
-Танайд нөөцийн махны нийлүүлэлт хэр байна вэ?
-Нөөцийн мах сурагласан хүн их байгаа. Нийлүүлэлт тийм ч хангалттай биш байгаа учир нөөцийн мах ирсэн даруйдаа дуусчихдаг. Нийлүүлж байгаа үйлдвэрт буруу байхгүй болов уу. Хуваарилалт нь харьцангуй доголдоод байх шиг байна. Ер нь борлуулж байгаа газрууддаа тэгш хуваарилах хэрэгтэй шүү дээ.
-Тэгэхээр долоо хоногт хэдий хэмжээний нөөцийн мах нийлүүлдэг юм бэ?
-Мягмар, пүрэв, бямба гараг тус бүрт 120 килограмм орчим нөөцийн мах ирдэг. Энэ нь хэрэглэгчдийн хэрэгцээг хангаж чадахгүй нь ойлгомжтой. Иймд бид нэг худалдан авагчид хоёр уутаас дээш мах худалдахгүй байгаа. Нөөцийн махыг авах эрэлт их бий.
Тус худалдааны төвөөр үйлчлүүлж байсан хэрэглэгч н.Мягмарсүрэнгээс нөөцийн махны талаарх саналыг сонссон юм. Тэрбээр “Өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал энэ жилийн нөөцийн мах өнгө үзэмжийн хувьд сайжирсан байна. Тэгээд сая худалдаж авъя гээд ирсэн чинь дууссан байна. Би Сэлэнгэ аймгийн Хөтөл хотоос ирсэн. Ер нь сумдад нөөцийн мах ирдэггүй. Тиймээс махны үнэ өндөр байдаг. Тэгэхээр орон нутгийн иргэдийг ч гэсэн нөөцийн махаар хангаж байвал сайн. Манай аймгаас хамгийн ойр цэгээс авъя гэвэл Дархан хот орох хэрэгтэй болно. Дархан хотоос зорьж очиж авдаг олон хүн байдаг шүү дээ. Энэ талаар бодолцож үзэхийг хүсэж байна” хэмээв. “Макс” худалдааны төвд ийнхүү нөөцийн махны эрэлт их байх үед “Баянзүрх” хүнсний захад ажиллаж байгаа нөөцийн махны нийлүүлэлт хангалттай байв. Гэвч үйлчлүүлэгчдийн нөөцийн махны чанарт эргэлзэх өмнөх жилүүдийн эргэлзээ арилаагүй байгаа нь харагдлаа. Тус захад “Баатрууд тэнгэр” компани өөрийн нэрийн лангуу нээж иргэдэд нөөцийн мах худалдаалж байгаа юм. Долоо хоногийн зургаан өдөр тус бүр нэг тонн 500-аас нэг тонн 800 килограмм нөөцийн мах нийлүүлдэг. Иргэд хүссэн хэмжээгээрээ худалдан авч болно хэмээн худалдагч нь ярьсан юм.
Нөөцийн махны нийлүүлэлт ялгаатай байгаа талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн О.Уянгаас тодрууллаа.
-Нөөцийн махыг худалдаалж байгаа цэгүүдийн нийлүүлэлт харилцан адилгүй байгаагийн учир юунд байна вэ?
-Тухайн дүүргийн дугаар хороонд бэлтгэн нийлүүлэгч үйлдвэр мах нийлүүлнэ гэсэн хуваарь батлагдсан байдаг. Түүнээс гадна энэ сард тийм хэмжээний мах борлуулна гэсэн сарын хуваарь гэж бий. Энэ сард 1000 тонн мах борлуулна гэж төлөвлөсөн бол хуваариа дахин өөрчлөөд 1500 тонн болгож нэмсэн байх жишээтэй. Хамгийн гол нь хүн амынхаа нягтралаас шалтгаалж, харилцан адилгүй хуваарилдагийг ойлгох хэрэгтэй. Энэ сард борлуулалт маш эрчимтэй нэмэгдэж байна. Нөөцийн махыг иргэд, дэлгүүрүүдийн хүссэн зоргоор нийлүүлэх боломжгүй.
-Иргэд нөөцийн махыг их хэмжээгээр худалдан авах сонирхолтой байна. Ер нь хэдий хэмжээний мах худалдан авч болох вэ?
-Савалгааны хувьд 1-4 килограммаар махаа ууталсан байгаа. Худалдагч нар нэг хүнд хоёроос илүүгүй уут мах борлуулах хэрэгтэй. Яагаад гэвэл, 12 мянган тонн махыг худалдан авагчдын хүссэнээр борлуулбал зургаан сар хүрэхгүй дуусна шүү дээ. Мөн хүртээмж нь багасаж, хэрэглэгчдэд хүрэлцэхгүй болно.
-Нөөцийн махыг гулуузаар нь худалдана гэсэн яриа гарсан. Энэ үнэн үү?
-Тийм ээ. Бид энэ сарын 27, 28-ны өдөр нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. Гэхдээ бүх цэгээр биш, нэг дүүргийн хоёр цэгт л худалдаа хийнэ. Энэ үеэр иргэд гулууз мах худалдан авч болно.
-Иргэдийн зүгээс ямар нэг санал гомдол гарвал хэнд хандах вэ?
-Чанарын хувьд сайжирсан гэж ойлгож байгаа. Савлагаанд 30 хувь нь ястай байна гэсэн жишгийг мөрдөж савладаг. Хэрэв иргэдэд санал гомдол байвал харьяа дүүргийнхээ үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэст, эсвэл Монголын махны холбооны дүүрэг хариуцсан байцаагчид хандаж болно.
"Улс төрийн тойм" сонин
