Нийслэлийн Засаг даргын 2011 оны зургадугаар сарын 17-ны өдрийн 472 дугаар захирамж, Хотын Ерөнхий менежерийн А/82 дугаар тушаалыг үндэслэн өнгөрөгч оны долдугаар сараас гэр хорооллын айл өрхийн хог хаягдлын хураамжийг цахилгааны төлбөртэй хамт банкаар дамжуулан хураах ажил эхэлсэн. Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс хамтран дүүргийн хэмжээнд хэрэгжүүлж буй хог хаягдал тээвэрлэлтийн байдалтай танилцжээ. Эдүгээ дүүргийн ТҮК-ийн машин техник хүрэлцээгүйн улмаас график мөрдөж ажиллахад хүндрэлтэй, айл өрхийн хогийг сардаа багтаан бүрэн авч чаддаггүй байна. Мөн айл өрхүүд хогны төлбөрөө бүрэн төлдөггүйн улмаас 2011 оны эцсийн байдлаар ТҮК-д 34 сая төгрөгийн авлага үүссэн зэрэг хүндрэл үүсээд байгаа аж.
Тиймээс холбогдох газруудаас дүүргийн орон сууцны болон гэр хорооллын айл өрхийн хог хаягдлыг цуглуулж тээвэрлэх ажлын хуваарь гаргажээ. Хуваарийн дагуу долоо хоногийн даваа, лхагва гаригуудад албан газарт бусад өдрүүдэд хороодын хог хаягдал тээвэрлэлтэд машин хуваарилан гаргадаг болох юм байна. Түүнчлэн дүүргийн хэмжээнд энэ сард багтаан их хэмжээгээр хуримтлагдсан хог хаягдлыг гадны машин техник дайчлан шуурхай тээвэрлэх ажлыг эхлүүлсэн байна.
О.Сэргэлэн