“UB Cup-2012” олон улсын тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

“UB Cup-2012” олон улсын тэмцээн болно

Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулах “UB Cup” олон улсын сагсан бөмбөгийн тэмцээн ирэх хоёрдугаар сард болох гэж байна.

Өнгөрсөн жилээс эхлэн бүтэц, бүрэлдэхүүндээ шинэчлэл хийж, шинэ удирдлага, шинэ зохион байгуулалтаар ажиллах болсон Монголын сагсан бөмбөгийн холбоо “Пэпси” брэндтэй хамтран хүүхдийн, оюутны, хөгжлийн болоод дээд лигийн тэмцээнийг зохион байгуулах болсон билээ. Тэгвэл ирэх хоёрдугаар сарын 7-12-нд Спортын төв ордонд болох “UB Cup-2012” тэмцээн нь МСБХ болоод “Пэпси” брэндийн хамтран зохион байгуулах анхны олон улсын чанартай тэмцээн болж байна. Тус тэмцээний хамтран зохион байгуулагчаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар ажиллаж байгаа юм.

“UB Cup-2012” тэмцээнд одоогийн байдлаар БНХАУ-ын Өвөрмонголын Биеийн тамирын сургуулийн баг, Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын шигшээ баг, Японы Спорт, шинжлэх ухааны их сургуулийн баг, мөн ОХУ-ын Эрхүү мужийн Ангарскын Шинжлэх ухаан, техникийн академийн багууд оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад чансаа өндөр багууд ирж, оролцох болсон нь тэмцээний чанар, өрсөлдөөнийг илтгэж буй.

Тэмцээнийг зохион байгуулагч Монгол Улсын тухайд тус тэмцээнд хоёр багаа сойно. Тодруулбал, С.Баярцогт дасгалжуулагчаар ахлуулсан сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг, мөн өнгөрсөн жилийн дээд лигийн аварга, Д.Уртнасан дасгалжуулагчтай “Харцага” баг нар хэдийнэ бэлтгэлдээ гарчээ. Тэмцээнд оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулбал, төвийн тоглогчоор О.Сайнбаяр, Д.Дэлгэрням, довтлогчоор ОУХМ Ш.Сэдбазар, С.Өрнүүнбилэг, О.Ууганбаяр, Н.Золжаргал, Ц.Мэргэн, М.Отгонмөнх, Т.Санчир, хамгаалагчаар Б.Мөнхболд, М.Бадрах, О.Сэргэлэн, Ц.Пүрэвдорж нар багтжээ. Харин Г.Баттөрийн тухайд бэртлийн улмаас оролцох эсэх нь тодорхойгүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж