Азийн цагаан сараар нохдод юу тохиолддог вэ

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

Азийн цагаан сараар нохдод юу тохиолддог вэ

Азийн цагаан сар бол тэжээвэр буюу тэжээвэр бус нохдод аюултай цаг байдаг.

Нохой хулгайлагчид шөнөжингөө ажиллан мянга мянган нохдыг оройн хоолны ширээн дээр тавихад бэлэн болгон Тайландаас Вьетнам руу зөөдөг байна.

“Тэдний бараг 98% нь хулгайлагдсан тэжээвэр ноход байдаг” хэмээн Тайландын амьтдын эрхийг хамгаалах байгууллагын ажилчин Жон Даллей хэлсэн байна.

Тайландад нохой зарах үйлдэл нь иргэд хоорондын жижиг наймаа хэлбэртэй байсан бол одоо томоохон зах зээл болон өргөжсөн байна. Учир нь Вьетнамчууд нохойн махыг “дулаахан” мах хэмээн үздэг бөгөөд аз авчирна хэмээн итгэдэг аж.
Нохой хууль бусаар худалдах үйл ажиллагаа нь улирлын чанартай ба өвөл болоход хамгийн ихээр идэвхижиж, нохойн махны үнэ тэнгэрт хаддаг гэнэ. Энэ жил болсон Тайландад болсон үер нь хулгайч нарын хувьд азтай хэрэг болсон бөгөөд төөрсөн, алдагдсан ноход тэдний хувьд хялбар бай болдог аж.

“Есдүгээр сард зогсоосон ачааны машиний ард 130 ноход чихэгдэн ачигдсан байснаас 30 нь аль хэдийнэ бүтэж үхсэн байсан” тухай Даллей ярьсан байна.

Ноход замдаа бүтэх, өлсөж үхээгүй бол Тайландаас Вьетнам руу ачигдаж очсны дараа илүү “зэрлэг” үхэлтэй нүүр тулдаг аж. Хүмүүс өвдөлт, стрессийн гормон нь махыг амттай болгодог хэмээн итгэдэг учир нядлахаасаа өмнө аль болох зовоохыг хичээдэг бөгөөд нядлах арга нь зодохоос амьдаар нь өвчих хүртэл байдаг байна.

Энэхүү харгис хэргийн шүүх хууль одоогоор боловсронгуй болоогүй учраас хулгайчид цөөхөн хоног шоронд суух төдийхнөөр ялаас мултардаг байна.

Т.Мөнхсайхан
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж