Арабын ертөнц дэх хувьсгал

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

Арабын ертөнц дэх хувьсгал

Арабын ертөнцөд хувьсгал өрнөснөөс хойш даруй нэг жил өнгөрөөд байна. Энэхүү нийтлэлээр  юу болж өнгөрсөн талаар дурдахыг хүсэв.

2011 он бол арабын лалын шашинт улс орнуудын хувьд олон хувьсгал хөдөлгөөн, иргэний эрх чөлөө шударга ёсны төлөөх тэмцэл, баяр хөөр, уй гашуу, цус нулимсаар дүүрсэн жил байлаа. Лалын шашиныг төрсөн цагаасаа эхлэн шүтэж өдрийн 5 удаагийн мөргөл мөн “жума“ буюу 5 дахь өдрийн мөргөл үйлддэг ойрхи Дорнод болон Африкийн хойд хэсгээр орших энэхүү лалын шашинт орнуудын хувьд ардчилал хүний эрх гэдэг зүйл бол ойлголтоос гажууд зүйл  санагдана. Олон жилээр нэг дарангуйлагчийн удирдлаган доор дарагдаж цаашид  энэхүү дарлалыг Арабын ертөнцийн ард түмэн тэвчиж чадахаа болих дээрээ тулаад байсан үед….

Туннисийн хувьсгал

2010 оны 10 сард Туннис улсыг урт удаан хугацаанд удирдсан ерөнхийлөгч Зинэ Эл Абидинэ бэн Алигийн эсрэг хөдөлгөөн Сини Боузид хотноо үүссэн. Хөдөлгөөнд оролцогчид сүүлийн 30-аад жилийн өлсгөлөн, ажилгүйдэл, үнийн өсөлт, барааны хомсдлыг эсэргүүцэн, улс төрийн эрх чөлөөг шаардан энх тайван замаар жагсаж байв. Гэвч цагдаа хүчний байгууллагыг Засгийн газар жагсагчдын өөдөөс турхирсан ба мөргөлдөөний улмаас олон арван хүн гэмтэж бэртэж зарим  нь хорвоогийн мөнх бусыг үзүүлэв. Энэхүү хөдөлгөөн нь Туннис эр Мохамэд Боуазизигийн 12-р сарын 17-ны өдөр өөрийгөө галдан шатаасан үеэс улам эрчээ авч, тэмцлийн хэлбэрийг эрчимжүүлсэн ба 2011 оны 1 дүгээр сарын 14-нд ерөнхийлөгч Зинэ Эл Абидинэ бэн Али огцрон Сауди Араб улс руу  дүрвэн гарав. Энэхүү Түннисийн ард түмний ялалт нь ар араасаа цуврах олон хувьсгaлын оч нь болж хувирснаараа түүхэн ач холбогдол бүхий хувьсгал болж чадсан юм.

Египeтийн хувьсгал

Туннисийн хувьсгалаас үлгэр жишээ авсан Египeтийн ард түмэн Twitter Facebook зэрэг олон нийтийн сайтаар дамжуулан Египeтийн  Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Хосни Мубаракыг огцруулах талаар дуу хоолойгоо нэгтгэж байв. Хосни Мубарак нь 29 жилийн турш Египeт улсын улс төрийг тодорхойлж буй нэг ёсны дарангуйлагч юм. Хосни Мубарак гэж хэн болох талаар ойлголт өгөх үүднээс түүний товч намтрыг дурдая.

Хосни Мубарак нь 1928 оны 5-р сарын 4-нд Египeтийн Капр Эл Мэсэлха хэмээх газар мэндэлсэн бөгөөд Сүзанни Мубарактай гэрлэн Амал болон Жамал хэмээх хоёр хүүгийн эцэг болсон. Нисэх хүчний сургуулиас баклаварын зэрэг хамгаалан төгссөн ба 1972 онд нисэх хүчний удирдагч мөн батлан хамгаалах яамны шадар сайдаар томилогдон ажиллаж байв. 1973 онд Израильд хийсэн дайны үеэр агаарын хүчний оролцоо голлох үүргийг гүйцэтгэж байсан нь Мубаракын нэр хүндэд сайнаар нөлөөлж, 1975 онд тэрбээр Египeтийн 3 дахь Ерөнхийлөгч Анвар Садатын дор Дэд Ерөнхийлөгч хүртэл дэвшиж томилогдов. 1981 онд ерөнхийлөгч Анвар Садат нь хэтэрхий Америк болон Израил талуудтай хуйвалдан Арабын ард түмний эрх ашиг, ялангуяа Лалын шашны эсрэг үйл ажиллагаа явуулсан гэсэн үүднээс олон түмний өмнө алагдсанаар Хосни Мубарак түүний байр суурийг эзлэн Египeтийн Бүгд Найрамдах Улсын 4 дэх Ерөнхийлөгч, үндэсний Ардчилсан намын даргаар томилогдов. Түүний энэхүү засаглал нь 29 жилийн турш ганхалгүй үргэлжилсэн билээ.

2011 оны 1 дүгээр сарын 15-аас эхлэн Египeт даяар ялангуяа Александра болон Сариод хотын мянга мянган жагсагчид Мубаракийн дэглэмийг халах гэсэн ганцхан уриалгын дор тайван замаар нэгдэж байв. Энэ олон хүмүүсийг нэгдэн жагсахыг уриалж байсан зүйл бол бид бүгдийн сайн мэдэх Facebook болон twitter зэрэг сайтууд дахь уриалгууд байв. Үүний эсрэг Египeтийн засгийн газар ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй байсан ба 1 сарын 26-нд Египeт даяар интэрнэтийг хаах шийдвэр гарав. Египeтийн бослого улам хүчээ авч жагсагчид нь хоорондоо Мубаракийн тал болоод  эсрэг гэсэн хоёр тал болон хуваагдаж хоорондох мөргөлдөөн хүчтэй өрнөсөн. Хоёр өдрийн дараа буюу 28-нд Мубарак анхны олон нийтэд хандсан мэдэгдэлийг Египeтийн үндэсний телевизээр дамжуулав. Энэхүү мэдээлэлдээ тэрээр одоогийн байгаа Засгийн газрыг огцруулж шинэ Засгийн газар байгуулна гэдгээ амлав. Гэвч жагсагчидын хүсэж байгаа зүйл бол шинэ Засгийн газар бус Мубаракийг Ерөнхийлөгчийн ширээнээс огцруулах явдал байлаа.

2-р сарын 2-нд интэрнэт дахин ажиллаж эхлэв. Олон зуун facebook-чид, twitter-чид өөрсдийн утас камераар  авсан бичлэг зургуудыг олон нийт даяар тарааж байв. 2 сарын 10 нд Мубарак дахин мэдэгдэл хийлээ. Харин энэ удаад тэрээр өөрийн зарим нэг эрх мэдлийг  дэд ерөнхийлөгч Омар Сүлэйман болон сөрөг талын төлөөлөгчидөд өгөх талаар байв. Энэхүү үйл явдал нь босогчдын уур бухимдлыг маш их хүргэсэн ба гэртээ хүлээж суун тэвчихээ больсон олон мянган Египeтийн ард иргэд гудамжинд  нэгдэн цугларч Мубаракийн хийсэн энэхүү мэдэгдэлийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байв. Эцсийн дүнд 2011 оны 2-р сарын 11-нд Омар Сүлэйман нь Хосни Мубаракийг ширээнээсээ огцрох болсон тухай мэдэгдэл хийв. Энэхүү мэдэгдэл нь Египeтийн ард түмний хувьд асар том баяр байсан ба дэлхий нийтэд ялангуяа улс орны Засгийн газар, парламент эрх баригчдад ард түмэн тэдэнд эрх мэдлийг өгч чаддаг бас авч чаддаг гэдгийг харуулсан том жишээ байв. 18 хоногийн турш уйгагүй тэмцсэн Египeтийн ард түмэн санасандаа хүрч чадлаа.

Ливийн хувьсгал

Энэхүү хувьсгал нь цаашид газрын тосоор баянд тооцогдох Ливи улсаар үргэлжлэв. Энэ удаа Хосни Мубаракаас удаан хугацаагаар буюу 40 шахам жил төрийн эрхийг гартаа атгасан, өөрийгөө хаадын хаан хэмээн өргөмжилсөн харгис дарангуйлагч Муаммар Али Каддафын эсрэг боссон Ливичуудын хөдөлгөөн байв. Ливид болсон үйл явдал нь Египетэд болсон шиг тайван замаар бус, анх жагсаал хийсэн 2011 оны 2 сарын 15-аас эхэлсэн жагсагчид болоод хүчний байгуулагын хооронд томоохон мөргөлдөөн гарч эхлэв. Жагсаал хийж буй ард иргэдийнхээ өөдөөс ямарч анхааруулга өгөлгүйгээр хүйтэн зэвсэг ашиглах тушаал өгч байгаа нь энэхүү удирдагч ямархуу харгис хүн болохыг дэлхий дахинд нотолж байв. Муаммар Каддафи 1969 онд цус асгаруулалгүйгээр цэргийн эргэлт хийн  Идрис хааныг ширээнээс нь түлхэн унагааж засгийн эрхийг гартаа авсан. Муаммар Каддафи  Мао Зэдуний алдарт улаан номтой ижил ногоон ном хэмээх тунхаг бичгийг боловсруулсан ба үүндээ капитализм, коммунизм нь боолчлолын нэг хуулбар бөгөөд улс төрийн бүх намууд нь дарангуйлалын нэг хэлбэр мөн хэмээн заажээ. Бүх Ливичууд энэхүү номыг уншсан байх ёстой. Хүүхдүүд хоногт хоёр цаг  энэ номыг судлах шаардлагатай хэмээн айлтгасан байна. Египетийн тухайн үеийн ерөнхийлөгч Гамал Абдэл Нассэрийг  Муаммар багын бишрэн хүндэлдэг байсан нь хоёр улсын хоорондын харилцаанд нааштай нөхцлийг бүрдүүлсэн юм. Каддафи төрийн эрхэнд гарснаар улс төрийн болон эдийн засгийн олон шинэчлэлтийг  улс орондоо хийсэн.

Жишээлбэл: Италийн оршин суугчдыг албадан гаргасан, Христ тооллыг Исламын шашны тооллоор сольсон, Араб Социалист холбоо хэмээх улс төрийн намыг татан буулгасан, хүний тэгш эрхийн байдлыг сэргээсэн, бичиг үсэг мэддэг хүмүүсийн тоо 10-90 хувь болтолоо өссөн,  Ливи улсын уналтад орсон эдийн засаг хурдацтайгаар дээшилсэн зэрэг  сайн талууд гарсан хэдий ч Ливийн ард түмний амьдрал тийм ч сайжирсангүй. Энэ нь цэргийн салбар дахь асар  их зардал болоод хээл хахууль ихэссэнтэй холбоотой байлаа.

1977 онд тэрбээр албан ёсоор ажлаа хүлээлгэн өгч, өөрийгөө бэлэгдэлийн шинж тэмдэг бүхий толгойлогч хэмээн зарласан авч эрх мэдэл түүний гарт хэвээр байлаа. Хээл хахууль түүний засаглалын үед дэлгэрч, Ливи улс нь хамгийн сүүлд буюу 2010  онд хийгдсэн хээл хахуульд өртсөн орны судалгаагаар 2.2 зэрэгтэй байсан нь судалгаанд оролцсон 178 орны 146-д жагсаж байв. Энэ нь Ливи улс хэр их хээл хахуульд өртсөн орон бэ гэдгийг илтгэж буй том нотолгоо юм. 2 сарын 15 нд Бэназид (Ливийн томоохон хотод) болсон жагсаалын гол утга учир нь энэхүү хээл хахууль болон Муаммар Али Каддафийн урт удаан ноёрхолыг түлхэн унагах ардчилсан нийгмийг  тайван замаар байгуулах гэсэн ард түмний нэгдэл байлаа.

Каддафи тэдний өөдөөс гал нээх тушаалыг өгснөөр байдал бишдэж энгийн нэгэн жагсаал цус асгаруулсан зэвсэгт мөргөлдөөн болон хувирав. 2 сарын 15-наас хойш олон тооны мөргөлдөөн гарсан ба 2011 оны 2 сарын 24 нд Засгийн газрын эсрэг цэргийн хүчнийхэн Эсгин хот болох Мисратаг эзэлж авав. Америкийн нэгдсэн улс, Франц, Англи тэргүүтэй томоохон улсууд Ливид болж байгаа хүний эрхийг аймшигтайгаар зөрчиж буй үйл явдлыг эсэргүүцэж байгаагаа олон нийтэд мэдэгдэл хийв. 2-р сарын 26-нд Нэгдсэн Үндэсний байгууллагын аюулгүйн зөвлөл Каддафи болон түүний гэр бүлийг босогчдын эсрэг зэвсэг хэрэглэсэн хэргээр Олон улсын шүүхэд өгөх шийдвэр гаргасан. 3-р сарын 9-нд  Каддафын анхны эсрэг агаарын дайралтыг хийж, 4 сарын 30-нд НАТО-ийн пуужин Триполи дахь Каддафигийн гэрийг устгав. 6-р сарын 27-нд Олон улсын гэмт хэргийн шүүх  нь Каддафи болон түүний хүү Саиф ал Ислмаг хүний эрхийг ноцтой зөрчсөн хэргээр баривчлах зөвшөөрлийг олгов. 7-р сарын 7-нд Каддафи эцсийн дусал цусаа дуустал тэмцэнэ хэмээн олон нийтийн телевизээр зарлав. 8 сарын 21 нд босогчид нийслэл Триполид бага хэмжээний эсэргүүцэлтэй тулгарсан  ч орж ирэв. 9-р сарын 20-нд Америкийн нэгдсэн улсын Ерөнхийлөгч Барак Обама Америкийн элчин сайд Триполи дахь үүрэгт ажилдаа эргэн орж байгааг зарлахын ялдамд Каддафийн хүчнийхнийг бууж өгөхийг шаардсан мэдэгдэл хийж, 10-р сарын 17-нд Каддафигийн хүчнийхний байрлаж байсан газрыг эзлэв. 2011 оны 10 сарын 20-ний өдөр Каддафигийн байрлаж байсан газар руу НАТО-гийн пуужингууд гал нээсэн боловч Каддафи тэр дайралтаас амьд гарч чадсан байна. Гэвч тун удалгүй хэсэг бүлэг босогчид Муаммар Каддафиг баривчлан авсан ба удалгүй түүнийг буудан хороосон юм. Түүний үхсэнийг нотолсон ойролцоогоор дөрвөн гар утасны бичлэг интернетэд цацагдаж, олон зуун Ливичууд түүний үхсэнийг гэрчлэхийн тулд дугаарлан зогсож байлаа.

Ингэж 42 шахам жил ноёрхсон өөрийгөө хаадын хаан хэмээн өргөмжилсөн Муаммар Каддафийн дарангуйлал төгсгөл болсон билээ.

Энэ бүх үйл явдлаас хойш жил өнгөрсөн ч Арабын ертөнцийг доргиосон хувьсгалын үр дүн тодорхой болоогүй л байна. Дэлхийн геополитикт огцом өөрчлөлт авчирсан энэ үйл явдал өнөөдөр судлаачдын хувьд хамгийн сонирхолтой сэдэв болжээ.

З.Даваажав /2012.01.23/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж