Facebook-ийн хэрэглэгчид өөрийгөө голох синдромын урхагтай

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

Facebook-ийн хэрэглэгчид өөрийгөө голох синдромын урхагтай

Utah Valley Их сургуулийн социологич Грейс Чоу (Grace Chou), Николас Эдж (Nicholas Edge) нар Facebook-ийн хэрэглэгчдэд ажиглагддаг сэтгэл хямралын нэгэн хэв шинжийн илрэлийг судалж, үр дүнгээ Cyberpsychology шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлжээ. Тэд өөрсдийн “Тэд надаас илүү бөгөөд жаргалтай амьдардаг: бусад хүний амьдралыг тусгахад Facebook нөлөөлөх нь” нэртэй төсөл боловсруулсан байна.

Санал асуулгад оролцсон 425 оюутанд амьдралынх тухай, найз нөхөд болон танил талуудтайгаа хэрхэн харьцдаг, танихгүй хүмүүсийн амьдралын тухай мэдээллийг хэрхэн хүлээн авдаг тухай асуултуудыг тавьжээ. Судалгаанд хамрагдсан хүн болгон Facebook-ийг хир давтамжтай хэрэглэж, хичнээн хугацаа зарцуулж, чухам ямар үйлдэл хийдэг талаарх мэдээллээ судлаачдад өгсөн байна.

Судалгааны үр дүнгээс харахад, Facebook-т их хугацаа өнгөрүүлдэг хүмүүс бусдын амьдрал өөрийнхөөс нь илүү бөгөөд сонирхолтой гэж тооцох хандлага түлхүү болох нь ажиглагдсан байна. Нөгөөтэйгүүр, “найзын” жагсаалтандаа зөвхөн өөрийн танил хүмүүсийн бүртгэлийг багтаасан хэрэглэгчид Facebook-т хир хугацаа зарцуулдагаасаа үл хамааран сэтгэлийн хямрал болон өөрийгөө голох хам шинжид бага өртдөг нь тогтоогджээ.

Нийгмийн сүлжээнүүдэд удаан хугацаанд байдаг хүмүүс бодит амьдрал дээр хүмүүстэй нүүр тулахаас зайлсхийж хийсвэр орчинд харилцахыг илүүд үздэг болдог байна. Ингэхдээ тэд бодит амьдралд ойр оршдог хүмүүс илүү аз жаргалтай гэдэгт итгэлтэй байдаг юм.

Ингэснээр, судлаачид өөрийгөө голох хэв шинж болон нийгмийн сүлжээний хооронд шууд холбоо байгааг тогтоож чадсан байна. Facebook-ийн хэрэглэгчдийг хийсвэр харилцааг чадах чинээгээрээ аль болох бодит амьдралаар солихыг судлаачид зөвлөжээ.

Эх сурвалж: online.liebertpub.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж