Оршин суугчид Түр хороо байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

Оршин суугчид Түр хороо байгуулжээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг, Шинэ хорооллын 14 дүгээр байранд 01 дүгээр сарын 21-ний өдөр болсон дэлбэрэлтийн шалтгаан, хохирлыг тогтоох, дүгнэлт гаргах ажлын хэсэг /ОБЕГ, МХЕГ-ын  гурван улсын  байцаагч, ШУТИС-аас гурван шинжээч нийлсэн зургаан хүн/ шинжилгээ хийж, дээжийг хэргийн газраас авч байна. Түүнчлэн Дархан-Уул аймгийн Онцгой комисс хуралдаж өнгөрсөн хоногуудад авч хэрэгжүүлсэн ажлын явц, цаашид ажлын хэсгийн дүгнэлт гартал /2-3 долоо хоног хүртэл/ түр хугацаагаар байрлах оршин суугчдын судалгааг гаргах, оршин суугчдыг оруулахгүй байх шийдвэр гаргажээ.  Одоогоор оршин суугчдыг “Оюуны-Ирээдүй” цогцолбор сургуулийн дотуур байранд байрлуулаад байгаа аж.

Дэлбэрэл болсон байранд цаашид  амьдрах боломжтой эсэх талаар МХЕГ-ын улсын ахлах байцаагч Ш.Уранчимэг “Бидэнд цаг хугацаа хэрэгтэй байна. Доошоо цөмрөлт үүсээд хяналт, шинжилгээ хийхэд хүндрэл гарч байгаа учраас барилгыг бэхлэх арга хэмжээ авсны дараа шалгалтаа үргэлжлүүлнэ” гэжээ. Дэлбэрэлт болсон 14 дүгээр байранд 31 өрхийн 112 иргэн оршин суудаг бол нэг давхарт нь гурван компани үйлчилгээ эрхэлдэг байсан юм. Үүнээс гадна  тус байрны урд талын 15 дугаар байр,  замын эсрэг талын МЦХ компанийн байрнуудад цонх хагарах зэргээр бага хэмжээний хохирол  учраад буй. Өчигдрийн байдлаар дэлбэрэлтэд өртсөн байрны үршин  суугчид Түр холбоо байгуулж,  орон байрны асуудлаа хэрхэн шийдүүлэх талаараа зөвлөлдөж эхлээд байна.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж