Өсөн нэмэгдэх роялтийн шатлалыг бууруулахыг компаниуд хүслээ

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Өсөн нэмэгдэх роялтийн шатлалыг бууруулахыг компаниуд хүслээ

Гэнэтийн ашгийн татварыг ирэх  2011 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн тэглэнэ. Жилийн турш улсын төсөвт нэг их наяд орчим төгрөгийг төвлөрүүлдэг энэхүү татварыг тэглэснээр орон зайг нь юугаар нөхөх талаар Сангийн яам болоод Засгийн газар тоо бодож эхэлжээ. Энэхүү бодлогын хариуг улсад ашигтай байлгахад татварын албаны оролцоо их байх нь мэдээж. Бодлогын анхны хувилбарыг  өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт Засгийн газарт танилцууллаа. Засгийн газраас дэмжлэг авсан “Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт” чухам юу байв гэдэг талаар Сангийн сайд С.Баярцогт “Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг тэглэх шийдвэр гаргасны дараа олон хүн энэ асуудлыг хөндсөн. Тиймээс Сангийн яам төрөл бүрийн судалгаа хийлээ. Үнэ өссөн үед авдаг татваруудаас хамгийн энгийн, ойлгомжтой, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нь өсөн нэмэгдсэн роялти. Манай улсын хувьд бүх роялти “Ашигт малтмалын тухай хууль”-аар борлуулалтаас авдаг таван хувь байгаа. Харин энэ төслөөр бүх төрлийн ашигт малтмал дээр нэмж таван хувийн роялти тавих юм. Таван шатлалтай байх татвар нь үнэ өсөх тутам тодорхой хувиар нэмэгдээд явна гэсэн үг” хэмээн тайлбарлаж байна.
 Ашигт малтмалын хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөөс харахад өсөн нэмэгдэх роялти нь  эрдэс баялгийн төрөл бүр дээр өөр өөр байх ажээ. Тухайлбал, зэсийн баяжмалын үнэ 5000 ам.доллар хүртэл байхад одоогийн таван хувиараа байна. Харин 6000 ам.доллар хүрэхэд роялти зургаан хувь, 7000 ам.доллар болон өсвөл роялти долоон хувь, 8000-д найм, 9000 хүрэхэд есөн хувь байх юм. Харин нэг тонн зэсийн үнэ 9000 ам.доллараас дээш болвол роялтиг 10 хувиар тавихаар төсөлд тусгажээ. Алтны хувьд  унци нь 900 ам.доллар хүртэл үнэтэй байхад роялти нь таван хувь байх ажээ. Харин 900 ам.доллараас 100 доллараар өсөхөд зургаан хувь болгох зэргээр нэмэгдүүлэх юм. Харин унци алт 1300 ам.доллараас дээш үнэтэй болвол роялтийн хэмжээ дээд хэмжээндээ хүрэх буюу 10 хувь болгохоор төсөлд тусгасан байна.
Ашигт малтмалуудын дотор үнийн хувьд хамгийн тогтворгүй, дотоодын баримталдаг үнэ ч гэж байдаггүй нэгэн эрдэс  баялаг нь нүүрс юм. Тиймээс нүүрсний үнийг хоёр янз байхаар төсөлд тусгажээ. Түүхий нүүрсний үнэ тонн нь 25 хүртэл ам.доллар байхад роялтийг таван хувиар, 35 ам.доллар бол зургаан хувь, 45 ам.доллар байхад долоон хувь  гэх мэтчилэн шаталж яваад 65 ам.доллараас дээш гарвал 10 хувийн татвар авах ажээ. Боловсруулсан нүүрсний тухайд 100 ам.доллар байхад таван хувийн роялти  аваад, 130 ам.доллар болоход нэмж нэг хувийн роялти тооцно. Харин тонн нь 210 ам.доллараас дээш гарвал нөөц ашигласны төлбөрийг 10 хувиар тооцож авах нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон байна. Энэхүү өөрчлөлтийг УИХ энэ хэвээр батлах аваас бүх төрлийн ашигт малтмалаас найман хувийн роялти авахуйц үнэ ханш өдгөө үйлчилж байна. Тиймээс роялтигийн хэмжээ даруй гурван хувиар өсч, улсын төсвийн орлого 80 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн тооцоог ч Сангийн яам гаргаж амжжээ. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуудаг хэн бүхний анхаарлыг татсан өсөн нэмэгдэх роялтийн асуудлаар өнгөрсөн долоо хоногийн баасан гариг буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Монголын уул уурхайн ассоциацаас уулзалт зохион байгуулсан юм. Уулзалтад УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, С.Оюун нар оролцож, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөлөлтэй уулзсан. “Хэдийгээр Сангийн сайд төслөө боловсруулахдаа уул уурхайн компаниудын саналыг тусгасан гээд байгаа боловч үнэндээ бидний санал энэ төсөлд огт багтсангүй. Дэлхий нийтийн жишигт өсөн нэмэгдэх роялтийг хэрэглэдэг нь үнэн. Улсын төсөвт ч нэмэр хандив болох магадлалтай боловч роялтийн хувь хэмжээний шатлалыг  бүхэл бүхлээр бус 0.5 хувиар өсөн нэмэгдүүлээч гэсэн саналыг бид гаргасан” хэмээн уул уурхайнхан эрхэм түшээдэд дуулгаж байсан. Нэг хувийн роялти гэдэг сонсоход бага мэт боловч компаниудад бол бага биш ачаа болно гэдэгтэй тэд санал нэг байлаа. Хамгийн гол нь роялтийг үндэслэл муутайгаар гэнэт  нэмэгдүүлвээс уул уурхайн компаниуд нийгмийн асуудлыг шийдэх  болон байгаль орчин, хүмүүнлэгийн чиглэлд зориулдаг хөрөнгө мөнгөнийхөө хэмжээг бууруулахад хүрнэ. Ингэснээр эцсийн хохирол эргээд л монголчууд бидний толгой дээр бууна гэдгийг сануулж байлаа. Харин УИХ-ын гишүүдийн хувьд одоогоор хуулийн төслийг  Засгийн газрын хэмжээнд хэлэлцэж байгаа тул ямар нэгэн шийдтэй хариу хэлэх боломжгүй байгаагаа учирлав. УИХ-д өргөн барьсан үед нь нарийвчлан танилцаж байж энэ талаар дахин уулзъя гэсэн болзоогоор уул уурхайнхны гомдол бухимдлыг түр намжаасан. Ашигт малтмал ашигласны төлбөр буюу роялтийг дагалдан яригдсан бас нэгэн зүйл бол орон нутгийн төсөв зарцуулалт байлаа. Уул уурхай их хэмжээгээр хөгжсөн зарим аймаг сумдад роялтигаас багагүй хэмжээний хөрөнгө төвлөрдөг хэдий ч түүнийгээ захиран зарцуулах эрх нь байдаггүйгээс роялти улсын төсөв рүү татагддаг. Хуулинд зааснаар бол роялтийн нийт төлбөрийн 13 хувь нь тухайн сумандаа, 20 хувь нь аймагт орж байх ёстой. Гэтэл сум, аймгийн зарцуулах хөрөнгийн хэмжээнд хязгаар тавьснаас болж хөдөө орон нутаг хөгжихгүй, хөгжил цэцэглэлтгүй газарт хүүхэд залуус нь тогтохгүй байгаа талаар уулзалтад оролцогчид санал хэлж байсан.
Түүнчлэн роялтийг үнэ ханшаас нь шалтгаалан өсөн нэмэгдүүлэхэд хамгийн ихээр маргаан дэгдээх магадлалтай нь нүүрсний салбарынхан. Учир нь манай улс өнөөг хүртэл нүүрсний жишиг үнийг тогтоож чадаагүй.  Хятадын зах зээл дээрх үнийг дагаж мөрдсөөр ирсэн нь шударга биш гэдгийг нүүрс экспортлогчид хэлж байлаа. Дэлхийн хэд хэдэн оронд нүүрсний биржийг байгуулах гээд бүтэлгүйтсэн нь энэ салбарт үнэ ханш хэлбэлзэлтэйг илтгэнэ. Тиймээс манайхан хамгийн ойр хөрш ӨМӨЗО-ны ханш болон Чайналкогийн үнийг дагаж мөрдөж байгаа юм. Гэтэл энэ үнэ дотоодын компаниудад алдагдалтай, хятадын талд ашигтай болчихоод байгаа ажээ. Хятадууд уг ханшид тээврийн зардал болон нэмэгдсэн өртгийг шингээсэн байдаг гэж мянга учирлаад ч төр төмөр нүүрээ харуулсаар байгаа гэнэ. Дээрээс нь нүүрсний роялтийн босгыг 25 ам.доллараас эхлүүлж байгааг 35 ам.доллар болгон нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн саналыг нүүрс олборлогч, экспортлогчид УИХ-ын гишүүдэд дуулгасан. Монголын Уул уурхайн ассоциацаас зохион байгуулж буй уулзалт ярилцлага нэг удаагийнх биш бөгөөд дараа дараагийн удаа ч мөн тус салбарынхны анхаарлыг татсан, тулгамдсан, шинэ тутам олон асуудлаар үргэлжилнэ гэж ассоциацийн зүгээс амлаж байлаа.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж