
Өчигдөр Б.Баяндэлгэрийг суллахад шаардлагатай мөнгийг шилжүүлсэн тул өнөөдөр шоронгоос гаргаж авна гэсэн мэдээлэл байсан ч Балбын нийслэл Катманду хотод шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн оюутнуудын үймээн дэгдээгээд байгаатай холбоотойгоор суллагдах асуудал хойшлогдож магадгүй байгаа гэнэ. Балбад оюутны холбоо болон зарим улс төрийн намуудын зохион байгуулж буй эсэргүүцэл улам өргөжиж байгаа аж. Өнөөдөр өглөөний байдлаар дэлгүүр болон албан байгууллагууд ажиллахгүй, зам хаасан тул нийтийн тээврийн үйл ажиллагаа ч зогсоход хүрээд байгаа ажээ. Гудамжинд галт бамбар барьсан жагсагчид машины дугуй шатаан эсэргүүцлээ илэрхийлж, цагдаагийнхан болон оюутнуудын хооронд мөргөлдөөн гарсаар байна. Гэсэн ч эсэргүүцэл илэрхийлж буй оюутнууд шатахууны үнийг бууруулахаас нааш Засгийн газартай ямар нэгэн хэлэлцээ хийхгүй, албан газар болон замын хөдөлгөөнийг хаасаар байх болно хэмээн мэдэгдэж байгаа ажээ. Балбын Засгийн газрын эзэмшилд байдаг “Nepal Oil Corporation” шатахууны үнээ 10 хувиар нэмсэн тул оюутнууд ийнхүү эсэргүүцэл илэрхийлэх болсон юм.