Гурван сумын түймрийг өдөрт нь унтраалаа

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Гурван сумын түймрийг өдөрт нь унтраалаа

Амралтын өдөр орон нутагт ой хээрийн түймэр гарч, нэг иргэн амь насаа алдаж, багагүй хохирол учирчээ. Цагийн байдал ямар байгаа талаар Онцгой байдлын дэд дарга , комиссар Д.Намсрайгаас тодрууллаа.

-Өнгөрөгч бямба гаригт хоёр аймагт ой хээрийн түймэр гарчээ. Чухам юунаас болж түймэр гарсан юм бол?

-Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын III багийн нутаг “Баянцагааны тал”, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган сумын зааг Гурван нуур гэдэг газрыг хамарсан хээрийн түймэр өнгөрөгч бямба гаригт гарсан. Тухайн үед дээрхи сумдад салхи 16-18 м\сек байсан юм билээ. Түймэрт долоон айлын гэр шатаж дахин ашиглах боломжгүй болсон бөгөөд 31-47 насны гурван хүн түлэгдсэнийг аймгийн эмнэлэгт хүргэсэн. Иргэн Б эмчлүүлж байгаад ням гаригийн өглөө нас барсан гэсэн мэдээ ирлээ. Бид хэнтий аймгийн Онцгой байдлын хэлтсийг бэлэн байдалд байлгаж, тухайн хоёр аймгийн Онцгой байдлын хэлтсийг бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж түймрийн шуурхай унтраах үүрэг өгсний дагуу гал сөнөөгчид шөнөжин ажиллаж ням гаригийн өглөө түймрийг бүрэн унтраажээ.Түймэр юунаас болж гарав гэдгийг цагдаагийн байгууллага тогтоохоор ажиллаж байна.

-Түймэр нийт хэдэн га газар хамарсан юм бол. Олон мал хорогдсон уу?

-Түймрээ унтраагаад одоо хэдэн га газар хамарсан, хэдэн мал хорогдсонг тогтоохоор онцгой байдлынхан ажиллаж эхэлсэн. Малаас гадна гэр, өвөлжөө гээд хохирол багагүй байгаа бололтой.

-Одоо хэдэн аймагт түймэртэй байна вэ?

-Дорнод аймгийн Чулуунхороо суманд өнгөрөгч бямба гаригт хоёр түймэр гарлаа. Тус сумын баруун хэсгээр Хилийн 905-907 дугаар тэмдэгтээр16.00 цагийн орчим, мөн зүүн хэсгийн  хилийн 948-950 дугаар тэмдэгтээр 18.30 цагт ОХУ-аас хээрийн түймэр орж ирсэнийг хүний хүчээр бүрэн унтраалаа. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган, Түнэл сумын нутагт өнгөрсөн сарын 28-нд10 га талбай хамарсан ойн түймрийг цурманд оруулсан. Дархан-Уул аймгийн Орхон суманд өнгөрөгч бямба гаригт хээрийн түймэр гарч, гал сөнөөгчид унтраахар ажиллаж байгаа.Бид цагийн байдлыг Шадар сайдад мэдэгдэн, өгсөн үүргийн дагуу ажиллаж байна. Нийт нутгаар хуурайшилт ихэссэн. Тэр дундаа Хөвсөл, Булган аймагт хуурайшилт бусад газраас их байгаа учир малчид, иргэд анхаарал болгоомжтой байхыг сануулъя. Ой хээрийн түймэр  татсан тамхины иш,  цогтой үнсээ ил задгай орхисноос ихэвчлэн гардаг учир иргэд онцгой анхаарах хэрэгтэй.

Х.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж