Өрхийн судалгаа, мэдээллийг нийгмийн салбар, үйл ажиллагааны чиглэл хамааралгүй хоёр үндсэн чиглэлд хуваан авч үзэх юм байна. Тодруулбал, нэг талаас өрх гэрийн эдийн засгийн чадамж, нөгөө талаас өрхийн бүрэлдэхүүн буюу нэг айлд хэдэн хүн амьдарч байгаа зэргийг харгалзах аж. Үүний тулд яамдууд тухайн салбарынхаа чиглэлийн дагуу харьяа дүүргийнхээ өрхийн мэдээллийг хугацааны шатлалтай, сар улирлаар нь дэлгэрэнгүй бүрдүүлж авах хэрэгтэй юм. Жишээ нь, Гадаад хэргийн яамны тухайд, хилийн чанадад ажиллаж амьдарч буй айл өрхийн орлогын, эрүүл мэндийн, хөдөлмөр эрхлэлтийн дэлгэрэнгүй мэдээллийг гарган өгч, тулгамдсан асуудлыг тодорхойлохын хамт түүнийг шийдвэрлэх арга замыг боловсруулах шаардлагатай ажээ.
НХХ-ийн сайд Т.Ганди яамдуудад “Өрхийн хөгжил”-ийн талаар авч хэрэгжүүлэх ажил, үүргийн чиглэлийг дараах байдлаар өгөв.
-Гадаад хэргийн яаманд, “Манай улсын иргэд хилийн чанадад гэр бүлийн хамт ажиллаж, амьдрах тал дээр анхаарал тусламж багатай байдаг. Тэгэхээр гэр бүлээр нь эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, нийгмийн халамжийг хүргэхэд хэрхэн анхаарч ажиллах төлөвлөгөө болон мэдээллийг гарган өгөх. Түүнчлэн гадаадад суугаа иргэдийн ял шийтгэл эдэлсэн, гэмт хэрэгт холбогдсон байдлын тухай дэлгэрэнгүй мэдээллийг бүрдүүлэх хэрэгтэй байна”.
-Сангийн яаманд, “Өрхийн үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагааг өрнүүлэх. Энэ нь эрхэлж байгаа үйлдвэрт нь тус нэмэр болохуйц техник технологи, багаж хэрэгслийг судалж, тэдэнд ойртуулах хэрэгтэй байна. Мөн өрх гэрт урамшууллын тогтолцоог нэвтрүүлэхийг орхигдуулж байна. Нэг айлын хэдэн хүн ажилгүй байснаас хэд нь ажил эрхэлдэг болсон, тэд амьжиргааны төвшнөө хэр ахиулж байгаа тал дээр урамшуулж, дэмжих хэрэгтэй. Ингэхдээ газар зүйн байршлаар нь зүйлчилж гаргаж болно”.
-Хууль зүй дотоод хэргийн яаманд, “Энэхүү яам өрхийн бодлогын асуудал дээр шат ахих хэрэгтэй байна. Нийт өрхөд гэр бүлийн хуулийн тухай танин, мэдүүлж, амьдралд нь ойртуулахын тулд ямар ажил хийх хэрэгтэйг тодорхойлох.
-Байгаль орчин аялал жуулчлалын яаманд, “Хөдөө орон нутагт өрхийн амьжиргаа хэр байгаа, ажил эрхлэлтийг дэмжих ямар бодлого, үйл ажиллагаа явуулбал зохистойг тооцох. Яамны онцлог, үйл ажиллагааны чиглэлээс хамаараад өрх гэрүүдийн ажил эрхлэлтийг байгальтай ойртуулах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл байгаль орчны нөхөн сэргээх, хамгаалах ажлыг өрх гэрийн гишүүдийг хамтаар нь даалгахаар зохицуулж болно. Мөн жуулчид олноор очдог газар өрхийн бизнесийг дэмжих хэрэгтэй”.
-Батлан хамгаалах яаманд, “Цагдаа, цэргийн ар гэрийнхнийг хэрхэн анхаарвал зохих, тэдэнд хандсан ач холбогдолтой ажил , бодлого юу болохыг тодорхойлох хэрэгтэй байна”.
-Боловсрол соёл шинжлэх ухааны яаманд, ”Хүн амын бичил нэгж болох гэр бүлийн гишүүд, тэр дундаа эх орныг авч явах үрсэд маань сургуулийн өмнөх боловсролыг хэрхэн олговол нэгдсэн зохион байгуулалтад орж болох, ингэж зохион байгуулалтад орсноор ямар ямар асуудлуудыг шийдэх гаргалгаа гаргах”.
-Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд, “Утаагүй түлш буюу хэмнэлтийг мэдрүүлнэ гэдэг зуухыг хэрэглэж байгаа өрхөд цахилгаан хэрэглэсний төлбөрөөс хөнгөлөх тухай бодит биелэл нь юу болох? Иргэдэд хэрхэн ойртуулах, мэдээлэл сайн өгөх хэрэгтэй байна”.