“Архигүй Монголын төлөө” аян эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

“Архигүй Монголын төлөө” аян эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Архигүй Монголын төлөө хамтдаа” аян эзэн Чингис хааны өлгий – Хан Хэнтий нутгаас гараагаа эхэллээ. Уг аяныг Ерөнхийлөгчийн тамгын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийг дэмжих сан, “Тамхи архины шалтгаант эмгэг судлалын төв” ТББ-тай хамтран бүх аймаг, суманд зохион байгуулах аж. Аяны хүрээнд Хэнтий аймгийн сумдыг бүсчилэн ажиллах хоёр групп гарчээ. Тэд энэ сарыг дуустал сумдад ажиллаж байна.

Аян зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, Ерөнхийлөгчийн зөвлөх Э.Зоригт өнөөдөр “Хан Хэнтий” чуулгын байранд Хэнтий аймгийн удирдлагууд, бүх агентлагийн дарга эрхлэгч нартай уулзахдаа “Энэ онд бид бүх аймгийн бүх суманд биечлэн явж “Архигүй Монголын төлөө” хөдөлгөөнийг өрнүүлэн ажиллахаар шийдсэн. Энэ ажилд төрийн бус байгууллагуудынхаа хүчийг дайчилж аяны гараа их үр дүнтэй эхэлж байна. Архины хор хөнөөлийн тухай соён гэгээрүүлэх тайлбарлах ажлыг мэргэшсэн лекторүүд хийж байна. Хэнтий аймагт төрийн албан хаагчдаасаа эхлэн алив баяр ёслол, хүлээн авалтыг архигүй хийхээр болж, аймгийн Засаг даргын захирамж гарган үлгэр дууриал үзүүлж байгаад баяр хүргэе” хэмээн үг хэллээ. Үүний дараа аддикологийн шинжлэх ухааны нийгмийн ажлын зөвлөх, лектор Ж.Цогтсугар “Монгол хүнээ хайрлая” сэдэвт лекц уншив. Архинаас шалтгаалсан осол эндэгдлээс болж манай улсад жилд 2100 хүн нас барж байна. Насанд хүрсэн нийт хүн амын 52 хувь нь архины хамааралтай, 27 хувь нь архинд донтох эмгэгтэй болж, нэг хүнд 39 литр архи ногдож, архины үйлдвэрлэл хоёр дахин нэмэгдэн, сул агууламжтай согтууруулах ундаа сурталчлах хууль хэрэгжиж байгаа зэрэг сэтгэл эмзэглүүлсэн тоо баримтыг тэрбээр дурдан хүний сэтгэл гэдэг эрхтэнийг эмчлэхэд бүх нийтээрээ анхаарахыг уриалав. Гоё хөтөлбөр төслөөр биш бодитой ажлаар монгол хүнээ хайрлаж, эрүүлжүүлье гэлээ. Энэ ажилд төр, төрийн бус байгууллагуудтайгаа хамтарч ажиллаж байгаад талархлаа илэрхийлж, мал амьтнаа гаргуун сайн судалсан шигээ хүн судлалыг хөгжүүлж ажиллах санал дэвшүүллээ.

И.Байгалмаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж