Оюутолгойн хамтрагч “Рио Тинто” болох уу?

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

Оюутолгойн хамтрагч “Рио Тинто” болох уу?

“Айвенхоу Майнз”-ын хувьцааны 51% хувийг “Рио Тинто” эзэмших боллоо.

Монголын Засгийн газартай хамтран Оюутолгойн алт, зэсийн ордыг эзэмшиж буй “Айвенхоу Майнз” компанийн хувьцааны дийлэнх “Рио Тинто” компанийн мэдэлд очлоо. “Айвенхоу Майнз”-ийн нийт хувьцааны 49 хувийг эзэмшиж байсан “Рио Тинто” сүүлийн хэдэн өдөрт 298 сая ам.доллараар дахин 15.1 сая ширхэг хувьцааг нэмж худалдан авснаар эзэмшлээ 51 хувьд хүргэжээ.

“Рио Тинто” нь Англи-Австралийн хамтарсан компани бөгөөд уул уурхайд тэргүүлэгч дэлхийн томоохон акулуудын нэг юм. Тус компани Канадын “Айвенхоу Майнз” компани дахь эзэмшлийн хувиа нэмэгдүүлж, хяналтын багцын 51 хувийг эзэмших болсноо мэдэгдлээ. Цаашид ч эзэмшлийн хувиа нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа илэрхийлээд өчигдөр гаргасан мэдэгдэлдээ “Оюутолгой төслийн бүтээн байгуулалт 70 хувьтай байгаа. Тэнд 9000 орчим монгол иргэн ажиллаж байна” гэж дурджээ.

Өмнө нь “Рио Тинто” хувьцааг нь хүчээр худалдан авч байна гэдэг гомдлыг “Айвенхоу Майнз” компанийн зүгээс гаргаж, олон улсын Арбитрын шүүхэд хандаж байсан юм. Арбитрын шүүхийн шийдвэр “Рио Тинто”-гийн талд гарч, “Айвенхоу Майнз компани хувьцаагаа бусад хувьцаа эзэмшигчдэд худалдах замаар “Рио”-д саад болох эрхгүй” гэж үзсэн.

Энэ удаад “Рио Тинто” хувьцаа нэмж авах замаар “Айвенхоу Майнз”-д давуу эрхтэй болж чадлаа. Оюутолгойн ордын нөөцийг түшиглэн байгуулсан “Оюутолгой” ХХК-ийн 34 хувийг Монголын Засгийн газар, 66 хувийг Канадын “Айвенхоу Майнз” компани эзэмшиж буй. Тэгвэл цаашид “Айвенхоу Майнз” компанийн эрх мэдэл Канадын талд биш “Рио Тинто”-д шилжих нь тодорхой боллоо. Оюутолгойн төслийг хэрэгжүүлэгчид зэсийг 2013 оны эхний улирлаас эхлэн худалдаалж эхлэхээр төлөвлөж байгаа гэж “Франц Пресс” мэдээлжээ. 

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж