Монголбанкнаас алдагдсан алтны хэргийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

Монголбанкнаас алдагдсан алтны хэргийг шалгаж байна

Монгол Улсын газар нутгаас алт олборлогч аж ахуй нэгж, ир­гэдээс Монголбанк тодорхой хэм­жээний алт худалдан авч нөөц бүр­дүүлдэг. Мөн энэ нөөцөөсөө гадаад руу тухайн үед олон улсын алтны зах зээл дэх үнийн дүнгээр худалдаалдаг аж. Тэгтэл өнгөрсөн онд Монголбанкны алтны гадаад худалдаанаас 20 килограмм алт дутсан гэсэн сураг дуулдав. Ямар учраас яагаад ийм хэмжээний алт дутсан нь олны анхаарлыг татаад буй. Энэ талаар тодруулахаар Мон­гол­банкинд очсон боловч удирд­лагууд нь хэвлэлийн тө­лөө­лөгчөөрөө дамжуулж “Энэ манайд хамаарах асуу­дал биш ээ. Бидэнд ямар ч буруу байхгүй. Стандартчилал хэмжилзүйн үндэсны төв л мэдэж байгаа. Одоо хэргийг шалгаж буй эрх бүхий газруудаас нь тодруул” гэсэн юм.  Харин уг хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасагт шалгаж буй юм байна. Тус албаныхнаас энэ хэргийн талаар асуухад “Мэдээллийн да­гуу хэргийг дөнгөж шалгаж бай­гаа болохоор нийтэд мэдээлэх бо­ломжгүй” гэсэн хариу өглөө. Мөн ЦЕГ-ийн Хэвлэл мэдээллийн төвийн дарга хурандаа Т.Сайнжаргал “Мон­голбанкнаас 20 килограмм алт дутсан гэсэн мэдээлэл гарсан нь үнэн. Манай ерөнхий газар ч гэсэн энэ талаар тодруулахаар ажиллаж байна. Одоохондоо хэрэг тодорхой бус байгаа учраас мэдээл өгөх боломжгүй байна” гэлээ. Өнгөрсөн онд гэхэд Монголбанк хувиараа гар аргаар алт олборлогч иргэд мөн уул уурхайн компаниудаас 3.3 тонн алт худалдаж авсан бөгөөд үүнээс 3.1 тонныг нь цэвэршүүлэн худалджээ. Цэвэршүүлнэ гэдэг нь алтанд тавих олон улсын чанарын стандартын дагуу боловсруулна гэсэн үг аж. Одоогоор  өмнөх оны нөөцөөс 200 орчим тонн алт Монголбанкинд үлдсэн гэнэ.

Л.Баатархүү

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж