Хүүхдийнхээ яриаг анхааралтай сонс | News.MN

Хүүхдийнхээ яриаг анхааралтай сонс

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Хүүхдийнхээ яриаг анхааралтай сонс

Олонх эцэг эхчүүд хүүхдийн яриаг сонсох нь тээртэй зүйл гэж үздэг. Бид өөрсдийн ажил үүргээ л ямагт бодож байдаг. Аливаа үүрэг хариуцлага хүлээсэн асуудлыг мартмаар байх үедээ эсвэл өөрийн сонирхол, хэрэгцээнээс болж бусдыг сонсох завгүй мэт болдог. Хүүхдийнхээ яриаг ч  сонсох завгүй байх үе бий. Заримдаа тэдний яриа ямар ч утгагүй санагддаг ч хүүхдийн ярианаас та олон зүйлийг олж мэднэ.
Гэр бүлтэй болбол хүүхдийнхээ ярихыг улам анхааралтай сонсохыг хичээгээрэй. Хүүхдийн  төвөгтэй хэцүү явдал, баяр хөөр, сэтгэл догдолсон зүйлийнхээ тухай ярихыг  сонсох юу нь муу байх билээ.  
Нэгдүгээр ангид байх үед  “зовлон” – той асуудлуудыг аав минь их завгүй хэдий ч цаг гаргаж сонсдог байсан тэр өдрийг би өчигдөр болсон юм шиг тодхон санаж байна. Намайг анхааралтай сонсож,  тайван хардаг байсан нь намайг тайвшруулдаг байсан юм. Тэр үед намайг зовоосон зүйл чухам юу байсныг одоо санахгүй байгаа ч гагцхүү аавдаа ярьсаны дараа л айдас алга болдог байж. Миний аав намайг сонсдоггүй байсан бол би асуудлаа хэрхэн шийдэхээ мэдэхгүй байх байсан. Таны хүүхдэд өөрт чинь ярихыг хүсч байгаа зүйл байвал, наад зах нь уншиж байсан сонингоо хойш тавь. Хүүхэд танд  хандсан үед тэвчээртэй сонс. Энэ байдал тэдэнд дотно харьцаа, хайр халамж, итгэлээ илэрхийлэх хамгийн нандин мөч байх болно.
Нэг жаал хүү аавдаа гарын хурууныхаа шалбархайг үзүүлэхийг хүсчээ. Тэр хүүхэд аавынхаа анхаарлыг татах гэж хэд хэдэн удаа оролдсоны эцэст эцэг нь номоо хажуу тийш нь тавьж, саад болсонд нь уцаарлан “За яасан бэ? Би чиний шалбархайг яах юм бэ?” гэж хэлжээ. Хүү нь “Та ядаж хөөрхий гэж хэлж болох л байсан шүү дээ” гэж хариулжээ.
15 настай хүүхэд амьдралынхаа энэ  хугацаанд  500 мянган асуулт тавьдаг гэсэн судалгаа бий. Эцэг эхчүүдэд ямар их бололцоо байна вэ? Танд хүүхдийнхээ амьдралд алтан сургаалиа хэлэх боломж маш их  байна шүү дээ!
Бид хүүхдээ балчир наснаас нь анхаарч хайрлах хэрэгтэй. Тэднийг 15 нас хүрэхэд  хүмүүжил нь тогтсон  байдаг. Энэ үед эцэг эх хоёр нь юунд итгэж  байна вэ? гэдгийг хүүхдүүд мэдэж авсан байдаг. Хүүхдээ сонсч сурахын тулд танд гурван чих байсан ч илүүдэхгүй. Жишээлбэл: Хүүхэд: ‘Ааваа, та өнөө орой дахиад явах юмуу?’ гэж асуувал ‘би тантай хамт баймаар байна’ гэсэн үг болохыг мэдэрч байх хэрэгтэй. Бяцхан хүү орой өвөр дээр чинь  гарч суугаад,  өдөр юу тохиолдсон тухайгаа яривал бүх анхаарлаа түүнд хандуулах нь чухал. Яагаад гэвэл, хүүхэд нас амархан өнгөрдөг бөгөөд хүүхэдтэйгээ хамт байх  ийм цаг мөч ховорхон тохиолддог  юм. Францын сэтгэл зүйч Ж.Ж. Руссо “Хүүхдийг хүмүүжүүлнэ гэдэг нь хүүхдийн анхаарлыг татсан тэр мөчийг хэрхэн ашиглах, эсвэл зүгээр өнгөрөөхийн ялгааг мэдрэх урлаг юм” гэжээ.
Хүүхэд өөртэй чинь ярьж байх үед бодол чинь өөр газар байх ёсгүй. Анхаарлаа төвлөрүүлж, нүд рүү нь  эгц харж түүний ярьж байгааг сонс. Хүүхэд эцэг эхийнхээ анхаарлыг татах гэж байдгаараа хичээдэг. Жаал хүү аавдаа өөрийгөө сонсгох гэж  дахин дахин хашгирч байхыг би нэг биш удаа харсан юм. Тэгээд ааваас нь “Яагаад тоохгүй байгаа юм бэ?” гэж асуухад тэр “Зүгээр энэ миний хүүхэд” гэж хэлж билээ. Эцэг эх нь хүүхдээ бага байхад нь анхааралтай сонсдог байсан бол хожим тэднийг үг авдаггүй гэж гомдоллохгүй байх байсан. Хэрэв та хүүхдээ өөрөөсөө юу  ч нуулгүй илэн далангүй байгаасай гэж хүсдэг бол балчир байхаас нь яриаг нь анхааралтай сонсч, асуудлыг нь хуваалцдаг байх нь чухал. Үр хүүхдийнхээ юу хүсч мөрөөдөж байгааг мэдэх нь түүнийг ойлгохын эхлэл.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DD 2010-05-03 203.91.114.3

saihan medee baina bayarlalaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж