Спортын 2012 оны хуанли

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

Спортын 2012 оны хуанли

Спортын үнэнч хөгжөөн дэмжигчдийн хувьд 2012 он үйл явдал ихтэй, түүхэн дурсгалтай он байх биз ээ. Эдгээрээс аль нь илүү анхаарал татах бол.

Нэгдүгээр сар

Оны эхний сард томоохон уралдаан тэмцээн багахан зохиогддог түүхэн уламжлалыг энэ удаа эвдлээ. Олон улсын олимпийн хорооноос санаачлан нэгдүгээр сарын 13-22-ны хооронд Австрийн Инсбрукт өсвөрийн анхдугаар цагаан олимп болж өндөрлөсөн. Спорт сонирхогчид 10 хоногийн турш өвлийн спортоор амьсгаллаа. Түүнчлэн сарын эхний хагаст автомашин, мотоциклийн зоригт дайчид Өмнөд Америкийн хээр талаар баахан давхилдав. Харин сарын сүүлчийн өдрүүдэд бөмбөгтэй хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, уран гулгалтын Европын аварга шалгаруулах тэмцээн үзэгчдийн сонирхлыг татах нь.

I.1-15. “Дакар-2012” Ралли. Аргентин-Чили-Перу
I.16-29. Теннис. Австралийн нээлттэй тэмцээн. Мельбурн
I.21-II.1. Хөлбөмбөг. Африкийн цом. Гвиней-Бисау, Габон
I.23-29. Уран гулгалт. Европын АШТ. Шеффилд (Англи)
I.28-II.5. Бөмбөгтэй хоккей. ДАШТ. Медео (Казахстан)
I.28-29. NHL-ийн Бүх оддын тоглолт

Хоёрдугаар сар

Хөлбөмбөг бол аль ч улирал, сард моодноос гардаггүй гайхамшигтай спорт. Хоёрдугаар сард манай оронд төдийгүй Европт хүйтэн хэвээрээ байдаг ч хөгшин тивийн хөлбөмбөгт хүнд ширүүн тулаанууд айлчилдаг. Аваргуудын лигийн плей-офф эхэлж буй нь тэр. Цас мөсний спортуудын дэлхий, тивийн тэмцээнүүдээр энэ сар хахаастай. Манай оронд 2012 онд зохиогдох спортын хамгийн томоохон тэмцээн Монголын Бүх Ард Түмний спортын XIII их наадам бөгөөд боксын төрлөөр эхэлж, цана, тэшүүр, ширээний теннисээр үргэлжилнэ.

II.5. Америк хөлбөмбөгийн Супербоул. Индианаполис (АНУ)
II.15. Хөлбөмбөг. UEFA-гийн Аваргуудын лигийн плей-офф эхэлнэ
II.16. Хөлбөмбөг. UEFA-гийн Евролигийн плей-офф эхэлнэ
II.26. NВА-гийн Бүх оддын тоглолт

Гуравдугаар сар

Спорт сонирхдоггүй нэгнийг ч араасаа дагуулах увдистай биатлоны улирлын гол тэмцээн Германы Рупольдингд айлчилна. Лондоны олимпийн эрх олгох бокс, чөлөөт бөхийн тэмцээнүүд Монголын тамирчдад хэрхэн ивээлээ хайрлах бол. Үүний хариу эхнээсээ тодорхой болно. АНУ-ын оюутны сагсан бөмбөгийн лигийн шөвгийн шатны “March madness” (Мартын мансуурал) хэмээх тоглолтууд явагдана.

III.1-11. Биатлон. ДАШТ. Рупольдинг (Герман)
III.11-18. Уулын цана. Дэлхийн цомын финал. Шладминг (Австри)
III.18. Формула-1. ДАШТ эхэлнэ. Австралийн гранпри
III.22-25. Тэшүүр. ДАШТ. Хееренвен (Голланд)
III.30-IV.4. Чөлөөт бөх. Олимпийн эрхийн тэмцээн. Астана (Казахстан)
III.30-IV.8. Бокс. Олимпийн эрхийн тэмцээн. Астана (Казахстан)

Дөрөвдүгээр сар

Евгений Плющенко мөсөн талбайдаа эргэн ирж Оросын аваргаар 10 дахь удаагаа тодорсон байгаа. Одоо тэрээр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж буй. Харин Европын АШТ-ий дараагаар хийлгэх өвдөгний мэс заслаас түүний цаашдын төлөвлөгөө хамаарах ажээ. Энэ сард манай чөлөөтийнхнийг мөн л олимпийн тэмцээн хүлээж байна.

IV.5. Гольф. The Masters тэмцээн. Аугуста (АНУ)
IV.13-25. Тивийн хоккейн лигийн финал
III.26-IV.1. Уран гулгалт. ДАШТ. Ницца (Франц)
IV.27-29. Чөлөөт бөх. Олимпийн эрхийн тэмцээн. Тайюань (Хятад)

Тавдугаар сар

Хоккейн шилдгүүд Финланд-Шведийн дунд хагас сар аялан тоглосны эцэст аваргаа тодруулна. Мод нахиалж, шувуу ганганах эл цагаар зуны спортын томоохон тэмцээнүүд ч цөөнгүй явагдах бололтой.

V.4-6. Чөлөөт бөх. Олимпийн эрхийн тэмцээн. Хельсинки (Финланд)
V.4-20. Хоккей. ДАШТ. Хельсинки-Стокгольм
V.5-27. Дугуй. “Жиро Д’Итали” олон өдрийн уралдаан
V.9. Хөлбөмбөг. UEFA-гийн Европа лигийн финал. Бухарест (Румын)
V.19. Хөлбөмбөг. UEFA-гийн Аваргуудын лигийн финал. Берлин (Герман)
V.27- VI.10. Теннис. Францын нээлттэй тэмцээн. Парис

Зургадугаар сар

Зуны халуун өдрүүд хөлбөмбөгийн халуунаас халуун тэмцлээр эхэлнэ. Бразил, Аргентингүй “World Cup” хэмээдэг Европын АШТ анх удаа буурал тивийн зүүн хэсэгт буюу Польш-Украины найман хотод болох гэж байна. Мөн Хойд Америкийн хоккей, сагсан бөмбөгийн лигийн аваргын төлөөх өрсөлдөөнийг энэ сарын эхээр үзэх боломжтой.

VI.8-VII.1. Хөлбөмбөг. Европын АШТ. Украин-Польш
VI.25-VII.8. Теннис. Уимблдоны тэмцээн. Лондон (Англи)
VI.30-VII.22. Дугуй. Тур де Франс олон өдрийн уралдаан

Долдугаар сар

Ямар ч маргаангүйгээр 2012 оны спортын хамгийн гол үйл явдал нь Лондоны зуны олимпийн ХХХ наадам юм. Одоогоос дөрвөн жилийн өмнөх нутагтаа болсон олимпод тэргүүлсэн Хятадууд дахин өнгөлөх үү, Ванкуверт өвлийн олимпоор сүйрсэн Оросууд сэргэж амжих уу, Майкл Фелпс дахин хэдэн алт зүүх бол, Монголын тамирчид хэдэн медаль хүртэх вэ зэрэг олон асуултын хариуг Гринвичийн цаг эхлэх цэгээс хүлээх болно.

VII.27-VIII.12. Зуны олимпийн ХХХ наадам. Лондон (Англи)

Наймдугаар сар

Лондоны олимпийн дараах хоёр долоо хоногт спорт сонирхогчид түр амсхийж, олимпийн дурсамжаа хүүрнэлдэх болов уу. Удалгүй хөлбөмбөгийн хүчирхэг лигүүд нээлтээ хийсээр спортын ертөнц хэвийн амьдралдаа эргэж ирнэ. Парагийнхан энэ сард Лондонд тэмцэлдэх учиртай.

VIII.27-IX.9. Теннис. Америкийн нээлттэй тэмцээн. Нью-Йорк
VIII.29-IX.9. Зуны паралимпийн наадам. Лондон (Англи)

Есдүгээр сар

Евро-2012-ын үр дүнг шүүн ярилцах хөлбөмбөгийн хорхойтнууд хоёр жилийн дараахь “Бразил-2014”-ийн сэдэв рүү шилжинэ. Тус ДАШТ-ий урьдчилсан шатны хэсгийн тоглолтууд сарын туршид үргэлжлэх юм. Монголчуудын хувьд 2012 онд оролцох хамгийн томоохон дэлхийн тэмцээн нь эмэгтэй бөхчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн билээ.

IX.7,11. Хөлбөмбөг. ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолт
IX.15-19. Дугуй. ДАШТ. Лимбург (Голланд)
IX.27-29. Эмэгтэй чөлөөт бөх. ДАШТ. Страткона (Канад)

Аравдугаар сар

“Бразил-2014” Дэлхийн АШТ-ий урьдчилсан шатны хэсгийн тоглолт үргэлжилнэ. Хойд Америкт хоккей, сагсан бөмбөгийн шинэ улирал айлчлан ирнэ.

X.12,16. Хөлбөмбөг. ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолт

Арваннэгдүгээр сар

Авто уралдааны шилдэг мастеруудын дундаас хэн нь аваргын цом өргөх вэ гэдгийг арваннгэдүгээр сарын 25-нд мэдэх болно.

XI.16-18. Теннис. Дэвисийн цомын финал
XI.25. Формула-1. ДАШТ өндөрлөнө. Бразилийн гранпри

Арванхоёрдугаар сар

Сочи-2014 цагаан олимп руу алхам алхмаар ойртон иржээ. Цас мөсний шилдгүүд олимпийн өмнөх жилийн бэлтгэлээ ид шалгах цаг үе билээ.

XII.12-16. Усанд сэлэлт. ДАШТ. Стамбул (Турк)
XII.24-28. Уран гулгалт. Оросын АШТ. Сочи
XII.24-2013.I.4. Хоккей. Залуучуудын ДАШТ. ОХУ

Б.Цагаанбаатар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж