Н.Энхтуяа нарын ялыг хэвээр үлдээв

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

Н.Энхтуяа нарын ялыг хэвээр үлдээв

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Н.Энхтуяа нарт холбогдох 200 гаруй хохирогчтой залилангийн хэргийг ялтнуудын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн өнөөдөр хянан хэлэлцээд, анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон 10-12 жилийн хорих ялыг хэвээр баталсан байна.

Чингэлтэй дүүргийн шүүх уг хэргийг өнгөрсөн есдүгээр сарын 19-ний өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар Н.Энхтуяаг 12 жил, А.Халиуныг 10 жил зургаан  сар, Э.Булганааг 10 жил нэг сарын хорих ялаар тус тус шийтгэж, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Нийслэлийн шүүх дээрх хэргийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр давж заалдах шатны журмаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн аж. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Н.Энхтуяа, А.Халиун, Э.Булганаа нар “Солонгос улсад ажиллаж амьдардаг Монгол иргэдээс тодорхой хүүтэй валютын хадгаламж татан төвлөрүүлье” гэж урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн өөрсдийн үүсгэн байгуулсан шуудан илгээлт, аялал жуулчлалын чиглэл бүхий "Найман шарга интернэшнл" ХХК-ийн нэрийг ашиглаж, мөнгөн хадгаламж, төлбөр тооцооны үйл ажиллагаа явуулах эрхгүй атлаа бусдыг төөрөгдүүлэн 2008 оны энгдүгээр сараас 2009 оны дөрөвдүгээр сар хүртэлх  хугацаанд БНСУ-д ажиллаж байсан нэр бүхий 87 иргэнээс  ам.доллар, вонныг сар тутам  нэг хувийн хүүтэй валютын хадгаламж авч, нийт 927  сая  174 392 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлджээ. Мөн Н.Энхтуяа, А.Халиун, Э.Булганаа нар “БНСУ-аас Монгол Улс руу, Монгол Улсаас БНСУ руу валютын гуйвуулгыг нэг хувийн шимтгэлтэйг явуулна” хэмээн урьдчилан үгсэн тохиролцож, мөнгөн гуйвуулгын үйл ажиллагаа эрхлэх эрхгүй, бодитойгоор  мөнгөн гуйвуулга явуулах боломжгүй атлаа зохиомол байдлыг зориудаар бий  болгож, бусдыг төөрөгдүүлэн хуурч мэхлэх аргаар нэр бүхий 107 иргэний 428 сая 985422 төгрөгийг залилан мэхэлж авч, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан байна.Түүнчлэн Н.Энхтуяа нь дангаараа 2008 оны нэгдүгээр сарын 15-наас 2009 оны гуравдугаар сарын 9-ний өдөр хүртэлх хугацаанд нэр бүхий 13 иргэнээс ам.доллар болон төгрөг зээл авах нэрээр хуурч мэхлэн авч, нийт 162 сая 589 245 төгрөгийг  буюу онц их хэмжээний хохирол учруулсан аж. Мөн А.Халиун, Э.Булганаа нар бүлэглэн 2009 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр иргэн Б-гээс 10.000 ам.доллар буюу 14 сая 419 400 төгрөгийг зээлэх нэрээр халхавчлан итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсан гэмт хэргийг үйлджээ. Тэдний үйлдсэн эдгээр гэмт хэргийн улмаас бусдад нийт нэг тэрбум 400 гаруй сая төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учирсан аж.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж