Завсарлага авахад хүргэсэн үг хийгээд хариулт

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

Завсарлага авахад хүргэсэн үг хийгээд хариулт

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд үргэлжлүүлэн хаалттай хуралдаж байна. Тэд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшингийн хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад өгсөн хариу төрийн институц хоорондын харилцаанд сэв суулгах үг болсон тул АН бүлэг завсарлага авахад хүрсэн хэмээгээд сайдад нэр дэвшигч зургаан хүнийг бүгдийг буцааж татах санал гаргаад байгаа юм. 

МАН-ын бүлгийн хуралдаан дээр гишүүд “Ерөнхийлөгчид загнуулаад гараад ирдэг Ерөнхий сайд байдаг юм уу” гэсэн шүүмжлэл хэлж байжээ. Энэ талаар асуусан сэтгүүлчдийн асуултад МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин  “Төрийн ажил телевизийн камерийн өмнө явах ёсгүй. Олон камер цуглуулаад гэнэт дуудаж загнадаг, нэг нь загнаж, нөгөө нь гэрийн даалгавраа хийгээгүй хүүхэд  шиг байх ёсгүй. Энэ бол зүгээр шоу. Засгийн газраас явах нь явж, бүрдэх нь бүрдэж ажлаа яаралтай хийе гэж бүлгийн гишүүд ярилцсан” гэсэн юм. Энэ үг өнөөдөр Засгийн газрыг бүрдүүлэхэд гацаа үүсгээд байна.


Энэ үг яагаад Засгийн газар бүрдүүлэхэд гацаа болсон талаар эрхэм гишүүн Э.Бат-Үүлээс сэтгүүлчид тодруулахад тэрбээр дараах хариултыг өглөө.

Гишүүн Э.Бат-Үүл “МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшингийн хэлсэн мэдэгдлийг сайтар анхаарвал тун ноцтой асуудлыг хөндсөн. Монгол Улсын Ерөнхийлөгч хэвлэл мэдээллийнхнийг авчирч шоудлаа гэсэн байдлаар зэмлэн буруушааж бүрэн эрх рүү нь халдсан өнгө аястай зүйлийг ярьсан. Парламентын бүлгийн дарга ийм зүйл ярих ёсгүй. Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг ил тод нээлттэй байхыг УИХ  шаарддаг. Ерөнхийлөгчийн хуульд ч тэр, саяхан баталсан Нийтийн албыг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуульд ч тодорхой заасан. Тэдгээрт Ерөнхийлөгч үйл ажиллагаагаа ил тод нээлттэй байлгана гэсэн байгаа. Нэн ялангуяа төрийн өндөр албан тушаалтнуудтай уулзсан, тэдэнтэй хэлэлцэж ярьсан зүйл хуулийн дагуу заавал ил тод байна гэж заасан. Ерөнхийлөгч үйл ажиллагаагаа ил тод нээлттэй явуулсных нь төлөө парламентын бүтцийн байгууллагын нэг намын бүлэг олон түмэнд маш буруу ойлголт төрүүлэхээр буруушааж, ил тод нээлттэй байсан үйл ажиллагааг нь яллах байдлаар ярьж болохгүй. Бүр заналхийлсэн өнгө аясаар ярьсан шүү дээ.

АН-ын бүлэг эрх хэмжээнийхээ хүрээнд ажиллаж байна. Гэтэл манай намын бүлгийн үйл ажиллагаа руу дайрсан. УИХ-ын хуулиар бол хуулийн дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа бүлгийг олон түмний өмнө дайрч, доромжилж болохгүй. Хуулиар хориотой. Гэтэл Засгийн газрыг байгуулахгүй байгаа гол буруу нь бидэнд байгаа юм шиг ярьсан. Засгийн газраа байгуулах асуудлаа хурдан шийдье гэж байгаа бол Ерөнхийлөгчтэй сайтар зөшилц, зөв хүмүүсээ оруулж ир. Асуудалгүй сайд нарыг оруулж ир. Сайд томилно гэдэг тоглоом биш. Бид хариуцлагагүй, хэл ам дагуулсан сайд нарыг үзэхээрээ нэг боллоо. Яагаад боловсон хүчин дутсан юм шиг ийм сайд нар оруулж ирж байгаа юм бэ. Бид ийм л асуудал хөндсөн. Бид ийм зохисгүй үйлдлийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Ардын намын бүлэг зүгээр нэг мэдэгдэл хийх биш сүүлдээ заналхийлэх өнгө аястай ярьдаг боллоо. Жишээ нь, Ерөнхий сайдыгаа буруутгаж “Ерөнхийлөгчийн өмнө хүүхэд шиг загнууллаа” гэж байна. Төрийн хоёр өндөрлөг гүйцэтгэх эрх мэдлийнхээ хүрээнд хамтарч ажилладаг номтой. Үндсэн хуульд тэгж заасан. Ийм байхад Ерөнхий сайдаа шууд “Ерөнхийлөгчтэй үзэлц” гэж маш ноцтойгоор турхирсан өнгө аясаар мэдэгдлээ. Бид ийм байдлыг яагаад ч зөвшөөрөхгүй. Хариуцлагагүй байдлыг өөгшүүлэх юм бол Ерөнхийлөгчийг дороо байлгах санаархал гэж үзэж байна” гэлээ.

МАН-ын бүлгийн даргын ийм үг, АН-ын бүлгийн гишүүний энэ хариу Засгийн газар бүрдэх үйл ажиллагааг саатуулж зургаан нэр дэвшигч тодорхойгүй байдалд ороод байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж