Д.Хаянхярваа: Жудаг гэж нэг юм байх ёстой

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

Д.Хаянхярваа: Жудаг гэж нэг юм байх ёстой

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Дархан-Уул аймгийн Засаг дарга байхдаа төсвийн мөнгө завшсан тухай мэдээлэл зарим хэвлэлд гарсан талаар эрхэм гишүүн тайлбар өглөө.

-Таныг Засаг дарга байхдаа төсвийн мөнгө төгрөгтэй холбоотой асуудал гаргасан гэжээ. Энэ талаар тодруулъя?

 -Намайг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд долоохон хоногийн дотор “од” болгож байна л даа. За яах вэ хүсэлтэй нэг нь бичиж л байхаас. Ингэж “сайн” ажиллабал өөр ч хангалттай зохиол болох байлгүй дээ. Харин энэ зохион байгуулалттай хийгээд байгаа юмныхаа учрыг жаахан олбол зүгээр байх аа гэж зөвлөе. Төсвийн мөнгөтэй холбоотой хэрэгт миний хэр зэрэг холбогдолтойг өөрсдийн чинь тараагаад байгаа баримт харуулаад өгнө шүү дээ.Өөр хэлэх юм алга. Хэнд ч юу ч хамаагүй нааж байгаад энэ Засгийн ажлыг бүтэлгүй болгох санаагаа гүйцэлдүүлж байна. Ард түмэн өөрсдөө дүгнэлтээ хийнэ.

-УИХ дахь АН-ын бүлгээс сайдад нэр дэвшигчдийн дийлэнхийг буцаая гэсэн байр суурь илэрхийллээ. Та үүнийг юу гэж үзэж байна?

-За яах вэ дээ. Буцвал буцна л биз. Хамгийн гол нь жудаг гэж нэг юм байх ёстой биз дээ. Сайдад нэр дэвшсэн хэдэн хүндээ асуудал байгаа юм биш гэдгийг бүгд мэдэж байгаа. Өөр тоглолт явагдаж байна. Гэтэл цаана нь Засгийн ажил явахгүй боллоо. Гадаа нөхцөл байдал хүнд байна. Хөрөнгө санхүүгийн асуудал гарч байна. Хүний хөгжил сан мөнгөгүй болчихсон, 21 мянган төгрөгөө хөдөө аймаг, орон нутагт өгч чадахаа больчихсон байна. Энэ бүхнийг сунжруулах, үүгээрээ улс төр хийж, МАН дангаараа гарч ирээд л бүх юм  болохоо байлаа гэдэг маягийн юм руу оруулах гээд байгаа юм уу даа. Ард түмнийг мэдээллээс хол байдгаар нь далимдуулж нэг ёсондоо даажигнаж байна. Үүнийг Монголын ард түмэн ойлгож байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж