Нэр дэвшигчдийг бүгдийг буцаах санал тавив

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

Нэр дэвшигчдийг бүгдийг буцаах санал тавив

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг 12.00 цагаас хийхээр товлоод байсан юм. Түүгээр Засгийн газрын Тэргүүн шадар сайдад нэр дэвшигч  У.Хүрэлсүхийг дэмжих эсэх тухай асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байв. Хуралдаанд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд, нэр дэвшигч У.Хүрэлсүх болон байнгын хороонд харьяалалтай МАН-ын бүлгийн гишүүд оролцохоор ирсэн юм.

Харин АН-ын бүлгийн гишүүд бүлгийн хуралтай гэсэн шалтгаанаар ирсэнгүй. АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг гадаадад яваа тул дэд дарга Л.Гантөмөрөөс АН-ын бүлгийн гишүүд хуралд оролцох эсэхийг тодруулахыг хүссэн ч болохгүй байгаа талаар байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар хэлж байв.

Нэгэнт гишүүдийн ирц гүйцсэн тул МАН-ын бүлгийн гишүүд дангаараа Тэргүүн шадар сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэцэж эхэлсэн юм. Хуралдаан эхлээд явж байх үед АН-ын бүлгийн дэд дарга Л.Гантөмөр танхимд орж ирлээ.

Тэрбээр Ан-ын бүлэг хуралдаж байгааг хэлж, АН-ын бүлгийн гишүүд сайдад нэр дэвшигч зургаан хүнийг бүгдийг буцаан татах нь зүйтэй гэсэн байр суурьтайгаар байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаас завсарлага авахаар хуралдаж буйг дуулгалаа.

Байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар АН-ын бүлэг ямар хугацаагаар, ямар шалтгаанаар завсарлага авч байгааг тодруулахыг хүсэхэд гишүүн Л.Гантөмөр “Хурал дуусаагүй тул одоо хэлэхэд бэрх байна. Бүлгийн хурал дууссаны дараа тодорхой болно” хэмээгээд завсарлага авах хугацааг хэлсэнгүй. Харин нэр дэвшигчдийг бүгдийг 100 хувь буцаах санал гарч буйн гол шалтгаан нь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшингийн бүлгийн хурлын талаар сэтгүүлчдэд өгсөн мэдээллээс үүдэлтэй гэв. Ө.Энхтүвшин дарга сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ төрийн институц хоорондын харилцаанд сэв суулгах үг хэлсэн тул АН бүлэг завсарлага авахаар болсон юм байна. Ингээд Л.Гантөмөр гишүүн гарч явлаа.

МАН-ын бүлгийн гишүүд ирц бүрдэж ном журмаараа хурлаа эхлээд явж байхад дундуур нь АН-ын бүлгийн дэд дарга гэнэт орж ирээд завсарлага авах тухай мэдэгдсэн нь зохисгүй хэмээн хурлаа үргэлжлүүлэх санал гаргасан ч хуулиар намын бүлэг завсарлага авах эрхтэй тул АН-ын бүлгийн хуралдаан дуусч шийдвэр тодорхой болтол хурлыг түр хойшлуулахаар боллоо. Гэхдээ гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

Гишүүн Ц.Мөнх-Оргил “АН-ын бүлэгт байнгын хорооноос мэдэгдэл өгөх хэрэгтэй. Үнийн өсөлт зэрэг олон асуудал тулгамдаад байхад засгийн ажлыг ингэж саатуулж таарахгүй. Асуудлыг өнөөдөр шийдэх ёстой. Засаг бүрдүүлэх боломж олгох ёстой” гэсэн бол гишүүн Н.Энхболд “Юмны үнэ өсч жагсаал цуглаан болж байхад засаг бүрдүүлэх ажлыг саатуулсан үйл явдал болж байна. Засаг бүрдүүлэх ажлаар зөвшилцөх гэхэд эхлээд АН-ын сайд нарыг чөлөөл гэчихээд Засгийн газрыг ажиллах бололцоогүй болголоо. Нэр дэвшигчдийг бүгдийг буцаа гэснийг юу гэж ойлгох вэ. Энэ байдлаараа Монгол Улсыг Засгийн газаргүй болгож засгийн хямрал руу орлоо шүү дээ” гэж байлаа.

Гишүүн Д.Лүндээжанцан “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын үйл ажиллагааг нэг ч өдөр тасалдалгүй явуулах бололцоог бүрдүүлсэн. Гэвч түүнийг мөрдөх болоод ирэхээр буцаж байгаа нь ойлгомжгүй байна. Аваар, осол зэрэг гэнэтийн зүйл гарвал Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байх ёстой. Дарханд сая газаас болж байшин дэлбэрлээ. Олонхи нь олонхиороо, цөөнх нь цөөнхөөрөө явъя. АН засгаас гарсан. Одоо тоглоомын дүрмээрээ явъя хэмээв. Гишүүн Р.Раш “Ө.Энхтүвшин дарга нэг үг хэлсэн бололтой. Түүнээс болж завсарлага авч байгаа бол зүгээр аян шалтаг юм. Ерөнхий сайд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ танилцуулсан. Ерөнхийлөгч тэднийг 100 хувь дэмжээгүй тал байгаа байх. Гэхдээ цаашаа янз бүрийн юм яриад байгаад гайхаж л сууна” гэлээ. Гишүүн Ж.Батсуурь “дан Төрийн байгуулалт гэлгүй бүх байнгын хороод АН-ын бүлэгт хандах нь зүйтэй. МАН-ын бүлэг асуудал тавьж Засгийн газрыг бүрдүүлэх асуудлаар харилцан ярилцъя” гэсэн байр суурьтай байв. Байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар “Төрийн байгуулалтын байнгын хороо Засгийн газрыг хариуцдагийн хувьд засаг бүрдүүлэх тал дээр анхаарах ёстой. Засгийн газар танхимын зарчмаар ажилладаг. Одоо бүрэн бүрэлдэхүүнээрээ үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УИХ-ын хооронд үйл ажиллагаа явж байхад тасалдал гарч байгаа нь улс орны амьдрал хэвийн явахад саад болж байна. Дарханд гэхэд 100 гаруй хүн орох оронгүй боллоо” гээд хуралдахад бэлэн байхыг гишүүддээ анхааруулсан юм. Гишүүн Д.Очирбат “Засгийн газар бүрдүүлэхийг АН бүх талаараа дэмжинэ гэчихээд нэг нь дураараа орж ирээд завсарлага авч болдог юм уу. Сайд нарын томилгоог саад хийхгүй дэмжинэ гэчихээд олон ааштай, маягтай эхнэрийн зан гаргаж байгаа нь зохистой юу. Засгийн газрыг буурин дээр үлдээж явчихаад засаг бүрдүүлэхгүй гэвэл АН дарга өөрөө мэдэгдэл хийх ёстой” гэлээ.

Тус байнгын хорооны хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас өргөн барьсан Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн төслийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг гишүүн Су.Батболдоор ахлуулан Э.Бат-Үүл, Ж.Батсуурь, Х.Тэмүүжин болон бусад гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллуулахыг дэмжиж хуралдааныг түр өндөрлүүлэв.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж