Азаренкагийн дараагийн өрсөлдөгч нь Ким Клейстерс, Каролина Возняцки нарын тулаанаас тодорлоо. Дэлхийн чансааг тэргүүлэгч Возняцки чансаагаа хадгалж үлдэхийн тулд зайлшгүй хагас шигшээд шалгарах ёстой байсан ч Бельги теннисчин түүний замд хангалттай саад болжээ. Клейстерс өрсөлдөгчийнхөө эсрэг хоёр брейк хийснээр 6:3-аар эхний сетэд хожсон бол дараагийн сет тай брек хүрсэн ч 7:4-аар ахмад тэннисчин дахин хожиж хагас шигшээд үлдэж байна.
Дэлхийн №1 теннисчинг ийнхүү бүдэрч байх үед чансааны хоёрт бичигдсэн Петра Квитова, Италийн Сара Эрранитай тоглолоо. Чехийн теннисчин өрсөлдөгчийнхөө давуулалтыг авч 5:2-оор тэргүүлж эхэлсэн төдийгүй 6:4-өөр хожсон байна. Дараагийн сет ч энэ зохиолын дагуу явагдаж 6:4-өөр дахин хожсоноор Квитова хагас шигшээд шалгарлаа. Хэрвээ дараагийн шатанд Квитова хожвол дэлхийн чансааны №1 болох боломжтой юм.
Түүнтэй хагас шигшээд өрсөлдөх тэннисчин нь Мария Шарапова боллоо. Гурван жилийн өмнө Меблурнд аваргалж байсан Шарапова өөрийн нутаг нэгт Екатерина Макароваг 6:2, 6:3-ын харьцаатай хожсон байна.
Харин эрэгтэй ганцаарчилсан төрөлд 16 “Их дуулга” хүртсэн Рожер Федерер, Аргентиний Хуан Мартин дел Потротой шөвгийн наймд таарч 6:4, 6:3, 6:2-ын харьцаатай хожлоо. Чансааны №2 Рафаэл Надаль, Чехийн Томаш Бердых нарын тулаан дөрвөн сет үргэлжилж, 6:7, 7:6, 6:4, 6:3-ын харьцаатай Испанийн теннисчин хожсоноор хагас шигшээд Федерертэй өрсөлдөхөөр боллоо.