Нийслэлд 435 тэрбумын бүтээн байгуулалт өрнөнө

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

Нийслэлд 435 тэрбумын бүтээн байгуулалт өрнөнө

Нийслэлийн Засаг даргын орлогч нар өнөөдөр ирэх жил нийслэлд хийх бүтээн байгуулалтын зарим ажлыг танилцууллаа. 2012 онд нийслэлд 435 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил хийхээр төлөвлөжээ. Нийслэлийн Засаг даргын нийгмийн бодлого хариуцсан орлогч Ц.Цогзолмаа нийгмийн салбарт  34 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Нийслэлд одоо үйл ажиллагаа явуулж буй сурууль, цэцэрлэгийн байр насжилт өндөртэй, дээвэр, дулааны шугам сүлжээ гээд зайлшгүй засвар хийх шаардлагатай газрууд олон байгууг тэрбээр онцолсон юм. Ц.Цогзолмаа “Энэ жил бидний хийхээр төлөвлөсөн гол ажлуудын нэг нь анхан шатны үйлчилгээний цогцолборуудыг барих юм.  Анхан шатны үйлчилгээ гэдэг нь хорооны цагдаагийн хэлтэс, өрхийн эмнэлэг гээд хорооны үйлчилгээ явуулах. Өнгөрсөн жил ёсдүгээр сарын 1 гэхэд сургууль, цэцэрлэгийн засвар дуусах ёстой байсан. Зарим нэг сургуулийн засвар хожуу дууссан тохиолдол байгаа. Тиймээс барилга, гүйцэтгэлийн ажил хийх тендерийг эрт эхлэхийн тулд хоёрдугаар сарын 1-ний дотор зарлаж, шалгаруулаад дараа нь дулааны улирал эхлүүт ажлаа эхлүүлэхээр болсон. Мөн өнгөрсөн онд хийсэн ажлынхаа дүнг хэлэлцээд, ямар ажил нь үр дүнтэй байсан, аль нь үр дүн бага гарсан зэргээс шалтгаалан энэ жилийн гүйцэтгэлийн ажлыг хийх компаниудад өндөр шаардлага тавьж эхлэнэ. Өөрөөр хэлбэл ажлаа үр дүн багатай хийсэн компанийг энэ жилийн тендерт оролцуулахгүйгээр хэн нь юу хийснийг бид олон нийтэд ил тодоор мэдээлэх болно” гэлээ.

Харин үүний дараа НЗД-ийн орлогч Б.Мөнхбаатар өнгөрсөн онд хийж дуусаагүй 10 гаруй замын ажлыг танилцуулсан юм. 2012 онд зам засварын ажилд 70 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд зарим ажлын гүйцэтгэл, тендер шалгаруулалтаас шалтгаалан хөрөнгийн мөнгө өөрчлөгдөж болзошгүй байгаа аж. Өнгөрсөн онд хийгдсэн Дарь эхийн замын ажил 97 хувийг гүцэтгэлтэй байгаа бөгөөд ирэх сарын 5-нд гэрэлтүүлэг, явган хүний замын ажлыг хийж гүйцэтгэхээр болжээ. Энэ жил зам засварын ажлыг дөрөвдүгээр сарын 15-аас эхлэн хийж гүйцэтгэх учраас тэрнээс өмнө ажлын  гүйцэтгэлийг хийх компаниудын тендерийг эрт зарлаж зам засварын ажил эхлүүлэх бэлтгэлийг эрт хийхийг үүрэг болголоо.

Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж