”Намайг ялагдал хүлээлээ гээд Америк орон сөнөхгүй биз дээ”

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

”Намайг ялагдал хүлээлээ гээд Америк орон сөнөхгүй биз дээ”

АНУ-ын Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Митт Ромни эдийн засаг, улс төрийн талаар VOA агентлагт сонирхолтой ярилцлага өгсөнийг хүргэж байна.


-Ноён Митт, сүүлийн хоёр долоо хоног таны нэр хүнд бага багаар өсөөд байх шиг. Энэ таны сонгуулийн нууц сурталчилгааны нэг хэсэг үү?

-Энэ намайг дэмжиж буй аме­рикчуудын илэрхийлэл гэж ойлгож байгаа. Сүүлийн үед манай улсын хувьд онцгой анхаарал тавих шаардлагатай олон чухал үйл явдал болж байна. Гэхдээ дотоод асуудлын талаар яриагаа эхэлье гэж бодлоо. Эдийн засгийн тогтвортой байдал хамгийн чухал зүйл болон хувирч байна. Америкчуудын хувьд л анхаарлын төвд байсаар байна. Хүн бүхэн сайхан амьдрах, эрх тэгш нийгмийг бүтээхэд гар бие оролцож байна. Хэн ч дахин Уолл Стритийг эзлэх гэж жагсаал хийхгүй. Хэн ч амьдарч байгаа нийгэм, орчиндоо сэтгэл хангалуун бус байхгүй. Товчхондоо, ирэх ерөнхийлөгчийн сонгуульд яг ийм л зүйлийг би өөрчлөх гэж хичээж байна.

-Жишээ нь эдийн засгийн тогт­вортой байдлыг Барак Оба­­маагийн баримталж буй бод­логоос хэрхэн өөр бодлого, чиг хандлагаар иргэдэд ойлгуулах гэж байгаа юм бэ. Таны баримталж байгаа гол зарчим юу вэ?

-Эдийн засаг бол маш эмзэг зүйл. Яагаад гэвэл түүнийг жаахан уурлуулах юм бол амархан дэлбэрч тэсэрдэг. Бас жаахан л хөөргөх юм бол бусад нь дагаад хөөрчихдөг. Нэг тийм эмзэг зүйл гэж тайлбарлах гэж хичээе. Одоогийн Ерөн­хийлөгчийн хувьд хүчтэй өрсөл­дөгчдийн нэг. Гэхдээ өнгөрсөн дөр­­вөн жилд түүний хийсэн бүхэнд америкчуудад төдийлөн сэтгэл ханамжтай бус байгаа болов уу. Бүгд найрамдах намын баримталж буй гол зарчим нийгмийн эрх тэгш байдлыг бий болгож, эх орон, тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд оршино.

-Саяхан Ерөнхийлөгчийн сон­гуульд өрсөлдөх нэр дэв­шигч­­дийг тодруулах нам доторх сунгаанд нийт саналын 37 хувийг та авсан. Тэгэхээр таны хувьд Нью-Хемпшир му­жийн сунгаанд илт давуу ялалт байгуулахад ойрхон байна гэсэн үг?

-Тийм ээ. Энэ бол манай намд америкчууд хэрхэн итгэж, том хариуцлага хүлээлгэж бай­гаагийн нэг жишээ. Надтай хүчтэй өрсөлдсөн Юта мужийн амбан захирагч Жон Хантсмэн Нью-Хемпшир мужид 17 хувийн саналаар гуравдугаар байрт жагссан байна лээ. Түүний хувьд 17 хувь гэдэг бол сайн үзүүлэлт. Манай нам АНУ-ын улс төрийн тэргүүлэх хүчин. Тиймээс ч Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намын нэр дэвшигч миний бие ялалт байгуулна гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байгаа.

-Хэзээ ч юм бүү мэд, хэрвээ та ялагдах юм бол гэсэн бодол төрж байсан уу?

-Мэдээж. Тийм бодол ямар ч улс төрийн намын болон бусад гишүүнд төрж л байсан байх. Харин миний хувьд арай өөр бодол төрж байсан гэх үү дээ. Намайг ялагдал хүлээлээ гээд Америк орон сүйрэхгүй биз дээ. Энэ бол гарцаагүй үнэн. Тиймээс энэ бүхэн цаг хугацааны асуудал.

-Та өөрийгөө эх оронч гэж үздэг үү. Эх орныхоо төлөө бүхнээ зориулахад хэзээд бэлэн үү?

-Надад байгаа бүхэн эх орон. Үүнээс өөр зүйлийг хэзээ ч би ингэж хайрлаж, хүндэлж, дээдэлж бай­гаагүй. Тийм ээ, би эх оронч. Үүнтэй хэн ч маргахгүй.

-Таныг Ерөнхийлөгч боллоо гэж төсөөлье. Тэр үед таны өмнө Исламын орнуудын аль нэгтэй нь дайн хийх зайлшгүй шаардлага гарвал хэрхэн хүлээж авах бол?

-АНУ-ын түүхэнд бид дайнаас дайны хооронд хүчирхэг болсоор ирсэн. Гэхдээ дэлхийн энх тайван, олон улсын найрсаг сайхан харилцаа байгаа цагт тийм зүйл болохгүй байх гэж найдаж байна. Мэдээж би АНУ-ын Ерөнхийлөгч болсон тохиолдолд шүү дээ.

-Ноён Митт Ромни, таныг Б.Обамаг хурц үгээр шүүмжилдэг гэдгийг хүн бүхэн мэдэх байх. Б.Обама таныг “Дэмий хоосон зүйл яригч” хэмээн нэрлэсэн байсан?

-Тийм ээ. Түүний нэр хүнд өдрөөс өдөрт унаж байгаа. Яагаад гэвэл тэр өөрөө ярихаас цаашгүй  шүү дээ. Яриад л байна, яриад л байна. Үнэндээ америкчууд бидэнд ярих биш, хийх хэрэгтэй хүн яаралтай хэрэгтэй байгаа учраас л түүний нэр хүнд унасаар байгаа юм.

-Засаг захиргааны зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувьд барих амлалт өгөөд буй таны хувьд үүнийг хэрхэн хийх гэж байна?

-Энэ тун энгийн. Эдийн засгийн бодлогоо бага зэрэг өөрчлөх хэрэгтэй. Үүнд иргэдээс авч буй татварыг багасгах, ажлын шинэ байрыг бий болгож, ажилгүйдлийн тоог бууруулах нь чухал. Үүнийг дагаад Засаг захиргааны зардлыг ДНБ-ий 20 хүртэл хувьд барих таатай нөхцөл бий болно. Нарийн учрыг нь тайлбарлах хэрэгтэй гэвэл бидний яриа нэг цагаар сунгагдах болно. Тиймээс үүний талаар дараа нь ярилцсан нь дээр байх. Эх орон, америкчууд та бүхэнд итгэж байна. Сайн цаг ирэхээр, аз жаргал дагаад ирдэг гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж