгүй үнэтэй. Тэр мөнгө нь байна уу үгүй юу гэдэг
асуудал бас гарна.
Хоёрт, байршлыг нь чухам хаана вэ гэдгийг товлох
асуудал ч байна. Энэ нь бас л сайн бодож шийдэх ёстой асуудал болж
байгаа.
Гуравт, цэвэр зэс дотооддоо үйлдвэрлэнэ гэдэг чинь манай
эдийн засгийн бусад салбарт бас нөлөөлнө.Сөргөөр гэсэн утгаар аа.
-Жишээ
нь ямар байдлаар гэж…?
-Жишээлбэл, өнөөдөр Монголын төмөр
замын зөөж байгаа нийт ачааны бараг тал хувь нь зэсийн баяжмал байдаг
юм. Үнэндээ бол тэр зөөж байгаа зэсийн баяжмалын чинь дөрөвний гурав нь
шороо байдаг. Харин дөрөвний нэг нь л зэс байдаг байхгүй юу. Хэрэв
Эрдэнэтийн эзсийг л гэхэд зэсийн баяжмалаас нь салгаад зэсийг нь эндээ
хайлуулаад гаргаад авна аа гэх юм бол эндээс төмөр замаар зөөж байгаа
ачаа дөрөв дахин багасах юм. Яахав, Эрдэнэт үйлдвэр тээврийн зардлаа
дөрөв дахин хэмнэнэ л гэсэн үг. Тэгэхдээ нөгөө талдаа манай төмөр замын
Эрдэнэтээс зөөх ачаа дөрөв дахин багасч ч л байгаа юм.
Энэ мэтчилэн
Монгол улсад сайнаар бөгөөд муугаар нөлөөлөх олон юм бий. Цаана нь
эрчим хүчний асуудал бас байна. Зэс хайлуулах үйлдвэр чинь одоо
Эрдэнэтийн хэрэглэж байгаа хэмжээтэй ижил цахилгаан хэрэглэнэ. Яг одоо
бол тийм хэмжээний цахилгаан манайд байхгүй. Тэр цахилгааныг нь явж явж
манайх л хангаж өгөх ёстой болно. Үйлдвэр барих гэж байгаа улс дахиад
нэг цахилгаан станц барина гэж байхгүй л байх. Тэгэхээр энэ мэт олон
асуудал байгаа. Сая гарсан шийдвэр бол манай төр энэ үйлдвэрийг барих
асуудалд ач холбогдол өгч байгаа гэдгийг л илэрхийлсэн юм. Хэрэв энэ
үйлдвэрийг барих хөрөнгө оруулагчид гарч ирэх юм бол төр өөрөөс хамаарах
ажлаа хийх юм байна гэсэн л санаа л даа.
-Танаас асууна гэж
бодож ирсэнийг түрүү та хэлчихлээ. Төмөр замтай холбоотой асуудал бий
гэж сонсож байсан юм. Анхандаа тийм их нөлөөлдөг гэж үү гээд эргэлзэж
байсан шүү?
-Хуучин бол УБТЗ-ын сүлжээгээр Орос Хятадын
хооронд нэлээд ачаа эргэлт явдаг байсан юм. Манайд ОХУ-ын Юкос компани
ажиллаж байхад тэдний ачааг Хятад руу их зөөдөг байсан юм. Гэтэл одоо
тэр ажил нь байхгүй болсон. Үүнээс болоод манай төмөр замын ачаа тээвэр
бараг хоёр дахин унасан юм. Одоо бол УБТЗ-ын нийт ачаа эргэлтийн 40
хувийг Эрдэнэтээс гарч байгаа зэсийн баяжмал эзэлж байгаа болов уу. Би
багцаа тоо л хэлж байна л даа. Дээр нь Эрдэнэт бол төлбөрийн чадвар
сайтай, сайн хэрэглэгч шүү дээ. Мөнгөө өгөхгүй байна гэж байхгүй. Тэгээд
ачаа нь байнгын зөөгдөж байдаг. Өвөл зун ялгаагүй. Яагаад гэвэл
үйлдвэрлэл тасралтгүй ажиллаж байдаг юм. Өдөр шөнөгүй л ажиллана. Шөнө ч
бай өдөр ч бай яг жигд, ямар ч тасалдал байхгүй. Энэ утгаараа бас эрчим
хүчний үйлдвэрлэлийн томоохон, найдвартай төлөгч нь болдог юм.
-Оросын
тал зэсийн хайлуулах үйлдвэр байгуулна гэдэг асуудалд таагүй хандаж
байгаа гэсэн яриа сонссон л доо…?
-Тийм яриаг би л лав
сонсоогүй. Харин өмнө нь Эрдэнэт үйлдвэрийг ийм зэс үйдвэрлэх үйлдвэр
бариач ээ гэж нэг хэсэг ярьдаг байсан. Энэ асуудал дээр Эрдэнэт
үйлдвэрийн захиргааны аль ч тал нь таатай хандаагүй. Өнөөдөр Эрдэнэтийг
ийм үйлдвэр барихад зориулж мөнгө гарга гэх юм бол хэцүү л дээ. Эрдэнэт
чинь өөрөө өртэй. Нөгөө талаас Эрдэнэтэд Оросын тал хөрөнгөө оруулаад 30
жил болж байгаа. Тэгээд авах ашиг нь хаана, хэзээ гарах нь тодорхойгүй л
байна. Тэгээд дээр нь нөгөө оногдох ёстой ашгаас нь мөнгө гаргана аа
гэвэл тэр талаасаа дургүй байж магадгүй. Жишээ нь бид Оросын нэг
үйлдвэрт хөрөнгө оруулчихаад ашгаа хараад байж байсан чинь тэрийг нь өөр
нэг үйлдвэр барихад зарцуулна гээд цаашаагаа аваад байвал ямар байх вэ.
Энийг бид бас ойлгох ёстой юм.
Харин зүгээр Эрдэнэт үйлдвэрээс огт
мөнгө гаргуулахгүйгээр өөр хэн нэг нь барьчих юм бол тэрэн дээр
татгалзаад, дургүйцээд байх юм байхгүй дээ. Яагаад гэхээр Эрдэнэтээс
тээвэрлээд, дээр нь хил гаалийн татвараа өгөөд тэгээд зэс болгож зарж
байсны оронд энд боловсруулаад Эрдэнэтэд л зарчихаж болно гэсэн үг.
Ингэвэл тээврийн зардал, элдэв татвар төлөхгүй гээд Оросын талд ашигтай
болох учиртай юм.
-УБТЗ бас л Оросын талын хөрөнгө оруулалттай
шүү дээ. Тэгэхээр ачаа эргэлтэд нөлөөлнө гээд оросууд дургүйцээд байгаа
юм болов уу л гэж…?
-Зэс хайлуулах үйлдвэр барина гэдэгт
Оросууд дургүйцнэ гэж байхгүй. Зүгээр харин төмөр замын ачаа эргэлтэд
сөрөг нөлөөтэй гэвэл мэдээж бодох учиртай. Тэр талаасаа бол Оросын тал
битгий хэл Монголын тал ч дургүйцэх ёстой. УБТЗ чинь угаасаа ашиггүй
үйлдвэр. Улсын төсөвт мөнгө төлдөггүй үйлдвэрлэл. Тийм байхад нь
тээвэрлэдэг ачааг нь ингээд багасгачихна гэдэг бол хэцүү л дээ. Тэгэхээр
энэ төмөр замын ирээдүйг Монголын тал нь ч давхар бодох ёстой л байх.
Харин
Оюутолгой болоод Тавантолгойн орд газрууд үйлдвэрлэлийн хэмжээнд
ашиглагдаад ирвэл өөр хэрэг. Ингэвэл хэдийгээр Эрдэнэтээс өгдөг ачаа
багассан ч бусад ачаа эргэлт нэмэгдэх учраас төмөр замд муугаар
нөлөөлөхгүй байх. Тэгэхдээ энэ яригдаад байгаа зэс хайлуулах үйлдвэр
байгуулна гэдэг чинь бас л 3-4 жилийн ажил юм шүү дээ. Тэр хооронд
Оюутолгой,Тавантолгой энэ тэр ашиглалтад орчихвол зэс хайлуулах үйлдвэр
баригдсан ч төмөр замд хүндээр тусах сөрөг нөлөө үзүүлэхгүй. Харин одоо
баригдах юм бол хэцүү. Одоо тэгэж Эрдэнэтийг орлохоор ачаа УБТЗ-д
байхгүй.
М.Наст