Ардчилсан намаас МАХН-ын чансаа доогуур байна

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Ардчилсан намаас МАХН-ын чансаа доогуур байна

Сонгогчид жижиг намуудаас илүүтэй бие даагчдад итгэл үзүүлсэн нь
судалгаанаас харагдаж байна.

УИХ-ын 2008 оны сонгуулиас хойш бараг хоёр жил өнгөрөх нь ээ. Шинэ
хэмээн нэрлэж байсан УИХ бүрэн эрхийн хугацааныхаа бараг талыг ардаа
орхижээ. Ямар ч цаг хугацаа тэхий дундаа орохоороо төгсгөл рүүгээ асар
хурдан очдог. Тэгэхээр ирэх сонгуулийн төсөөллийг гаргаж байхад
эртдэхгүй нь. Яг одоо УИХ-ын сонгууль болбол сонгогчид аль намд итгэх
вэ. Ер нь Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн байдлын талаар олон
нийт ямар санаа бодолтой байна вэ. Энэ талаарх тандалтыг ХБНГУ-ын Конрад
Аденауэрийн сангаас санхүүжүүлэн “Сант марал” судалгааны сангаас
өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-23-ны хооронд явуулжээ. Судалгаанд нийслэл
Улаанбаатар, Дорноговь, Дундговь, Завхан, Хэнтий аймгийн 1200 иргэн
оролцсон байна.
Улс төрийн намуудын амлалтад сонгогчид хууртаж хашраад байгаа ч
сонгуульд оролцох санаа сэтгэлээр харин  өөдрөг байгаа ажээ. Хөдөөгийн
иргэдийн 66,1 хувь, нийслэлчүүдийн 70,6 хувь нь сонгуульд саналаа өгөх
юм байна. Улсын дунджаар авч үзвэл 67,9 хувьтай гарчээ. Ямар боловч
маргааш сонгууль явууллаа гэхэд ирц бүрдэхгүй, сонгууль дахина гэх
зовлонгүй бололтой. Ингээд сонгогчдын байр суурийн толинд улс төрийн
намуудын чансаа ямраар туссаныг авч үзье.


Жижиг намууд цаашаа, бие даагчид дээшээ

Сонгогчид улс төрийн намуудыг чансаагаар нь эрэмбэлжээ. Хамгийн эхэнд
Ардчилсан нам орсон байна. Маргааш сонгогчид саналаа өгвөл Ардчилсан нам
39,5 хувийн санал авахаар төлөвтэй. Харин парламентад олонхи суудалттай
МАХН 35,1 хувийн санал цуглуулжээ. Энэ янзаараа байвал,тэгээд УИХ-ын
төвшинд яриад байгаа пропорциональ тогтолцоогоор санал хураах юм бол гол
хоёр намын аль нь ч олонхи бололгүй араасаа гарч ирсэн аль нэг хүчинтэй
хамтарч эвслийн Засгийн газар байгуулах бололтой. Тэр тусмаа дотроо
жаахан эвдрэлцээнтэй байгаа МАХН нөхцөл байдалдаа дүгнэлт өгөхгүй
бол1996 онд анх удаа цөөнх болсон түүхээ давтаж магадгүй харагдана.
Сонгогчид жижиг намуудаас илүүтэй бие даагчдад итгэл үзүүлсэн нь
судалгаанаас харагдаж байна. Бие даагчид 14,4 хувийн саналтай байхад
одоо парламентад суудалтай ИЗН-д 4,5, Ногоон намд 1,2 хувийн санал
хүртээжээ. Эндээс харвал тэд одоо УИХ-аар ид ярьж буй хуулийн төслийн
долоон хувь гэсэн босгыг давж чадалгүй бүдрэх шинжтэй. Харин З.Алтай
гишүүний “Бие даагч надаар дуусна” гэсэн гутранги үгийг хэрэгсэх
хэрэггүй бололтой. Сонгогчид худал үнэн ярьдаг намаас өөрсдийг нь
төлөөлөөд хэлдэгээ хэлээд сууж байдаг бие даагчдыг таалахаар байдал
судалгаанаас харагдаж байгаа юм.
Бусад намыг авч үзвэл ҮШН таван хувь, БНН 1,2 хувь, Эх орон нам гурван
хувь, сонгуулиас үед бусад нэр нь “Х” болчихдог бусад 10 гаруй нам
нийлээд 3,3 хувийн санал чангаажээ. Сонгуулийн кампанийн үед л
ичээнээсээ гарч цэцэн туулай бололгүй одооноос сонгогчдодоо бараагаа
харуулж байхад гэмгүй гэдгийг жижиг намуудад энэ үзүүлэлт сануулж байна.
Яадаг ч гэсэн энэ удаа сонгогчид “Жижиг намууд цаашаа,  бие даагчид
дээшээ” гээд хэлчихэж. Онцолж үздэг намаараа сонгогчид МАХН, Ардчилсан
нам, ИЗН-ыг нэрлэсэн байна. Харин намууд зөв замнаж явна уу, буруу
тийшээ хадуураад байна уу гэдгийг сонгогчид үнэлэхдээ 37,5 хувь нь
МАХН-ыг, 35,1 хувь нь Ардчилсан намыг буруу эргээд байна шүү хэмээн
анхааруулжээ. Дүн тун ойролцоо гарсан байна, бодох л асуудал.


Засгийн газар, сөрөг хүчин хоёр “муу” авчээ

Энэ ч Хамтарсан Засгийн газар байгуулсан нь буруу гэдгийг хэлээд байгаа
хэрэг. Засгийн газрын үйл ажиллагаа сэтгэлд бага зэрэг нийцдэг гэж 38,8,
бараг нийцдэггүй гэж 29,5 хувь, огт нийцдэггүй хэмээн 19,7 хувь нь
хэлсэн байхад сөрөг хүчний үйл ажиллагаа сэтгэлд бага зэрэг нийцдэг
хэмээн 29,9 хувь, бараг нийцдэггүй гэж 24,5, огт нийцдэггүй гэж 24,2
хувь нь хариулжээ.Сөрөг хүчин нь Засгийн газарт ороод эрх барьчихсаныг
сонгогчид тийм ч таашаадаггүй нь эндээс бэлээхэн харагдана. “Муу амьд
явахаар сайн үх” гэгчээр муу эрх барьснаас сайн сөрөг хүчин байсан нь
дээр шүү гэсэн дохиог үүгээрээ иргэд өгчээ. Ингээд Засгийн газар, сөрөг
хүчин хоёр сонгогчдоосоо“муу” дүн авах нь тэр. Иргэд хамгийн тулгамдсан
асуудлаараа ажилгүйдэл, амьжиргаа, үнийн өсөлт, хуулийн хэрэгжилтийг
нэрлэсэн нь өнгөрсөн 20 жилд манай нийгэм, улс төр нэг л байран дээрээ
дэвхрээд буйг харуулна. Тэр тусмаа төрийн удирдлагаас энэ асуудлыг
шийдэж чаддаггүй тохиолдол байнга гэж 63,3 хувь нь хэлсэн байна. Эдгээр
асуудлыг аль ч нам шийдэж чадахгүй гэж иргэдийн 47,3 хувь хариулсан нь
“намд найдахаар өөрсдөдөө итгэе” гэсэнтэй ижил дуулдаж буйг сануулах
юун. Уг нь тулгамдсан асуудлыг түүчээлж шийдэх ёстой байгууллага нь
Засгийн газар, тэгээд УИХ гэж хэлсэн байна лээ. Засгийн газрын хамгийн
том амжилт нь хөдөө аж ахуй, эдийн засаг бол том алдаанд нь ажилгүйдэл,
амьжиргаа, үнийн өсөлт, авлигыг дурдсан байна.  
Хамтарсан Засгийн газар санхүү болон газар өмчлөлийн бодлогоор баячуудыг
илүү дэмжсэн, хувийн улс төр, бизнесийн сонирхол дээр төвлөрч нийгэмд
онц ач холбогдол өгөөгүй гээд өнөөгийн эдийн засгийн төлөв байдлыг
ерөнхийдөө зогсонги байдалтай гэсэн дүн тавьжээ. Таван жилийн дараа
Монголын эдийн засаг бага зэрэг сайжирна гэж дүгнэсэн нь иргэдийн итгэл
ирээдүйдээ тийм ч сайнгүй байгааг илтгэнэ.
Ардчиллын үнэт зүйлсийг иргэд дараах байдлаар эрэмбэлжээ. Хуулийн өмнө
тэгш эрхтэй байхыг хамгийн эхэнд онцолсон бол үүний араас чөлөөт зах
зээлд нийгмийн шударга ёсыг төр, засгаас дэмжих, чөлөөт ардчилсан зах
зээлтэй байх, нийгмийн ялгаа аль болох бага байхыг сонгогчид нэрлэсэн
байгаа юм. Мөн улс орноо жирийн ардчиллын төвшинд байгааг, улс төрийн
намууд олон түмний санаа бодлыг илэрхийлж чаддаггүйг дүгнэжээ.


Сайн түнш ОХУ хэвээрээ

Монголчууд хэзээнээсээ орос ахдаа сайн. Одоо ч хэвээрээ гэдгээ сая
баталжээ. Монголын хамгийн сайн түнш орноор 75,7 хувь нь ОХУ-ыг нэрлэсэн
нь үүний баталгаа. Хэдийгээр харилцаа жаахан завсартай болсон ч орос
хүнд итгэх итгэл янзаараа байна. Үүний дараа урд хөршөө нэрлэжээ. Гэхдээ
оросыг бодвол зөрүү нь их. Судалгаанд оролцогчдын 18,8 хувь нь  Хятад
сайн түнш гэж үнэлсэн аж. Монголчуудын хоёр дахь эх орноо болгоод, орой
бүр киног нь үзэж, кимчитэй шөлийг нь уудаг БНСУ сэтгэлд тийм ч ойр
байдаггүй бололтой. Солонгос "уба”  нараа манайхан АНУ, Японы дараа,
Европын холбоны зиндаанд үнэлдэг ажээ.
Амьдралаа сайн ч үгүй, муу ч үгүй гэж дийлэнх нь хариулсны зэрэгцээ нэг
сонин үзүүлэлт харагдав. Монголчууд нийтээрээ улс төрөөр хийрхдэг
байс-наа  больсон сайн дүр зураг харагдаж байна. Улс төрд их дуртай
нөхөд хөдөөд зургаа, Улаанбаатарт 15,8, улсын дунджаар 9,9 хувьтай л
үлджээ. Нээрээ ч амьдралд нялзахгүй улс төрөөр бид яах ч юм билээ.


Ц.Элбэгдоржийн араас З.Алтай

Улс орондоо нэр хүндтэй хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
манлайлжээ. Түүнд өгсөн саналын хувь 24,4 болжээ. С.Баяр, Н.Энхбаяр,
Н.Багабанди, З.Алтай, С.Батболд, С.Оюун, Р.Гончигдорж, С.Ганбаатар,
Д.Энхбат нар нэр хүндтэй 10 хүнд багтаж, 11 дэх хүнээр Монгол Улсын
баатар Э.Бат-үүл гарч ирсэн байна.

Харин топ 10 улс төрчийн үзүүлэлт хот хөдөөд өөр өөр гарчээ.

Нийслэлийнхэн Ц.Элбэгдорж, З.Алтай, С.Баяр, Н.Энхбаяр, Н.Багабанди,
С.Оюун, С.Батболд, Х.Тэмүүжин, С.Ганбаатар, Л.Гүндалай нарыг топоор
тодруулжээ. Харин хөдөөгийнхөн Ц.Элбэгдорж, С.Баяр, Н.Энхбаяр,
Н.Багабанди, С.Батболд, Р.Гончигдорж, З.Алтай, С.Оюун, С.Ламбаа,
Д.Энхбат нарыг шилдэг улстөрч гэж үздэг аж.
Энд нэг зүйл анзаарагдаж буй нь улс төрийн тоглоомын гадна гарсан ч
С.Баяр, Н.Энхбаяр, Н.Багабанди нар хүчтэй улстөрчийн тавцангаас буухгүй
байгаа явдал.  Энэ нь өнөөдөр их улс төрийн тогоонд буй улстөрчдийн
чадал чансааг голж чамлаж байгаагийн гэрч гэлтэй. Бас нэг сонин үзүүлэлт
байна. УИХ-ын ганц бие даагч гишүүн З.Алтай нэр хүндтэй улстөрчдийн ч,
топ 10 улстөрчийн ч нэгээр тодорчээ. Нийслэлд бол З.Алтай Монгол Улсын
Ерөнхийлөгчийн араас жагссан байгаа нь мөнөөх “Жижиг нам цаашаа, бие
даагч дээшээ” гэдгийг давхар харуулаад байгаа биз?
Маргааш сонгууль болбол манай улс төрийн байдал нэг иймэрхүүгээр
иргэдийн төсөөлөлд тусч байгааг үүгээр тоймлов.

Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж