Манай сонины Нийслэлийн нийтийн тээврийн газартай хамтран зохион байгуулсан хэлэлцүүлэг өчигдөр сонины редакцид боллоо. Хэлэлцүүлэгт Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга П.Наранцэцэг, Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Булгаа, Нийтийн тээврийн газрын орлогч дарга Ч.Энхсайхан, Захиргааны албаны дарга Г.Лхагва-Очир, Диспетчерийн албаны дарга Г.Доржпалам, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ж.Дамдинсүрэн, тэргүүн Ц.Пүрэвсамбуу нар оролцлоо. Тус арга хэмжээний үеэр манай сэтгүүлчдийн тавьсан асуултад холбогдох мэргэжилтнүүд хэрхэн хариулсныг тоймлон хүргэж байна.
-Нийслэлийн нийтийн тээврийн газар өнгөрсөн онд хэр үр дүнтэй ажилласан талаар ярихгүй юү?
Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга П.Наранцэцэг:
-2011 он бол манай газрын хувьд нэлээд бүтээн байгуулалт ихтэй, шийдэх шийдвэрлэх асуудал олонтой жил болж өнгөрсөн. Жишээ нь, мэргэшсэн жолооч бэлтгэх ажлын эхлэл тавигдсан. Такси үйлчилгээний найман зогсоолтой боллоо. Том оврын автобусны зургаан чиглэлийг шинээр гаргасан байгаа. Тусгай замын автобусны үйлчилгээ нэвтрүүлэх техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж хөрөнгө оруулалтын санамж бичигт гарын үсэг зурах гээд нэлээд ажлын ахицтай жил болж өнгөрлөө. Тухайлбал, 403 такси тээврийн хэрэгсэл шинээр үйлчилгээнд гарсан. Энэ хэрээр 716 ажлын байр шинээр нэмэгдсэн гээд олон ажлуудыг хийлээ. Түүнчлэн энэ ондоо ч томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Жишээ нь, Улаанбаатар хотын тогтвортой тээврийн стратегийг боловсронгуй болгох, шинээр ашиглалтад орж буй орон сууцны хорооллуудын иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа. Улаанбаатар хотыг метротой болгох үүднээс метроны зам тавих ажлыг судалж байна. Цаашид хөрөнгө оруулалт хийх ажлуудыг эхлүүлнэ.
-Шатахууны үнэ өссөнтэй холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээний тариф өснө гэсэн айдас иргэдийн дунд байна. Энэ тал дээр ямар тайлбар хийх вэ?
Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга П.Наранцэцэг:
-Нийтийн тээврийн үйлчилгээний тарифт өөрчлөлт орох асуудал яригдахаас өөр аргагүй байдалд ороод байна. Дизель түлш 1700 байхад 536 төгрөгөөр нэг хүн зорчиж байж бид алдагдалгүй ажиллах тооцоо хийгдэж байсан. Гэтэл 1880 болон өсөөд байгаа түлшний үнээс хамааран нэмэх шаардлагатай байгаа. Үүнээс болоод бид нэг өдөрт 25 сая төгрөгийн алдагдалтайтай ажиллах болсон. Энэ нь иргэд болон бидэнд ч айдас төрүүлсэн асуудал болоод байгаа юм. Гэхдээ одоогоор нийтийн тээврийн үйлчилгээний тарифт өөрчлөлт орно гэсэн зүйл алга.
-1996 оноос хойш микроавтобус үйлчилгээнд явах болсон. Хууль бус тээвэрлэлт буюу хулгайн гэх замаар, үнийг дур мэдэн нэмэх микро автобусынхантай ямар хариуцлага тооцох вэ?
Авто тээврийн газрын улсын байцаагч Ч.Болд:
-Нийтийн тээврийн үйлчилгээг хүргэж байгаа том оврын автобуснаас гадна микро гэх зориулалтын бус тээврийн хэрэгслээр үйлчилж байгаа. Энэ нь аль болох том оврын автобус явах боломжгүй замаар явдаг, дураараа үнэ хөөргөддөг асуудал байнга гардаг. Ялангуяа “Зүүн салаа” чиглэлийн микро автобусууд дураараа үнэ өсгөдөг нь хэд хэдэн удаагийн шалгалтаар илэрч цагдаагийн байгууллагаас эрхийг нь хасах, манай зүгээс нийтийн тээвэрт үйлчлэх эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авсан. Энэ мэт маш олон зөрчлийг цаг алдалгүй шийдвэрлэхийг хичээн ажилладаг.
-Нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нарын гомдол чирэгдэл их байдаг. Настай хүн жолоо барих, зүй бус харьцах, бүрэн бууж суугаагүй байхад хөдлөх гэх мэтийн гомдол тасардаггүй. Тэгвэл нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нарыг бэлтгэх тал дээр ямар бодлого барьж ажилладаг вэ?
Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга П.Наранцэцэг:
-Мэргэжлийн жолооч бэлтгэх мэргэшүүлсэн сургалтыг 2011 он дөрөвдүгээр сараас эхлэн автобус I, III болон “Цахилгаан тээвэр” НӨҮГ-т бэлтгэж эхэлсэн. Гэвч жолооч болох сонирхолтой хүн тун ховор байна. Бид нийтийн тээврийн ангилал, хүн тээвэрлэхэд сургаад өгье гэхэд орох хүн бага байна. Учир нь хүн тээврийн жолооч гэдэг маш хэцүү ажил. Тасралтгүй 12-14 цаг нэг ч сэрэмж алдахгүй хөдөлгөөнд оролцсон ямар ч сайн мэргэжилтэнд ядрах, сульдах, хөдөлмөрлөх чадваргүй болох нь бий. Тиймээс ээлжээр жолооч нарыг ажиллуулах гэхээр мэргэжилтэн ховор байна. Төрөөс сургалтын төлбөрийг нь дааж мэргэжилтэн бэлтгэх асуудал яригдаж байгаа. Мэргэшсэн ангилалтай жолооч нарт ажлын орон тоо хангалттай байгаа.
Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ж.Дамдинсүрэн:
-Жолооч болох хүсэлтэй хүн тун ховор. Учир нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд жолооч нар ажилладаг.
-Нийтийн тээврийн үйлчилгээний хүлээлгийн хугацаа хэдэн минут байх ёстой вэ?
Нийслэлийн нийтийн тээврийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Булгаа:
-Манай газраас гаргасан төлөвлөлтийн дагуу 6-8 минут, алсын зайн шугамдаа 8-11 минут хүлээх ёстой байдаг. Гэхдээ нийтийн тээврийн бодлого зохицуулалтаас хамаарахгүй хүчин зүйлийн нөлөөгөөр өөрөөр хэлбэл замын нягтрал, түгжрэлээс шалтгаалан удах тохиолдол байгаа. Энэ нь давагдашгүй хүчин зүйл болоод байна. Жил бүр 30 гаран мянган машин шинээр замын хөдөлгөөнд оролцож байна. Энэ нь нягтралыг нэмэгдүүлэх сөрөг үр дагавартай байгаа. Харин үүний эсрэг нийтийн тээврийн хэрэгслийн үйлчилгээг сонгон үйлчлүүлж байгальд болон замын нягтралд эерэгээр нөлөөлж байх хэрэгтэй.
-Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал гомдол их гардаг. 24 цагийн нээлттэй утсаа бараг авдаггүй. Асуудлыг газар дээр нь шийдэх зорилгоор зам дээр ажиллаж байгаа байцаагч нарын утсыг өгч болдоггүй юмуу?
Авто тээврийн газрын улсын байцаагч Ч.Болд:
-Нийтийн тээврийн үйлчилгээнд бага, дунд оврын үйлчилгээтэй холбоотой санал гомдлыг манайхан 24 цагийн гурван утсаар нээлттэй авдаг. Гэхдээ энэ нь нэг сая гаран хүн амтай өдөрт 820 том оврын бага оврын 794 автобус, 658 такси, нийтдээ 2272 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд ордог болохоор санал гомдол тасардаггүй. Тэр болгонд 24 байцаагч ажилладаг. Жишээ нь, 7000 зөрчлийн 40 хувь нь хулгайн тээвэр буюу микро автобустай холбоотой байдаг. Үүнийг цаг алдалгүй шийдвэрлэн ажилладаг. Үүнээс гадна манай иргэд өөрсдөө хог их хаях болон соёлгүй үйлчлүүлэх асуудал их байдаг.
Иргэдийн төлөөлөл Чингэлтэй дүүргийн оршин суугч, өндөр настан Д.Лувсандэлэг:
-Нийтийн тээврийн үнэ тарифыг хаанаас тогтоодог юм бэ. Нийслэлийн нийтийн тээврийн газарт хэн хяналт тавьдаг вэ. Буудлуудад чиглэлийн тухай мэдээлэл байдаггүй энэ талаар тодруулж өгөөч?
Тээврийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Булгаа:
-Нийтийн тээврийн үнэ тарифыг шударга бус өрсөлдөөний холбоо, мэргэжлийн байгууллагууд хянан тогтоосны дагуу үнийн асуудал яригддаг. Нийт үйлчлүүлж байгаа хүмүүсийн 52 хувь нь үнэгүй зорчих эрхтэй байдаг. Жишээ нь, оюутан, цагдаа, тахир татуу иргэд, тэтгэврийн хүмүүс хамаарагддаг. Нийслэлийн нийтийн тээврийн газарт нийтийн тээврийн хяналт хэрэгжүүлэгч байцаагчид ажилладаг. Манай газар үнийн тарифаа тогтмол байлгахыг хичээн ажиллаж байна. Засгийн газрын тогтоол шийдвэрийн дагуу үнээ тогтмол барьж байгаа. Үндсэндээ нийтийн тээврийн үйлчилгээ төрийн үйлчилгээ юм шүү дээ. Хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчлийг Авто тээврийн газрын улсын байцаагчид хянан ажилладаг. Тэд улсын мэргэжлийн хяналтаа тогтоох ажлыг хийдэг. Мөн буудлуудын мэдээллийг сайжруулах тал дээр багагүй ажил хийгдэж байна.
-Нийслэлийн нийтийн тээврийн газрын захиргааны алба чухам юу хариуцдаг вэ?
Захиргааны албаны дарга Г.Лхагва-Очир:
-Төр захиргааны бодлогыг салбарын хэмжээнд хэрэгжүүлэх ажлуудыг хариуцдаг. Улаанбаатар хот нийтдээ 440 гаруй км замтай байхад нийтийн тээврийн автобус 4400 орчим км урт сүлжээгээр зорчдог. Үүнээс үүдэн замын хөдөлгөөний нягтрал үүсэхээс өөр аргагүй байдалд хүрдэг. Замын асуудалд бид энэ замыг хүлээж авахгүй нийтийн тээврийн автобус явах боломжгүй гэсэн оролцоо байдаггүй. Манай газар ажлын коммист нь оролцдоггүй, гэхдээ бид оролцох тухай саналаа хүргүүлээд байгаа.
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл албан ёсоор ороогүй байна. 2012 оны төсвийн тодотголоор арван мянган хүнийг нэмэх тухай яригдаж байгаа. Үйлчилгээний цагийг нэг цагаар сунгасан нь ажилчдын хөдөлмөрийн цагийг сунгасан.
-Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ж.Дамдинсүрэн:
-Бид ирээдүйгээ харж төлөвлөж байж ажлуудаа хийх хэрэгтэй. Нийтийн тээврийн газрын бүтэц нүсэр том, түүнийгээ дагаад ажлуудаа маш удаан хийдэг. Энэ нь эргээд иргэдэд хүндрэл чирэгдэл учруулдаг. 20-30 жилийн юмыг яриад байх юм гэхдээ 2-3 сарыг ярихгүй байна. Нэг буудал дээр 3-4 автобус зогсоно. Цагдаа эрхийг нь хасдаг. Х.Булгаа дарга төлөвлөхдөө нэгдүгээр эгнээг чөлөөлнө гээд байгаа. Энэ нь боломжгүй байх аа.
Нийтийн тээврийн газрын орлогч дарга Ч.Энхсайхан:
-Бид төрийн бодлогыг иргэддээ зөв зохистой хүргэх тал дээр хичээнгүйлэн ажилладаг. Ямар нэгэн асуудалд буурь суурьтай хандан ажиллах нь зөв. Манай газрын асуудлыг сайн мэдэхгүй байж дур мэдэн ярих хэрэггүй. Улаанбаатар хотод албан ёсны мэдээллээр өдөрт 150-200 мянган хүн үйлчлүүлж байдаг. Өдөрт нэг автобус мянган хүн тээвэрлэж байвал норматив гэсэн үг.
Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны тэргүүн Ц.Пүрэвсамбуу:
-Хотын нийтийн тээврийн үйлчилгээг нийтийн тээврийн газар дангаараа хүрэлцэж үйлчлэхгүй байгаа. Тиймээс ойрын ирээдүйд метро болон бусад тээврийн үйлчилгээг сайтар судлан хэрэгжүүлэх нь зүйтэй. Автобусны компануудыг хувьчилсан нь одоогоор үйлчилгээний 30 хувийг дангаараа хариуцан явж байгаа.
Диспетчерийн албаны дарга Г.Доржпалам:
-Манай үнэ тарифын хувьд өөрчлөлт орохгүй байгаа. 1780 төгрөг байсан дизель түлш 240 төгрөгөөр нэмэгдээд өдөрт 25 сая төгрөгийн алдагдал хүлээн ажиллаж байгаа нь иргэдэд үйлчилгээг таслахгүй хүргэх зорилгын нэг болоод байна. Гэхдээ энэ тоо шатахууны үнэ 1830 болсноор багасч байгаа юм.
Тээврийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Булгаа:
-Нийтийн тээврийн үйлчилгээ замын нягтрал бөглөрөлтэй холбоотойгоор санал гомдол их байгаа. Зарим гудамжинд зөвхөн нийтийн тээвэр явах, тусгай зам талбай гаргах гэх мэт судалгааг хийж байна. Зарим хотод зөвхөн нийтийн тээвэр, түргэн тусламжийн үйлчилгээ, онцгой албадын тээврийн хэрэгсэл явдаг замтай байх жишээтэй. Үүнийг ч бас бид эх орондоо бий болгох талаар судалгаа хийж байна.
-Монголын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Б.Галаарид:
-Манайдаа метро барих асуудал бол цоо шинэхэн хэрэг. Тиймээс судалгаа шинжилгээ эрдэмтдийн санал асуулгыг маш сайн авах хэрэгтэй. Бид түүхэндээ метротой болох анхны гараагаа эхлүүлээд байгаа Нийслэлийн нийтийн тээврийн газрын хамт олонд цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.
Ийнхүү Нийтийн тээврийн газрын хамт олонтой хийсэн хэлэлцүүлэг өндөрлөсөн юм.
Б.САРАНЦАЦРАЛ
"Нийслэл таймс" сонин
