Сонгуулийн хуулийг Цэцэд өгчээ

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хуулийг Цэцэд өгчээ

Оны өмнөхөн УИХ-аар батлагдсан Сонгуулийн тухай хууль Үндсэн хуулийн Цэц дээр очлоо. Монгол Улсын иргэн П.Одгэрэл өнгөрөгч баасан гаригт Үндсэн хуулийн Цэцэд гаргасан өргөдөлдөө Сонгуулийн хуулийн зарим зүйл заалт нь Үндсэн хуульд заасан иргэдийн "шууд сонгох" эрхийг, сонгогчийн санал сонгуулийн "эцсийн үр дүнг" шууд тодорхойлох сонгуулийн зарчмыг алдагдуулж байна гэж үзжээ. Үндсэн хуулийн Цэцэд хүргүүлсэн уг өргөдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд

Өргөдлийн агуулга

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9, 27 дугаар зүйлийн 27.1, 27 дугаар зүйлийн 27.5.4, 49 дүгээр зүйлийн 49.1.6 гэсэн заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2, 3 дугаар зүйлийн 1, 14 дүгээр зүйлийн 2, 16 дугаар зүйлийн 9, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн болохыг тогтоолгох тухай.

Өргөдлийн шаардлагын үндэслэл

Нийтлэг үндэслэл: Монгол Улсын Үндсэн хуулиар тодорхойлогдсон "сонгуулийн эрх"-ийн агуулга нь Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 1-д заасан сонгож байгуулсан төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийн эрх барих тухай "төлөөллийн ардчиллын зарим"-д суурилах бөгөөд энэ нь 16 дугаар зүйлийн 9-д заасан "сонгох, сонгогдох" эрхээ Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т заасан нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр хэрэгжүүлэх байдлаар илэрнэ. Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна" гэсэн зарчим нь мөн сонгох, сонгогдох эрхэд шууд хамаарах төдийгүй Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт дурдсан зарчмуудад нийцсэн төрийн үйл ажиллагаагаар хамгаалагдсан байхыг басхүү шаардана.

Хууль тогтоогчоос Сонгуулийн тухай хуулийг батлахдаа ямар тогтолцоог сонгох нь түүний бүрэн эрхийн асуудал боловч сонгуулийн олонхийн (мажоритар) болон хувь тэнцүүлэх (пропорциональ) тогтолцооны аль нэгийг нь үү, эсхүл аль алиных нь шинжийг агуулсан холимог тогтолцоог сонгосон уу гэдгээс үл хамааран үндсэн хуулийн дээрх сонгуулийн суурь зарчим, үзэл санаанууд зөрчигдөх ёсгүй.   

Нэг. Үндсэн хуульд заасан иргэний шууд сонгох болон сонгогдох (санал авах) эрхийг зөрчиж буй тухайд.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4.9-д заасан "Энэ хуулийн 27.1-д заасан нэрийн жагсаалтын эхний 48-аас илүүгүй нэр дэвшигчийг энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан сонгуулийн 26 тойргоос, 28-аас илүүгүй нэр дэвшигчийг энэ хуулийн 49.1.6-д заасны дагуу гаргасан улс төрийн нам буюу улс төрийн намуудын сонгуулийн эвсэл (цаашид "нам, эвсэл" гэх)-ийн жагсаалтаас тус тус сонгоно", 27.1-д заасан "Нам, эвсэл Улсын Их Хурлын сонгуульд 76-аас илүүгүй хүнийг тухайн нам, эвслийн гаргасан дарааллын дагуу нэрийн нэг жагсаалтаар нэр дэвшүүлнэ", 27.5.4-т заасан "энэ хуулийн 27.1-д заасан нэрийн жагсаалтыг гаргахдаа эхний 48-аас илүүгүй нэр дэвшигчийг тойргийн дарааллаар, 28-аас илүүгүй нэр дэвшигчийг энэ хуулийн 24.1, 27.4-т заасан хуралдаанаар нэр дэвшигч бүрийн авсан саналын тоо, хувиар нь эрэмбэлэн дараалалд оруулах" гэсэн зохицуулалт нь дараах байдлаар ойлгогдож байна.

–    
УИХ-ийн сонгуульд нэг намаас нийт 76 нэр дэвшигч өрсөлдөх бөгөөд эхний 48 нь сонгуулийн мажоритар системээр 48 мандатын төлөө (26 тойрогт) өрсөлдөнө, харин үлдсэн 28 нэр дэвшигч нь эхний буюу дээрх 48 нэр дэвшигчийн хамтаар 76-гуулаа нэрсийн нэг жагсаалтанд бичигдэж пропорциональ системээр 28 мандатын төлөө улсын хэмжээний нэг тойрогт өрсөлдөхөөр болж байна.

Энэ нь дараах байдлаар Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчиж байна:

  1. Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно" хэмээн зааж Монгол Улсад "шууд сонгох" эрхийг Үндсэн хуулиар баталгаажуулж өгсөн байна. Шууд сонгох эрх нь хоёр үндсэн агуулгатай бөгөөд, үүнд: Нэгдүгээрт, ямар нэг төлөөлөлгүйгээр саналаа өөрөө гаргах. Хоёрдугаарт, сонгогчийн санал сонгуулийн хувьд "эцсийн шийдвэрийг гаргах" бөгөөд сонгуулийн үр дүнг шууд тодорхойлно. Энэ нь сонгогчдын санал болон сонгуулийн эцсийн үр дүн хоёрын дундуур өөр хэн нэгэн орж ямар нэг өөрчлөлт хийхгүй байх, сонгогчдын саналаас үл хамаарах нөхцөл сонгуулийн үр дүнд нөлөөлөхгүй байх тухай агуулгатай. Өөрөөр хэлбэл пропорциналь системийн 28 мандатад 28 нэр дэвшигчийн төлөө санал өгнө, нэр дэвшигчдийн жагсаалт хаалттай бол жагсаалтад эхлэн бичигдсэн нэр дэвшигчид намын авсан саналын хувьд хуваарилагдсан суудалд сууна. Жагсаалт нээлттэй бол сонгогчид жагсаалд бичигдсэн нэр дэвшигчдэд пропорциональ сонгуулийнхаа тойргын хэмжээнд чөлөөтэй саналаа өгөх байдлаар сонгуульд оролцож жагсаалтад хөдөлгөөн хийнэ гэсэн үг юм. Гэтэл УИХ-ын сонгуулийн хуулийн 27.1-д заасан намын жагсаалтаар нэг намаас 28 мандатад 76 хүнийг нэр дэвшүүлж, мөн 27.5.4-т заасан нэр дэвшигч бүрийн авсан саналын тоо, хувиар нь эрэмбэлэн дараалалд оруулна гэсэн зохицуулалт нь зөвхөн мажоритар сонгуулийн тодорхой тойрогт хувь нэр дэвшигчийн авсан саналыг үндэслэн улсын хэмжээний нэг тойрогт санал авч буй пропорциональ сонгуулийн "намын нэр дэвшигчдийн жагсаалт"-ын дотор хөдөлгөөн хийж "нам, эвслийн жагсаалтыг нээлттэй зарчим"-д оруулж буй байдал нь Монгол Улс нэг тойрог болсон пропорциональ сонгуулийн сонгогчдын эрхийг мажоритар сонгуулийн тодорхой тойргийн сонгогчдын саналын хувиар засварлах, сонгуульд завсрын шат бий болгох замаар сонгогч эцсийн шийдвэр гаргах, сонгуулийн үр дүнг шууд тодорхойлох агуулыг үгүйсгэж Монгол Улсын Үндсэн хуульд заасан шууд сонгох эрхийг зөрчиж байна.
  2.  Үндсэн хуулийн хүний эрх, эрх чөлөө гэсэн II бүлгээр хүний үндсэн эрх, эрх чөлөөг зохицуулсан байна (16 дугаар зүйл). Энэхүү үндсэн эрхийн суурь зарчим нь тус бүлгийн 14 дүгээр зүйлээр зохицуулагдсан "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна" гэх утга санаа байна.  Мөн өмнө өгүүлснээр Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар "тэгш байдал" нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн бөгөөд энэ нь 16 дугаар зүйлд заасан бүхий л үндсэн эрх, эрх чөлөөнд, түүний дотор 16 дугаар зүйлийн 16.9-д заасан "…Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй…"-д хамааралтай юм. Иймд иргэд "сонгох болон сонгогдох эрх"-ээ эрх тэгшээр эдлэх ёстой. “Сонгуулийн тэгш эрх” гэдэг нь сонгогчийн өгч байгаа санал болгон адил тэгшээр үнэлэгдэх буюу сонгуулийн үр дүнд ижил хэмжээнд нөлөөлөхийг; мөн сонгогдогч бүр ижил өрсөлдөх боломжтой байхыг ойлгоно. Гэтэл УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дээрх зүйл заалт нь иргэдийн сонгогчийн санал ижил тэгш үнэлэгдэх зарчмыг алдагдуулж байна. Учир нь эхний 48 нэр дэвшигчид дэмжсэн санал нь бодит байдал дээр хоёр дахин (тойрог болон намын суудал дээр) үнэлэгдэж байхад сүүлийн 28 нэр дэвшигчид сонгогчдын саналын үнэлгээ ирэхгүй байна. Энэ нь бодит байдал дээр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн холбогдох заалтууд УИХ-ын сонгуулийг сонгуульд оролцогч нэг нам, улс төрийн хүчний хувьд 48 хүний сонгууль болгон хувиргах төдийгүй намын жагсаалтын сүүлд бичигдсэн 28 нэр дэвшигчийн Үндсэн хуулиар олгогдсон санал авах эрхийг үгүйсгэж буйгаараа пропорциональ сонгуулийн тогтолцоон дахь шууд сонгох эрхийн агуулгыг бүрэн гажуудуулж байна.       

Хоёр. Үндсэн хуулийн тэгш эрхийн зарчим болон ардчилсан ёс, шударга ёс, ард түмний төлөөллийн зарчмыг зөрчиж буй тухайд.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 49.1.6-д заасан "тойрог бүрээр гаргасан 49.1.5-д заасан "В" жагсаалтад орсон, энэ хуулийн 48.2, 48.5-д заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдоогүй нэр дэвшигчдийг нам, эвсэл бүрээр нь, "В" жагсаалт дахь авсан саналын хувиар нь дараалалд оруулах ба тэдгээр нэр дэвшигчдийн дараа тойрогт нэр дэвшигчдээс бусад тухайн нам, эвслээс нэр дэвшигчдийг энэ хуулийн 27.5.4-т заасан жагсаалтад байгаа дарааллаар нь эрэмбэлж жагсаалт (цаашид ""Г" жагсаалт" гэх)-ыг нам, эвсэл бүрээр нь гаргах" гэсэн зохицуулалт нь дараах байдлаар ойлгогдож байна.

–    Тойрогт нэр дэвшээд сонгогчдын 28 хувиас дээш санал авсан боловч сонгогдож чадаагүй нэр дэвшигч нь (нэрийн жагсаалтын эхний 48-аас) намын нэрийн сонголтоор хуваарилагдсан мандатад шилжиж дахин сонгогдох боломжийг агуулсан байна.

Энэ нь дараах байдлаар Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөрчиж байна.

  1. Сонгуулийн тэгш эрхийн агуулгын бүрэлдэхүүн болох сонгуулийн пассив эрхийн хувьд нэр дэвшигч бүрийн хувьд сонгогдох буюу ялах боломж нь адил тэнцүү байх ёстой. Гэтэл дээрх зохицуулалт эхний 48 нэр дэвшигчид УИХ-ын гишүүний суудалд 2 удаа өрсөлдөх боломжийг олгосноороо үлдсэн 28 нэр дэвшигчээс давуу байдалтай болгож Үндсэн хуулийн тэгш эрхийн зарчмыг зөрчиж байна.
  2. Нэг нэр дэвшигчийн авсан саналыг сонгуулийн нэг л системээр үнэлэх (өөрөөр хэлбэл нэг нэр дэвшигч сонгуулийн нэг нэрийн жагсаалтанд бичигдэх ёстой) байтал эхний 48-д бичигдсэн нэр дэвшигчийн авах санал нь сонгуулийн хоёр системээр (мажоритар болон пропорциональ) давхар үнэлэгдэж байхад сүүлийн 28-д бичигдсэн нэр дэвшигч зөвхөн нэг л удаа пропорционалаар үнэлэгдэх, эсхүл бүр үнэлэгдэхгүй байхаар байна. Энд нэр дэвшигчдийн хувьд тэдгээрийн авсан санал нь тэгш бусаар үнэлэгдэх боломжийг бүрдүүлж байгаа бөгөөд үндсэн хуулийн тэгш эрхийн зарчим зөрчигдөж байна.     
  3.  Сонгуулийн нэг системээр үнэлэгдсэн саналыг буюу тойрогт авсан хувь нэр дэвшигчийн саналын хувийг өөр системд шилжүүлэн үнэлж буюу намын санал авсан саналд үнэлж нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтыг хөдөлгөөнд оруулж байгаа нь тухай системийн хувьд үндсэн хуулийн шууд сонгох зарчмыг зөрчихөд хүргэж улмаар тухайн системийн бүтцийг эвдэж байна. Өөрөөр хэлбэл пропорциональ системийн тогтолцоо, мөн чанар, зорилгоо алдагдахад хүргэж, Монгол Улс бүхэлдээ нэг тойрог болон саналаа илэрхийлсэн намын суудал дээр тодорхой тойргийн сонгогчдын саналын хувиар бодогдсон хувь хүмүүс суух болж буй нь Үндсэн хуульд заасан ард түмний төлөөлөл болон төрийн үйл ажиллагаан дахь шударга ёсны зарчим алдагдахад хүрч байна (Үндсэн хуулийн 3.1, 1.2).  

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дээрх зүйл заалтууд нь үндсэн хуулийн эрх тэгш байх, шууд сонгох болон төлөөлөл, шударга ёсны  зарчмуудыг алдагдуулснаараа Үндсэн хуулийн З дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ" гэж заасан ардчилалын зарчмыг зөрчиж улмаар Үндсэн хуулийн Оршил хэсэг дэх "…ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно" гэснийг үгүйсгэхэд хүргэж байна.

Төлөөллийн ардчиллын зарчмын агуулга нь ард түмэн төрийн эрх мэдлийг төлөөллөөрөө дамжуулан хэрэгжүүлэхэд оршдог тул сонгууль эрх тэгш байдалд тулгуурлан бүх нийтийн, шууд эрхийн үндсэн дээр явагдах нь ардчилсан, шударга ёсны зайлшгүй шаардагдах урьдчилсан нөхцөл болдог.

Жич: Өргөдөлд шаардлагатай зарим үндэслэл, нэмэлт тайлбар, мэдээллийг Цэцийн хуралдааны өмнө болон хуралдааны үеээр бичгээр болон амаар гаргаж өгөх болно.      

Монгол улсын иргэн             Пүрэвдолгорын ОДГЭРЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж