Түвдүүд Сычуаньд бослого гаргажээ

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

Түвдүүд Сычуаньд бослого гаргажээ

Хятадын Сычуань мужид Түвдүүдийн бослого дахин гарч, нэгэн лам амиа алдсан талаар “Синьхуа” агентлаг мэдээлжээ. Орон нутгийн иргэдийн мэдээлснээр тус мужийн Сида дүүргийн цагдаагийн газар руу бүлэг этгээд дайрсан аж. Харин Хятадын аюулаас хамгаалах хүчнийхэн дарангуйллыг эсэргүүцсэн энгийн номхон хүмүүс рүү гал нээсэн гэж Түвдийг чөлөөлөх хөдөлгөөний тэмцэгчид мэдэгдэж байгаа гэнэ. Дээрх бослогоос нэг хоногийн өмнө зэргэлдээх Драгго дүүрэгт цагдаа нар Түвдийн хоёр тэрс үзэлтнийг буудаж, хөнөөсөн байна. Сида дүүрэгт гарсан бослогын үеэр цагдаа нар галт зэвсэг хэрэглэхээс өмнө бууж өгөхийг шаардсан ч эсэргүүцэгчид бууж өгөөгүй тул гал нээсэн гэж “Синьхуа” мэдээлсэн юм. Гэвч Түвдийн чөлөөлөх хөдөлгөөний тэмцэгчид цагдаа нар энгийн номхон дөрвөн хүний амийг хөнөөсөн гэж мэдэгджээ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр Түвдийн тэмцэгчид хутгаар зэвсэглэж, хэд хэдэн дэлгүүр болон цагдаагийн газар руу дайран орж, дөрвөн машиныг эвдлэн сүйтгэжээ. Драгго дүүргийн буддын хийдийн нэгэн лам “Associated Press”-т утсаар мэдээлэхдээ бослогын үеэр гэмтэж бэртсэн 33 хүн эмнэлэгт хэвтэж байгаа гэж ярьсан байна. 

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж