“ЗГ-аа сонгуулийн штаб болгох гээд байна”

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

“ЗГ-аа сонгуулийн штаб болгох гээд байна”

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хурлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч Д.Цогтбаатарыг дэмжих эсэх талаар хэлэлцэж, АН-ын харьяалалтай дөрвөн гишүүнээс бусад нь дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов. 

Хэлэлцүүлгийн үеэр Г.Баярсайхан, Н.Ганбямба, Д.Тэрбишдагва, Ц.Сэдванчиг  нарын гишүүд нэр дэвшигч Д.Цогтбаатарыг гадаад харилцааны мэргэжилтэй, сайн дипломатч гэдгийг онцлоод харин байгаль орчин бол илүү аж ахуйн чиглэлийн ажил тул дипломат маягаар бөөрөнхийлж ярилгүй гүнзгийрч тодорхой ажиллах хэрэгтэй гэж байлаа. Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх, Хонгор суманд анхаарал хандуулах, гадаадын зээл, тусламжийг байгаль орчин хамгаалах чиглэлд татах, ан амьтанд хайртай байх, боловсон хүчний халаа сэлгээ хийхгүй байх  гээд олон зөвлөгөөг тэд өгсөн юм. Бас Д.Цогтбаатарыг Гадаад харилцааны сайд болгож, байгаль орчин ярьдгаар нь Г.Занданшатарыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар шилжүүлж болдоггүй юм уу гэсэн санал ч гарлаа.

Гишүүн Э.Бат-Үүл Ерөнхий сайдад хандаж яагаад төрийн жинхэнэ албан хаагчдыг сайдад нэр дэвшүүлээд байгаагийн учрыг асуув. “МАН боловсон хүчин сайтай гэдэг. Гэтэл хоёр ч яамны төрийн нарийн бичгийн даргыг сайдад нэр дэвшүүлснээс харвал боловсон хүчний хомсдолд орсон юм шиг байна. Төрийн жинхэнэ албан хаагчдыг дэвшүүлсэн нь төрийн бодлогын эсрэг зүйл боллоо. Төрөөс улс төрд, улс төрөөс төр рүү шилждэгийг больё гэж заагласан хууль баталсан. Ерөнхий сайд үүнийг зөвшөөрөхгүй эсрэг яваад байна уу. Н.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар хоёулаа залуу хүмүүс байна. Тэд сайд болчихвол эргэж төрийн алба руу орохгүй. Тэдний өдий болтол олж авсан төрийн албаны бүх зэрэг дэв алга болно. Хоёр хүний хувийн амьдралыг төвөгтэй байдалд оруулсан сонголт хийсэн байна. Та МАН дандаа ингээд засгийн эрх бариад байна гэж бодсон уу” гээд Д.Цогтбаатарт хандаж “Та амьдралынхаа ээдрээтэй сонголтыг хийлээ. Ийм зүрх зоригтой сонголтыг яагаад хийв. Арын халаасанд байсан намынхаа батлахыг гаргаж ирж байгаа юм уу” гэсэн асуулт тавилаа.

Ерөнхий сайд С.Батболд “Э.Бат-Үүл гишүүн ардчиллын хараацай, хүний эрхийг дээдлэгч хүн. Гэтэл суурь зарчим, үнэт зүйлтэйгээ зөрчилдсөн зүйл ярьж байгаа нь зохимжгүй байна. Логикгүй асуудал байна. Үүнд гайхаж байна. Та аль нэг нам, хүн дээр улс төр хийж болно. Тэгвэл АН-аас ч А.Мурат, Б.Мөнхбат гээд төрийн албан хаагчид ажлаа өгсөн. Би Д.Цогтбаатарыг төрийн нарийн бичгийн дарга байхад нь өнгөрсөн оны сүүлээр санал тавьж зөвлөхөөрөө авч, улс төрийн албан тушаалтан болгосон. Дипломатч хүн Элчин сайд болж, улс төрийн албан тушаалд шилждэг жишээ зөндөө. Улс төр бүх юмны хаалт байж болохгүй. Салбараа мэддэг хүнийг сайд болгох нь МАН-ын бодлого байх болно” гэлээ.

Харин гишүүн Э.Бат-Үүл “Ерөнхий сайд намайг өндрөөр үнэлдэгт талархаж байна. Тэгэх тусмаа хэлсэн үг бүрийг минь бодитой үзээсэй. Төрийн албан хаагч улс төрийн албан тушаалтан болох эрхтэй. Гэхдээ маш сайн бодох ёстой. Төрийн эрх, хүний эрх хоёрыг ялгах гэж оруулсан асуудал. Яагаад боловсон хүчин хомсдсон юм шиг ингэв” гэсэн асуултаа Ерөнхий сайдад дахин тавьсан юм.

Ерөнхий сайд МАН боловсон хүчний гурван үеийн их нөөцтэйгээ хэлж, бүрэн эрхийнхээ дагуу Д.Цогтбаатарыг дэвшүүлж буйгаа тайлбарлалаа. Д.Цогтбаатар ч он солигдохын өмнө улс төрийн албан тушаалд шилжсэнээ хэлж, төрийн албанд байхдаа хуулиа чанд сахиж, улс төрийн бодлогоор алагчлах бодлого барьж байгаагүй гэдгээ хэлээд хүнийхээ хувьд зүүн төвийн социол демократ үзэл баримтлалтай. Түүнийгээ хадгалж явдаг. Тууштай сонголтоо хийсэн гэдгээ илэрхийлэв. Гишүүн Э.Бат-Үүл “Ерөнхий сайд сонгуулийн өмнө Засгийн газраа сонгуулийн штаб болгох гэж байгаад харамсч байна. Намынхаа ерөнхий нарийн бичгийн даргыг Тэргүүн шадар сайд болгох гэж байна. У.Хүрэлсүх шиг боевик маягийн Тэргүүн шадар сайд сонгуулийн өмнө өөрт чинь хэрэгтэй болж л дээ. Заавал төрийн албан хаагч гэлгүй дэд сайдуудаас сайд томилж болох л байсан. Хоёр төрийн нарийн бичгийн дарга оруулж ирсэн нь гавьяа зүтгэлийг нь бодож шагнаж байгаа юм байна. АН сайдад нэр дэвшигчдийг дэмжихгүй” гэж байлаа.

Санал хураалтаар хуралдаанд оролцсон гишүүдийн 93,9 хувийн саналаар сайдад нэр дэвшигч Д.Цогтбаатарыг дэмжсэнээр хуралдаан өндөрлөв.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж