Спортынхон гуйлга гуйж явна

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Спортынхон гуйлга гуйж явна

Хэдхэн хоногийн дараа эхлэх чөлөөт бөхийн ази тивийн аваргад өрсөлдөх тамирчдын нэрсийг албан ёсоор зарлаагүй ч албаны  хүнээс тодрууллаа.

Энэ удаагийн ази тивийн авар­­­­­га шалгаруулах тэмцээнд эрэг­тэй­чүүдээс Д.Даваахуяг /55 кг/, Г.Ман­дахнаран /60 кг/, П.Өнөрбат /66 кг/, М.Мэндсайхан /74 кг/, Д.Түгж­дорж /84 кг/, Н.Алтантулга /96 кг/, Ж.Чулуунбат /120 кг/ нар тивийн авар­гын төлөөх нэр хүндтэй тэм­цээнд оролцох нь тодорхой бол­сон байна. Эмэгтэйчүүдийн хувьд эц­сийн байдлаар нэрс нь зарлагдаагүй байгаа гэв.

Гэхдээ энэ тэмцээнд өрсөлдөх 14 тамир­чин зардлынхаа асууд­лыг өөрсдөө даах хүндхэн даал­гавар аваад, наашаа гэсэн хүний хажуу хавирганаас зүүгдэн, зардлын хэдэн төгрөгөө царайчилж явна. Тивийн аваргад оролцох тамирчдын зар­дал болох 1900 ам.долларыг улс ч өгөхгүй гэж, холбоо нь дааж хүчрэхгүй гэжээ.
Зах зээлийн гэж тодотгодог үед тамирчид хүний гар харж, мөнгөтэй төгрөгтэй гэсэн газрын хаалга са­хин хонох шахдаг хүнд үе байх нь байсан. Гэхдээ олимпийн аваргатай, тэр аваргуудыг төрүүлсэн их спор­тынхон өнөөдөр 90-ээд оны гачиг­далтай үеийнх шиг эргэж уруйдан доройтох учиргүй юм.

Хугацаа, ач холбогдол талаас нь харахад, 2011, 2012 онд олимпийн эрх олгох голлох тэмцээнүүд эхэлж байгаа ч 2010 он бол тэдгээр тэм­цээнд бэлтгэж, торгон ирээ тааруулах чухал үе байдаг. Гэтэл энэ жилийн хувьд үндэсний шигшээ багт төсөвлөсөн мөнгө хаанаа ч хүрэхгүй тул тэмцээн, уралдаанд явуу­лах байтугай цалин, хөлсийг нь тараахад хүрэлцэхгүй шахам байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын үндэсний шигшээ багт бокс, буудлага, чөлөөт бөх, жүдо, хүндийг өргөлт, хөнгөн атлетик, байт харваа, гимнастик, цана, тэшүүр гэсэн төр­лүүд харьяалагдаж, эдгээр төрлийн тамирчин, дасгалжуулагч нийлсэн 100 гаруй хүн Монгол Улсын нэрийн өмнөөс олимпийн алтан медалийн төлөө хүч, сэтгэл, хөдөлмөр, бие махбодио үрэн таран хийж байна. Тэд улсаас сард 250 мянган төгрөгийн цалин авдаг. 250 мянган цаасандаа баг­таан хувцаслаж, хооллож, ар гэрээ тэжээж, тэмцээнээс тэмцээ­ний хоо­ронд ялтай юм шиг зүтгэж яваа. Н.Түвшинбаяр ч гэсэн тийм л бай­сан. Э.Бадар-Ууган, Х.Цагаан­баатар, О.Гүндэгмаа нар ч гэсэн өнөө­дөр улсаас энэ хэмжээний л мөн­гөөр хөлс, хөдөлмөрөө үнэ­лүүлж байна.

Эх орон, ард түмэн гэдэг үнэ цэнэтэй үгийг амь насаараа дэн­чин тавин зүтгэсэн тамирчны амьд­рал, ядарч, зүдэрч, зүтгэж байж олсон амжилтаараа үүрээд гарсан энэ олон алдартнууд Спортын төв ордны крантны усаар цангаагаа тайлж, рес­торанд биш захын гуанзны хямдхан хоолоор голоо зогоож яваад олимп, дэлхийн аваргууд болсон.

Өнөөдөр манай тамирчдын дунд хармаанаасаа 2000 доллар тоолж өгөөд санаа зовох зүйлгүй бэлт­гэлээ хийх тамирчин үзээд өгье гэсэн ч байхгүй. Хамгийн хар бор, хүнд хүчир амьдрал дундаас Монголын спортын өнгө төрх, үнэ цэнийг тодруулж яваа энэ хэд маань төрсөн. Дэлхийн аварга Х.Цагаанбаатар багадаа ээжийнхээ хамт зах дээр мах зарж амьдардаг байсныг, олимпийн аварга Э.Бадар-Ууган техникийн захын гуанз руу ус зөөн, аав, ээжийнхээ амьдралд нэмэр болдог байсныг, чөлөөтийн Б.Наранбаатар хайлаар, сонгино түүн зарж, хувцасныхаа мөнгийг олдог байсныг өнөө бидний зарим нь сонсоогүй  байж мэдэх юм.

Өнөөдөр ч гэсэн спортын төв ордны хэдэн зааланд амьдралынхаа идэвхитэй цаг хугацаа, залуу на­саа өнгөрүүлж яваа тамирчдын дийлэнх нь энэ л амьдралыг туулж, нэг л өдөр Монголынхоо далбааг олимпийн тэнгэрт мандуулна хэ­мээн омогшиж, түүндээ ирлэгдэж яваа хүмүүс байгаа. Ийм хүмүүст улс, эх орон нь туслахгүй гээд яах юм бэ.

Улсын нэрийн өмнөөс тив, дэл­хийн аваргын төлөө өрсөлдөх гэж байгаа тамирчдаа бэлтгэлийг нь хийлгээд зааландаа байлгах байтал Спор­тын ордныг алгасч гүйгээд, мөнгөний эрэлд хатаадгаа одоо больё л доо. Спортын хөгжил, спор­тын амжилт гэдэг улс орны эв нэгдэл, хүн ардын сэтгэлзүй, цааш­лаад үндэсний аюулгүй байдалд ямар чухал нөлөөтэйг бид ядаж л Бээжин­гийн олимпийн дараа хоёр нүдээ­рээ харсан шүү дээ.

Буудлагынхан энэ жил дөрвөн жилд нэг удаа болдог Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орол­цоно. Энэ тэмцээнээс Лондонгийн олимпийн эрх олгоно. Гэтэл дэлхийн хамгийн шилдэг мэргэн буучдыг төрүүлсэн Монголын буудлагын шиг­шээ багийнхан өнөөдөр бэлтгэл хангах сумгүй, “амарч” байна.
Чөлөөтийнхөн хэрэв 14 тамирчных нь тал нь зардлаа олж чадалгүй Азийн аваргад /Тавдугаар сарын 12-16-нд Энэтхэгт болно/ явж чадахгүй бол дараа нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Азийн аваргад тамирчнаа оролцуулаагүй жин бүрт Монголыг төлөөлж тамир­чин оролцуулахгүй.

Жүдочдын хувьд олимпийн эрхийн оноог цуврал тэмцээнүүдээс олгодог болохоор тэр тэмцээнээс нэгийг нь өнжихөд өнөөдөр дэлхийд жиндээ нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа Х.Цагаанбаатарын араас нэ­хэж яваа өрсөлдөгчид нь оноо түүсээр тэргүүлэгчийн байр суу­рийг нь ганхуулна.

Өнөөдөр мөнгөө төлөөгүй гээд Спортын төв ордны халуун усыг нь тасалчихсан байгаа. хэдэн тамир­чид нь бэлтгэлийн дараа хүйтэн шүр­шүүрт даарч бээрэн, хөлсөө дарж байна. 

Ингээд бодохоор Монголын спорт Монголын хөрөнгө санхүү­гийн байдлаас шууд шалтгаалж байна. Сая саяар нь тараахаар зэхэж байгаа мөнгө, Эх орны хувь хишгээс Монголын спортод юу нялзах вэ гэдэг ч үндэсний хэмжээнд ярих асуудлын л нэг байгаа юм. Товч­хондоо бол спортыг бодлогын хэм­жээнд хөгжүүлнэ гэж хоосон ярихаа больж, бодитойгоор тусалж, аврах нь чухал байна.  
Өнгөрсөн жилийн чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэм­цээнд оролцох гэж манайхан юу болсныг уншигч та гадарлаж байгаа байх. Зардлын мөнгөндөө хавчигдан зарим тамирчнаа онгоцны буудал дээр үлдээж, заримыг нь онгоц, машин сэлгэж явсаар тэмцээн болох хотод нь хүргэж байлаа. Хөл дээрээ тогтохгүй шахам ядарч, гурав хоног хэлэн дээрээ дусал ус ч тавиагүй хэдэн муу тамирчид маань тэгэхэд дэлхийн аваргын төлөө Монголоо бодоод шүд зуун барилдсаныг мартаж болохгүй. Нодлингийн чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэм­­цээний эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд манайх тамирчнаа явуу­лаа­гүйгээс болоод дараа нь болсон дэлхийн аваргад барил­да­хаар очсон Ю.Гандолгорыг тэр олон зуун тамирчдын өмнө тэмцээнд оролцуулахгүй хэмээн улалзуулж,түүний ард Монголын нэр гарч л байлаа.

Ингэж болохгүй ээ. Монголын тамирчид яагаад ийм нэр хүндгүй, ийм ядуу, ийм өрөвдөлтэй байх ёстой юм бэ.
Бээжингийн олимпоос алт авсан хоёр тамирчин маань олимпийн дараа хоёул хоёулаа бэртлийн ту­хай хэлж, хоёул хоёулаа хүнд зэрэглэлийн хагалгаанд орсны учир нь эцсийн эцэст мөнгөтэй л холбоотой байсан. Н.Түвшинбаяр зөвхөн олимпийн татами дээр хөлнийхөө шөрмөсийг тасартал барилдчихсан юм биш ээ. Э.Бадар-Ууган ганцхан Бээжингийн рингэнд тоглохдоо л тохионыхоо ясыг үйрч цууртал зодолдсон юм биш. Тэд өмнө нь хөлөө гэмтээх нь гэмтээчихээд, тохойгоо цуулах нь цуулчихаад олон тэмцээний ард гарсан. Олимпийн аварга болж, улсаас хагалгаа хийлгэх хэмжээний хэдэн төгрөг өгөх хүртэл л манай хоёр тэссэн байх гэж боддог шүү.

Дэлхийн аварга Х.Цагаанбаатар сүүлийн хоёр сарын хугацаанд хөлөндөө гурван ч удаа бэртэл авлаа. Хамгийн сүүлд, хэдхэн хоногийн өмнө бараг аарцгандаа нөлөөлөхүйц  хэмжээнд бэртээд, хэсэг хугацаанд бэлтгэл хийх боломжгүй болсон байгаа. Дэлхийн №1 жүдоч Монголд амьдарч байна шүү дээ. Дэлхийн аварга жүдочны эрүүл мэндэд хэн санаа тавих ёстой юм бэ???

Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ олимпийн үеэр эрхий ху­руу­ныхаа ясыг хоёр хуваагдтал зүт­­гэсэн. Өнөөдөр тэр хуруу нь хагал­гааны алдаанаас болоод ажил­лагаагүй шахам болчихсон яваад хэн санаа тавих ёстой вэ. Ирэх олим­поор л харъя гэж “занах, загнах”-ын дундуур шаардаж бай­­гаа Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган хоёрын хагалгааны үр дүн, одоогийн эрүүл мэндийн байдалд нь улсаас яагаад нэг ч болов удаа анхаарч, тусламж дэмжлэг үзүүлж болдоггүй юм бэ.
Үйлтэй юм шиг энэ хэдэн тамирчдынхаа сэтгэлзүй, амь нас, эрүүл мэндээр ингэж төр засаг, ард түмнээрээ нийлэн зугаацаж байхаар үндэсний шигшээ багийг тараан, тамирчдаа гэрт нь хариулж, амгалан тайван амьдралд нь үлдээвэл дээр ч юм шиг санагдах үе байдаг л юм.
Спорт гэдэг чинь уг нь тоглоом биш шүү дээ.

Б.Бадамгарав

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж