Гол нь энэхүү ааш аяг нь олдохгүй хачин үйлдлээс болж, Засгийн газар хуралдаж чадахгүй, тэр дунд нь иргэд хохирч, үнийн хөөрөгдөл газар авах шинжтэй болж байна. Аягүй бол одоохон Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооныхон дахиад жагсаад эхэлнэ дээ. Засгийн газар үнийн өсөлтийн эсрэг арга хэмжээ авахгүй байна гээд. Энэ асуудлыг Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнтэй байж хэлэлцэх ёстой. Тэгтэл УИХ танхимынх нь зургаан сайдыг албан тушаалаас нь чөлөөлчихсөн байхад яаж хуралдах юм бэ. Хэрвээ Ардчилсан нам Засгийн газарт сайд нараа үлдээмээр байсан юм бол өнгөрсөн долоо хоногт хуралдсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд асуудал орж ирэхэд дэмжихгүй хэвээр нь үлдээхгүй яасан юм. Ядахад бас УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшингийн сэтгүүлчийн асуултад өгсөн хариултыг үндэслэл болгон байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх байсан сайд нарын томилгоон дээр завсарлага аваад буй нь Ардчилсан намыг улам жижигхэн болгож харагдуулаад байна. Дэндүү жижиг зүйлээр улстөр хийгээд байгаа юм биш үү. Мөн чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 15.00 цагт зарласан ч хуралдах боломжгүй байдалд хүрээд байна. Яагаад гэвэл хэлэлцэж батлах байсан асуудал дээр Ардчилсан намын бүлэг завсарлага авсан төдийгүй бүр буцааж татах асуудлыг тавьж буй учраас.
Тиймээс шалавхан Засгийн газрын танхимыг нь бүрдүүлж өгөөд, хариуцлагыг нь үүрүүлэхийг Ардчилсан намаас ард түмэн шаардаад эхэллээ.