
Нүүрсний салбарын чиг хандлага, хөгжлийг тодорхойлох “Coal Mongolia” хоёр дахь удаагийн чуулга уулзалт, үзэсгэлэнд оролцохоор одоогийн байдлаар гадаад, дотоодын 250 гаруй аж ахуй нэгжийн 750 гаруй хүн бүртгүүлээд байна. Тус чуулган нь хоёрдугаар сарын 2, 10-ны өдрүүдэд “SS convention” төвд болох юм. Хөтөлбөрийн тухайд өөрчлөлт гарсан бөгөөд Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны зам тээврийн газрын Б.Махбал даргын оронд тус яамны нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ илтгэл хэлэлцүүлэхээр болсон байна. Өмнө нь төрийн байгууллагын төлөөллүүдийг нийтэд нь Засгийн газрын цаг хэмээн тусгасан байсан бөгөөд одоо төрийн болон төрийн бус байгууллагын, салбар салбараас ямар лидерүүдээс хэн оролцох нь тодорхой болжээ. Ингэснээрээ улс төржсөн үйл ажиллагаа бус, бүхий л бололцоо нөхцлөөр хангагдсан, цэвэр бизнесийн уур амьсгалтай чуулган болох тухай зохион байгуулагчдын зүгээс онцолж байна.
Уг чуулга уулзалтын зар сурталчилгааг хэвлэл мэдээллийн хүчирхэг хэрэгсэл болох “Bloomberg” телевизээр оны гарахын өмнө буюу 11 дүгээр сарын сүүлчээс эхлэн хоёр сарын хугацаанд цацсаар байна. Мөн чуулга уулзалтын үеэрх бэлтгэсэн бичлэг бүхий нэвтүүлгийг тус телевизээр цацах гэнэ. “Coal Mongolia” чуулга уулзалтын эхний өдрийн хөтөлбөрийн тухайд гадаад дотоодын оролцогч, төлөөлөгч нар “Нүүрсний салбарын өнөөгийн байдал, чиг хандлага, Нүүрсний зах зээл ба Монголын өрсөлдөх чадвар “Эрчим хүчний нүүрс-хөрөнгө оруулалтын төслүүд, техник, технологи,байгаль орчин” цогц сэдвээр илтгэл хэлэцүүлэх юм байна. Дараагийн өдөр буюу хоёрдугаар сарын 10-ны өдөр Коксжих нүүрс- хөрөнгө оруулалтын төслүүд, техник, технологи,байгаль орчин”, Салбарын лидерүүдийн хэлэлцүүлэг “Монголын нүүрсний салбарын хөгжил, сорилт ба боломжууд” сэвдээр хэлэлцэх ажээ.
У.Болор