Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигчийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигчийг дэмжлээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хурлаар Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч Н.Хүрэлбаатарыг 90 хувийн саналаар дэмжлээ. Ганцхан гишүүн С.Эрдэнэ түүнийг дэмжихээс татгалзсан юм. С.Эрдэнэ гишүүн “Н.Хүрэлбаатар бол улс төрөөс ангид төрийн албан хаагч хүн. Ажлаа сайн мэддэг, мэргэжлийн энэ шилдэг сайн хүнийг яагаад ажлаас нь хөндийрүүлж сайд болгох гэж байгаа юм бэ. Ерөнхий сайд энэ хүнийг шагнаж байгаа юм уу. Сайн хүнийг мэргэжлийн ажлаас нь хөндийрүүлэх ёсгүй. Чухал ажилтай хүнийг татаж авах хэрэг байсан юм уу. Төрийн нарийн бичгийн дарга хүн сайдаасаа чухал шүү” гээд АН-ын С.Ламбаа сайд өнгөрсөн гурван жилд ямар ажиллаж байсныг асуув.

Ерөнхий сайд С.Батболд “Салбараа сайн мэддэг хүнийг төрийн албанаас нь хөндийрүүлж яагаад сайд болгох гээд байна гэхээр гайхаад байна. Эрүүл мэндийн салбарт салбараа сайн мэддэг, мэргэжлийн хүн сайд байх ёстой гэж олон нийт үздэг. Яагаад сайн хүн тавьж байгаа юм. Шагнал юм уу гэхээр гайхаж байна” гэж байлаа.

Сайдад нэр дэвшигч Н.Хүрэлбаатар өнгөрсөн хугацаанд сайд асан С.Ламбаа сайн ажиллаж мөрийн хөтөлбөрийг 91,8 хувиар биелүүлснийг хэлж байлаа. Эрүүл мэндийн салбарынхан 2012 оныг эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын жил болгон зарласан. Монголын иргэд эрүүл мэндээсээ болж ядуурч, эмзэг бүлэгт шилжих ёсгүй. Мөн эмч, эмнэлгийн ажилтан ажлынхаа үр дүнгээр цалинжих ёстой гэсэн зарчим барьж ажиллахаар болсноо танилцууллаа. Гишүүн Д.Дондог оношлогооны төв байгуулах ажлыг түргэтгэх, эмч нарын мэргэжил дээшлүүлэхэд анхаарах, нийгмийн асуудалд нь санаа тавих, эмийн эргэлтийн сантай болгох зэрэгт анхаарах хэрэгтэйг захиад асрагч, сувилагчаас ажлаа эхэлж эрдэм шинжилгээний ажил хийж, төрийн нарийн бичгийн дарга болтлоо зүтгэлээрээ дэвшсэн Н.Хүрэлбаатарыг дэмжихгүй байх үндэслэл байхгүй гэж байлаа.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж