Засгийн газрыг чадамжтай болгоно

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

Засгийн газрыг чадамжтай болгоно

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бус хуралдаанаа хийж дуусган, бүлгийн дэд дарга Л.Гантөмөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тус бүлэг сайд нарыг томилох асуудалтай холбоотой асуудлыг авч хэлэлцээд ямар ч байсан Засгийн газрыг чадамжтай болгох шийдэлд хүрчээ. Засгийн газар нь 10 сайдтай болж гэмээнэ чадамжтай болдог байна. Хэдийгээр Эрүүл мэндийн сайдад нэр дэвшсэн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар, Байгаль орчны сайдад нэр дэвшсэн Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Цогтбаатар нарыг Ардчилсан намын бүлэг дэмжихгүй байхаар шийдэлд хүрсэн ч, Засгийн газрыг чадамжтай болгохын тулд байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэх боломжоор хангахаар шийджээ. Өөрөөр хэлбэл, тус намын бүлгийн гишүүд дээрх хоёр эрхмийг сайдаар томилох асуудал байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд дэмжихгүй. Гэхдээ олонхийн дэмжлэг хүлээхэд түүнийг хүндэтгэн үзнэ. Харин бусад дөрвөн сайдын тухайд тухайлбал, УИХ-ын гишүүн байж Засгийн газрын гишүүнд нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ц.Дашдорж, Д.Хаянхярваа нарын оронд гаднаас өөр хүнийг нэр дэвшүүлэх ёстой гэж үзэж, энэ саналаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод хүргүүлэхээр болжээ. Дээрх шийдвэрт хүрэхдээ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд “Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тавьсан саналыг хүлээж авалгүй УИХ-д асуудлыг оруулж ирсэн нь зохисгүй байна” гэж үзжээ. Учир нь Монгол Улсын Үндсэн Хуульд өөрчлөлт оруулах хүрээнд Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь УИХ-ын гишүүн байж болно гэсэн заалт дээр үндсэндээ гишүүд ойлголцолд хүрсэн. Тиймээс шинэ зүйлийг бий болгохыг оролдох ёстой. УИХ-ын гишүүн байж, Засгийн газрын гишүүний албыг давхар хашсанаар ямар ч үр дүн гарахгүй байгаа. Нэг ёсны хууль тогтоох дээд байгууллага, гүйцэтгэх засаглал хоёрын зааг ялгаа ялгарахгүй бүдгэрч буй учраас  хууль нь батлагдаагүй ч зоригтойгоор асуудлыг авч эхлүүлэх ёстой гэж үзжээ. 

Харин Тэргүүн шадар сайдын албыг бүр байхгүй болгох ёстой. Яагаад гэвэл энэ албыг хамтарсан гэрээний үндсэн дээр бий болгосон байсан. Одоо хэрвээ У.Хүрэлсүхийг Тэргүүн шадар сайдаар томилбол Монгол Улсын Ерөнхий сайд нь МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргатай зөвшилцөж асуудал шийддэг нөхцөл байдал руу оруулах тул орон тоог “цомхотголд” оруулах нь зөв юм гэж үзжээ.

Нөгөөтэйгүүр, УИХ дахь МАН-ын бүлгээс Халамжийн тухай хууль хийгээд Тэтгэврийн зөрүүг арилгах хуулийн төслүүд дээр байр сууриа илэрхийлж, УИХ дахь Ардчилсан намын бүлэг гацаагаад байна гэсэн мессежийг олон нийтэд цацаад буй. Хэрэг дээрээ Ардчилсан намын бүлэг дээрх төслүүд дээр гацаа үүсгээд байгаа биш, аль болох төслүүдийг яаралтай батлах эрмэлзэлтэй. Тухайлбал, Эхчүүдэд урамшуулал олгох тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг цааш ахиулъя гэж байгаа бол Ардчилсан намын бүлгийн гишүүдийн санаачилсан Хүүхдэд тэтгэлэг олгох тухай хуулийн төслийг хамтад нь хэлэлцээд явах ёстой. Тэтгэврийн зөрүүг арилгах хуулийн төслийг Ардчилсан намын бүлгийн гишүүд санаачилж мэдүүлсэн байсан, явцын дүнд МАН-ын бүлгийн гишүүд адил агуулгатай төсөл оруулж ирсэн. Одоо бүр Суурь тэтгэврийн тухай хуулийн төсөл Засгийн газраас оруулаад ирсэн. Энэ бүгдийг батлах нь ойлгомжтой. Тиймээс юм бүхэн Ардчилсан намын бүлгээс болж гацаанд орж байна гэдэг PR хийх нь утгагүй гэж бүлгийн дэд дарга хэллээ. Түүнчлэн МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын төвшинд хагарал бий болгох мэдэгдэл хийсэн гэлээ. Хэдхэн хоногийн өмнө УИХ-аас баталсан Ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах хуулиар бол төрийн өндөр дээд албан тушаалтнуудын уулзалт нууц байж болохгүй, олон нийтэд ил тод байх ёстой. Тэр байтугай шүүх байгууллага ч нууц уулзалт хийхийг хориглосон. Ерөнхийлөгчийн хувьд дээрх зарчмыг мөрдлөг болгон Ерөнхий сайд С.Батболдыг сайдад нэр дэвшиж буй зургаан хүнийх нь хамтаар хүлээн авч уулзаж, санал солилцсон. Үүнийг мушгин гуйвуулж мэдэгдэл хийх нь зохисгүй гэлээ.

Үүний дараа бүлгийн дэд дарга Л.Гантөмөр сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгсөн юм.

-Хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд алба хашиж байсан танай бүлгийн зургаан сайд зургуулаа УИХ-ын гишүүн байсан. Энэ утгаараа одоо гурав нь МАН-ын бүлгийн гишүүд байхад яагаад болохгүй байна вэ. Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулаагүй байна шүү дээ?

-Хамтарсан Засгийн газар бол 3.6 жилийн өмнө байгуулагдаж байсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Тухайн үед Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь УИХ дотроос, гуравны хоёр нь гаднаас гэдэг шийдэлд хүрээгүй байсан. Одоо бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулаагүй боловч, ийм сонголтоор Засгийн газрыг байгуулах нь зөв юм гэдэг дээр хаа хаанаа ойлголцолд хүрчихсэн. Тийм учраас сайд нарыг гаднаас томилох асуудал дээр дахиад нэг ажиллаач ээ гэдэг саналыг Ерөнхий сайд С.Батболдод бүлгээс хүргүүлж байна. Засгийн газрын гишүүдийг гаднаас томилох нь зөв юм аа гэдэг саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч ч хэлж байна, ард түмэн ч шаардаж байна. Шинэчлэл рүү нэг яваад үзье л дээ. Болохгүй, бүтэхгүй юм гэж байхгүй шүү дээ.

-Монгол Улсын Ерөнхийлөгчтэй Ерөнхий сайд уулзах үеэрээ “Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулийн хүрээнд УИХ дахь МАН-ын бүлгийн гурван гишүүнийг сайдаар томилуулахаар дэвшүүлсэн гэж байсан. Нөгөө талдаа Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэдэг тайлбарыг нэгэнтээ хийчихсэн. Ийм үед УИХ дахь МАН-ын бүлэг  харин ч дундын хувилбар оруулж ирсэн юм биш үү?

-Шинэ улстөрийн соёл бий болгох гэж оролдоод байна. Тийм учраас нэгэнтээ Монгол Улсын Ерөнхийлөгч “Засгийн газрын гишүүдийг гаднаас томилох ёстой” гэдэг саналаа зөвшилцөх үеэрээ хэлсэн юм чинь МАН дахиад ажиллахад л болно. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд ч дээрх асуудлын хүрээнд завсарлага авах эрх нь байна. Гэхдээ бид өнөөдөр ч байна уу, маргааш ч байна уу, Засгийн газрыг хуралдах боломжоор хангахын тулд байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулах шийдвэрт хүрээд байна шүү дээ.

-Магадгүй танай бүлгийн саналыг талууд хүлээж аваад, Сангийн сайд, Батлан хамгаалахын сайд, Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайдад дахиад гаднаас хүн нэр дэвшүүлэхээр “Бид дэмжихгүй” гээд завсарлага аваад суучих юм биш биз, танай бүлэг?

-Тухайн салбараа сайн мэдэх хүнийг гаднаас нэр дэвшүүлээд оруулаад ирэхэд УИХ дахь Ардчилсан намын бүлэг дэмжинэ.

-Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Цогтбаатар нарыг дэмжихгүй гээд танай бүлэг байр сууриа илэрхийлээд байгаа нь ямар учиртай юм бэ. Тэгсэн атлаа Засгийн газрыг чадамжтай болгохын тулд зургаан нэр дэвшигчээс дээрх хоёрыг УИХ-аар хэлэлцэх боломжоор хангах зарчмын шийдэлд хүрсэн байх?

-Төрийн албыг улстөрөөс салгая, ангид гэдэг утгаар УИХ-аас хууль батлаад нэлээд хэдэн жилийн нүүр үзэж байна. Гэтэл Ерөнхий сайд С.Батболд “Төрийн нарийн бичгийн дарга нарыг сайдаар томилуулахаар хаяг нааж буй нь өөрөө зохисгүй байдал руу явуулж байна. “Та нар бидэнд үйлчлэх юм бол сайд болно шүү” гэдэг месежийг төрийн албаныханд өгч байна. Нөгөө талдаа төрийн албаныхан “Ардын намын талд ажиллах юм бол сайд болдог юм байна” гээд хэдэн арваараа энэ нам руу хошуурах юм руу түлхэж байна. Тийм учраас УИХ дахь Ардчилсан намын бүлэг байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар Байгаль орчин, Эрүүл мэндийн сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэхэд дэмжихгүй. Олонхийн саналаар эдгээр сайд нар томилогдвол Засгийн газар 10 сайдтай болж хурлаа хийгээд явах боломжтой болно.

-Монгол Улсын Ерөнхийлөгч намын харьяаллаас татгалзсан байдаг. Гэтэл танай бүлгээс “Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газрын гишүүдийг гаднаас томилох ёстой байсан” гэдэг саналаа хэлсээр байтал Монгол Улсын Ерөнхий сайд хүлээж авсангүй” гэж үзэж буй нь хэр зохистой вэ. Танай бүлгийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамтраад нэг талдаа сайдын томилгоо дээр улстөржилт хийгээд байгаа юм биш үү?

-Ардчилсан намын бүлэг нь УИХ-аас гарч байгаа шийдвэрийн хүрээнд байр сууриа илэрхийлэх эрхтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч сайд нарын томилгоотой холбоотой асуудлыг чимээгүй явуулсан байсан ч, УИХ дахь Ардчилсан намын бүлэг байр сууриа илэрхийлэх байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ардчилсан намын бүлэг асуудлыг нэг өнцгөөр харж буй учраас холбож ойлгоод байх шиг байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж