Д.Ганзориг: Цаг нь болохоор бүх зүйл тодорхой болно

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

Д.Ганзориг: Цаг нь болохоор бүх зүйл тодорхой болно

Монголын боксчид өнгөрсөн оны сүүлчээр Казахстан болон Кубад хамтарсан бэлтгэл хийгээд ирсэн. Тэгвэл түүнээс хойш эх орондоо суурин байна. 2012 он тэдний хувьд хамгийн эгзэгтэй жил учраас бэлтгэл сургуулилтаа хүртэл нэлээд чамбай хийж харагдана лээ. Арга ч үгүй биз. Хэдхэн хоногийн дараа олимпийн эрхийн өмнөх сорил тэмцээн эхэлнэ. Монголын бүх ард түмний XIII спартикиадын салхийг боксчид хагалж байгаа юм. Энэ сарын 30-нд эхлэх тэмцээнд боксчид бэлдээд тун завгүй байна. Ид ачааллын үе учраас өдөрт хоёр удаа бэлтгэл хийж байгаа ажээ. Тэдний бэлтгэл хийж байгаа байдал нь эрч хүчтэй байсан. Гэхдээ үнэнийг хэлэхэд боксын бэлтгэлийн заал дэндүү жижигхэн. Боксчид ч байгаа боломждоо тааруулаад бэлтгэл сургуулилтаа хийгээд дөнгөчих юм. Заал жижигхэн, бэлтгэл хийж болохгүй байна гэж боксчид гомдол нэхдэггүй. Тамирчдын бэлтгэлийг 4-5 дасгалжуулагч удирдаж байна. Монголын топ дөрвөн спортын нэг боксчидын бэлтгэл хийх орчин, техник хэрэгслийг сайжруулан шинэчлэх цаг нь нэгэнт болжээ гэдгийг энэ дашрамд тээе. Өчигдөр үдээс хойшхи бэлтгэл дээр шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Ганзориг байгаагүй ч утсаар холбогдож цөөн асуултад хариулт авлаа.

-Боксчид маань нэлээд завгүй байгаа бололтой?

-Тийм ээ. Амрах ч завгүй бэлтгэлээ хийж байна. Монголын бүх ард түмний спартикиад эхлэх гэж учраас үүнд нэлээд хариуцлагатай оролцох ёстой. Тэр тусмаа шигшээ багийнхан. Энэ тэмцээн бол Монголчуудын олимп шүү дээ.

-Тамирчдын бэлтгэл ямар байна вэ?

-Одоогоор бүх зүйл хэвийн байгаа. Ямар нэгэн асуудал гараагүй байна.

-Гуравдугаар сард олимпийн эрх олгох тэмцээн болно. Үүнээс өөр эрхийн тэмцээнгүй. Хэр олон эрх авах найдлага байна вэ?

-Энэ талаар одоо хэлэх боломжгүй. Урьдчилаад ямар нэгэн амлалт өгмөөргүй байна. Ямар ч байсан бүх боломжоо дайчлан үндэсний шигшээ багийн албаны тавьсан зорилгыг хэд хэдэн эрх нэмэхийг хичээх болно. Ер нь ямар тэмцээний уралдааны өмнө амлалт өгмөөргүй байгаа юм.

-Эрхээ авсан хоёр боксчин Казахстаныг зорихгүй гэж сонссон?

-П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ нарын тухайд яг шийдвэр гаргаагүй байна. Нэгэнт олимпийн эрхээ авсан болохоор Казахстанд болох тэмцээнд оролцохгүй байсан болно. Холбооны удирдлагууд, дасгалжуулагч нар ярилцаж байгаад шийдэх биз.

-56 кг-ын жингийн асуудлыг асуухгүй өнгөрч чадахгүй нь. Олимпийн эрхийн тэмцээн дөхөөд л байна шүү. Шийдвэрээ гаргаж амжсан уу?

-Хоёулаа л бэлтгэлээ хийж байна. Бидэнд бас ч гэж хугацаа байгаа учраас одоохондоо энэ тухай ярихгүй байвал зүгээр байх. Цаг нь болохоор бүх зүйл тодорхой болно шүү дээ. Яарах хэрэггүй.

Б.Мөнхзул

“Спортын шуудан”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж