Буудлагын тамирчид эх орондоо ирлээ

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

Буудлагын тамирчид эх орондоо ирлээ

Катарын Доха хотноо болсон буудлагын Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон мэргэн буучид уржигдар эх орондоо иржээ. Манай буучид энэ удаад 3-4 эрх авах зорилго өвөртөлж, Дохаг зорьсон ч харамсалтай нь зорилгодоо хараахан хүрч чадсангүй. Өмнөх тэмцээнүүдэд бүсгүйчүүд өндөр амжилт гаргадаг байсан бол энэ удаа эрчүүд тэр тусмаа урт бууныхан амжилттай оролцлоо. Олон улсын хэмжээний мастер Н.Баяраа хийн урт бууны 10 метрийн дасгалд онч сорьж олимпийн эрх авч Лондонг зорихоор болсон. Энэ нь манай улсын буудлагын спортын түүхэн дэх анхны тохиолдол юм. Тэгвэл ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчин Ц.Мөнх-Эрдэнэ 1470 оноогоор VII байр эзэлж, олимпийн эрхээс атгаад алдав. Түүний хувьд 10 оноо л дутсан. Хэдийгээр эрх аваагүй ч манай тамирчин хүлээлгэд байгаа юм. Монгол буучдад дахин нэг эрх өгөх эсэхийг  Олон улсын буудлага спортын холбоо шийдэх учиртай. Монголын баг Дохагаас хоёр хүрэл, нэг олимпийн эрхтэй ирж байна. Монголын буудлагын шигшээ багийнхнаас О.Гүндэгмаа, Н.Баяраа нар Лондонгийн галын шугамд зогсохоор боллоо.

“Спортын шуудан”
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж